“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг ээ, Заг сумын иргэд, малчдыг тайван байлгаач

olloo_mn_1540261862_заг1Хүнд ханаж цаддаггүй их шунал, хүсэл гэж байдаг бололтой. Худалдаа хөгжлийн банкны 99 хувь, Улаанбаатар банкны 91 хувийг эзэмшдэг, олон компани хөрөнгөтэй, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд хүртэл нэр орж элдэв асуудал дагуулаад байсан “сахал” хочит Д.Эрдэнэбилэг ээ, та Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийг айх аюулгүй, амар тайван байлгаж, газар нутгийг нь бүрэн бүтэн үлдээж өгөхийг хүсье.

Таны алт олборлох “Централ Эшиа Майнинг” компаниас чинь болоод малчид, иргэд бүтэн нойртой ч хонож чадахгүй зовж зүдэрч байна. Эцэг өвгөдөөс элэнц үеийн үүх түүхтэй газар нутгаа ухуулж төнхүүлэхгүй гэсэндээ нутгийн иргэд хэний ч оролцоогүйгээр хууль бус компанийн тань үйл ажиллагааг хүчээр зогсоов. Гэхдээ бүр биш  түр хугацаатай.

Нутгийн удирдлагууд болон салбарын яамнаас нь газар ухаж, алт олборлох зөвшөөрөл олгосон хэмээн компанийн удирдлагууд даналзаж байгаа ч Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу иргэд эрхээ эдлэж тэмцэх ёстой. Яагаад нутгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй байхад та ухах гэж улайран дайрч, иргэд малчдын амар тайван байдлыг алдагдуулж байгаа юм бэ.

Аргаа барсан иргэд, малчдад хандаагүй газар, хаалгыг нь татаагүй байгууллага гэж байхгүй. Бүр сүүлдээ шүүхийн байгууллагад заргалдахаар гомдол гаргасан байна. Тэдэнд газар нутаггүй болохоос гадна уух усгүй, малын бэлчээргүй болох аюул тулгараад байгаа ойлгооч.

Сар сарын зайтай хэвлэлийн бага хурал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн ч дийлэхгүй хүчрэхгүй байна. Амжилт олохгүй байна. Ардын уран зохиолчоос эхлээд газар шорооныхоо төлөө тэмцэхэд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн олон хүний үгийг сонсч, ойлгосон болов уу, Д.Эрдэнэбилэг гэгч хөрөнгөтэй хур баян.

Тухайлбал, “Загийн гол” хөдөлгөөн, “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, “Ардын заргын товчоо” ТББ-аас Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Централ Эшиа Майнинг” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл хийсээр байгаа. Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багийн Их булагт “Централ Эшиа Майнинг” компани 411 га талбайд ашигт малтмалын MV-12197 тоот тусгай зөвшөөрөл авч, алт олборлохоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнийг эсэргүүцсэн нутгийн иргэд хоёр жилийн турш тус компаний эсрэг тэмцсээр өнөөдөр үйл ажиллагааг нь зогсоосон байдалтай байна.

Д.Эрдэнэбилэгийн шунал хэзээ барагдах вэ

“Ардын заргын товчоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Зоригтбаатар “Централ Эшиа Майнинг” компани нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэгийнх. Тэрбээр “Монголын тэргүүн баян гэдэг юм билээ. Энэ эрхэм уг нь Баянхонгороос гаралтай юм шиг.

Түүний эзэмшлийн “Централ Эшиа Майнинг” компани Байдрагийн голын эхийг ухсанаас ус нь татарч ширгэхдээ тулаад байна. Одоо болохоор түүнээс 20 км-ийн зайтай Загийн голын эхийг ухах гэж байна. Тиймээс “Д.Эрдэнэбилэг та нутгаа битгий ухаач ээ, уул усаа хайрлаач ээ, өвөг дээдсийнхээ булш, бунхан, хиргэсүүр орсон газрыг тайван орхиоч ээ гэж гуймаар байна. Хэрвээ танд мөнгө хэрэгтэй байгаа бол нутгийн иргэд насаар чинь идэх хонь, малаар хангая. Яасан их шунал вэ.

Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан. Сүхбаатарын талбайн талыг нь эзэмшдэг. Хүн чанар заагаач” гэж хэлж байсан удаатай.

Уул уурхайн компани оруулмааргүй байна
Харин Заг сумын ИТХ-ын дарга Т.Нямжаргал “Централ Эшиа Манинг” уул уурхайн компани 2016 оны хоёрдугаар сард манай нутагт үйл ажиллагаа явуулахаар ирсэн. Анх 411 га газар дээр ашигт малтмал олборлоно гэсэн зураг төсөл гаргасан байсан юм.

Гэтэл тэр нь Урт нэртэй хуульд багтаад байсан тул 105.6 га газрыг нь хасалт хийлгэсэн. Бид Засгийн газрын бодлого шийдвэрийг биелүүлж ажилладаг. Дээрээс ирсэн тушаалыг ард түмэндээ зөв зүйтэй таниулах үүрэгтэй. Гэсэн хэдий ч манай багийн ард түмэн үүний эсрэг байна. Бид ч мөн тэдний төлөөлөл болж, тэдний сонголтоор сонгогдсон хүмүүс. Тиймээс иргэдээ дэмжин, уул уурхайн компани оруулахгүй гэсэн байр суурьтай байна.

Заг сум бол Баянхонгор аймгийн хамгийн бага газар нутагтай хэсэг. XIII зууны үеийн булш, бунхан ихтэй газар нутгийг хамардаг. Ийм газарт алт олборлохоор зэхэж байгаа нь Соёлын өвийн тухай хуулиас эхлээд олон хуулийг зөрчиж байгаа. Арга барсандаа алт олборлох гэж байгаа компанийнханд малаа өгье гэж байгаа юм. Бид уух устайгаа үлдмээр байна. “Алт-2” хөтөлбөрт хамрагдсан учраас ухаж болно гэсэн байна лээ. Тийм байж болохгүй” гэсэн юм.

1000 мал хүртэл өгье, газар нутгийг минь бүтэн үлдээж өг хэмээн гуйж байгаа малчдыг ойлгох ойшоох ухаан байна уу.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс олон аймаг суманд сөрөг үр дагавар авчирсан ажээ. Учир нь, тусгай зөвшөөрөлтэй гэх нэрийн дор малчид биднийг өвөлжөө бууцгүй, малын бэлчээргүй, уух усгүй болгон газар орныг минь сэндийчиж эхэлсэн байгаа юм. Хэрвээ уух усгүй болж нутаглах газаргүй болж, уул уурхайд идэгдэж нутас ус сүйдвэл хариуцлагыг нь хэн хүлээж үүрэх юм бэ. Үрийн үр хүүхдүүддээ ямар газар нутаг өвлүүлэн үлдээх юм бэ. Нэг хүний шунал хүслээр нэлээд газрыг хамарч алт ухах гэж улайрч байгаа “Централ Эшиа Манинг” компанийн удирдлагуудад хариуцлага тооцох газар гэж алга уу.

Харин ч хариуцлага тооцох ёстой цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт болон байгаль орчны байгууллагыг нь мөнгөөр хахуулдаад авчихсан. Ард иргэдийнхээ төлөө хөдлөхгүй байж, алт олборлох гэж байгаа дээрх компанийн эсрэг хөдөлж байгаа хууль хэрэгжүүлж, хариуцлага тооцох ёстой байгууллагуудад Заг сумын иргэд гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Төрийн хуулинд захирагддаггүй, хуулиас давсан эрх мэдэлтэй даварсан этгээдэд хэн хариуцлага тооцох ёстой юм бэ.

О.Сайхан
Оллоо.mn

URL:

Сэтгэгдэл бичих