Б.Пүрэвдорж: МАН бидний үг, үйл хэргийг баллуурдах ажлыг маш сайн хийж байна

712-15403429822787437cc3f6a8d2a32a3f6822ca7224_1479367209

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэлээд шүүмжлэлтэй үг хэлж байна. Үүний хариу юу, эргээд цахим ертөнцөд таны талаар бараан мэдээллүүд явж байна.  Анзаарсан уу?
-Тийм ээ.  Харсан.  “Сайн муу хэлүүлдэггүй хүн гэж байдаггүй. Салхи ордоггүй жалга гэж үгүй”  гэсэн манай захчин ардын зүйр цэцэн үг бий.  Би аливаа асуудалд эмзэглээд байдаггүй.  Ийм хэрийн гүтгэлэг, шүүмжлэлийг хүлээн авч сурсан хүн.  Ер нь улстөрд яваа хүн тэвчээртэй, зарим үгийг чихнийхээ хажуугаар гаргаж чаддаг байх хэрэгтэй.
Тэгэхгүй бол  хол явахгүй л дээ. Би хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар чуулганы хуралдаан, байнгын хороон дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл намайг эргээд сошиалаар баахан баалж, гүтгэж байна. Шатахууны үнийн  асуудал цаашид байнга яригдана. Би байнга шүүмжилж байр сууриа илэрхийлсээр байх болно. Тэр болгон дээр надад зориулсан баахан зохиол явах биз дээ.  Бэлтгэлтэй байгаа.
-Ер нь сүүлийн үед муухай аргаар улс төр хийх байдал ажиглагдаж байна. Танд тэгж бодогддог уу?
-Улстөрчдийг янз бүрийн байдлаар гүтгэх хандлага байдаг. Цаг үе, нийгэм ийм л байна. Бид сөрөг үр дагавартайгаа хамтдаа л хөгжинө. Миний хувьд сэтгүүлч нарыг бичсэн зүйлийнх нь төлөө хэзээ ч шүүх, цагдаад өгөхгүй гэж боддог. Ийм бодлого баримталж ирсэн.  “Жингийн цуваа явж л байдаг замын нохой  хуцаж л байдаг” шүү дээ. Би цаашаа л явна. Илүү хүчирхэг, хүчтэй болох тусам олон дайсантай болж байна. Тэр дайсан хүний  нүүр хараад юм хэлж чадахгүй атлаа араар янз бүрийн гүтгэлгийн мэдээллээр намайг дарж авахыг оролцож байна. Тэгэхээр нэг зүйл хэлмээр байгаа юм.  Би тийм эмзэг хүн биш ээ.  Аливаа гүтгэлэг доромжлолыг тоохгүй үгээ хэлсээр л байх болно.
-Ер нь энэ удаагийн парламент сөрөг хүчнийхээ үгийг хэр сонсч хүлээж авдаг парламент вэ?
-Эрх баригчид бидний үгийг баллуурдахын төлөө ажилладаг.   Үйл хэргийг ч бүдгэрүүлэхийн тулд явдаг.  Хэн нэгэн гишүүн үг хэллээ гэхэд түүний араас 5-6  хүн сөрөг хүчний үгийг баллуурдаж байна.  Үүний төлөө МАН ажиллаж байна. Гэхдээ АН-ын гишүүд үгээ хэлсээр л байх болно.  Бидний хэлж байгаа үг эрх баригчдад маш том анхаарал, шүүмжлэл болж очдог.
-Хамгийн сүүлд та Монголбанкны талаар нэлээд хурц асуудлыг гаргаж тавьсан. Төв банкны үйл ажиллагаа яагаад таны сэтгэлд хүрсэнгүй вэ?
-Монголбанк Засгийн газар хоёр ямар ч уялдаа, холбоогүй ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдэл. Сангийн сайд нь “Манай улс ийм их  хэмжээний зээл төлсөн” гээд л нэг их сүр дуулиантай мэдээлэл хийдэг. Энэ нь нөгөө талаар зах зээлд манай улс валютгүй болж байгаа гэдгийг зарлаж байгаа хэрэг шүү дээ. Үүн дээр маш хурдан интервенц хийж, энэ зээлийг төлснөөр манай улсын валютын нөөцөд  ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэсэн мэдэгдлийг  Монголбанкны  ерөнхийлөгч Ц.Баяртсайхан хийчих хэрэгтэй байсан. Тэгсэн бол өнөөдөр төгрөгийн ханш ингэж унахгүй байлаа.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг байнга хөөрөгдөж байдаг шатахууны импорт  дээр Засгийн газар Монголбанк хоёр хамтран арга хэмжээ авах учиртай.  Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны компаниудад бага үнээр валютыг нийлүүлж байлаа.  Энэ дээр Монголбанк тодорхой хэмжээний алдагдал хүлээж байсан. Гэхдээ тэр мөнгө ард түмний  халааснаас гараагүй байхгүй юу. Уг нь иргэдийнхээ төлөө, эдийн засгийнхаа өмнөөс үүнийг л хий гэж Монголбанк, Засгийн газрыг ажиллуулаад байгаа юм.  Гэтэл өнөөдөр зэрлэг капитализмын системээр бүх зүйлийг зах зээл хянана гэсэн байдлаар хандаж байна. Энэ буруу л даа.
-Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ.   Ирэх оны төсөв дээр шүүмжлэлтэй асуудал маш их байна.  Ер нь ингээд явуулчих юм уу?
-Зарлага талдаа маш тансаг төсөв орж ирсэн. Өнгөрсөн онд МАН-ынхан төсөвт тодотгол хийхдээ 499 сая төгрөгийн урсгал зардал тавьж орж ирсэн. Харин энэ оны төсөв дээр зардлыг 300 орчим  тэрбумаар нэмэгдүүлж  орж ирлээ. Бид татвар төлөгчдийн мөнгийг ийм байдлаар зарцуулж болохгүй. Хэтэрхий үрэлгэн, дарга нарын тансаглалд зориулсан төсөв орж ирж байгааг эсэргүүцэж байна.
Харин нэг зүйл нь төсөв дээр 42 сая тонн нүүрс  экспортлох боломжтой гэж орж ирсэн л дээ. Үүнийг зарим гишүүн эсэргүүцэж байна. Би бол  үүнийг боломжтой гэж харсан. Аливаа  улс орон, иргэн, аж ахуй нэгж бүгд өөрийн гэсэн зорилт тавьж ажилладаг. Энэ хүрээнд 42 сая тонн нүүрс  экспортлох зорилт тавиад эрхзүйн  орчныг сайжруулж өгч, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж яагаад болдоггүй юм.  Засгийн газар  энэ асуудлыг сайн судалж зайлшгүй ажиллах ёстой.  42 сая тонн нүүрс гаргаж авахын төлөө  ажиллах ёстой гэж ойлгож болно.  Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад оны эцэс гэхэд 35 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байгаа.  Тэгэхээр 2019 онд 42 сая тонныг экспортлох боломжтой.  БНХАУ-тай  улс төрийн харилцаа аятай таатай байлгах ёстой.  Хил орчмын төрийн байгууллагуудыг үйлчилгээ шуурхай, доголдолгүй баймаар байна. Хүнд суртал авлигагүй болгох шаардлагатай.
Нэг тэнхлэг дээр ноогдож байгаа тээвэрлэлтийн даацыг одоогийн байгаагаас хоёр тонноор нэмэгдүүлсэн байхад л 42 сая тонн нүүрс ямар ч асуудалгүй экспортлож чадна.
-Гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгөний асуудлыг ярьж байна. Тухайлбал, танай тойрогт хэд орчмыг тавьсан байна вэ?
-Тойрог бүрт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн төсөв орж ирсэн. Ер нь гишүүдэд мөнгө хуваарилах энэ асуудал сонгуулийн  хуулиас  эхтэй.  Жижиг мажоритар системээр сонгууль явж байгаагаас шалтгаалан гишүүд дахин  сонгогдохын тулд тойрогтоо маш их хөрөнгө татахаар зүтгэж байна.  Манай тойргийн хувьд нэг сум дээр цэцэрлэгийн өргөтгөл, хэд хэдэн сум дээр нийгмийн шинжтэй асуудалд төсөв тавьсан.  Тухайлбал халуун ус, худаг, мал аж ахуйд шаардлагатай жижиг хэмжээний төслүүдийг төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. Нэг сум дээр нутгийн удирдлагын ордон барихаар оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж байна.
Гэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан 1960 оны барилгыг нурааж шинээр барихаас өөр аргагүй. Түүнчлэн Засгийн газар Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн зээл  дээр нэг ч төгрөг суулгаагүй байна. Тэгэхээр өөрийн тойргийнхоо жижиг дунд бизнесийг дэмжих асуудал дээр гарц гаргалгаа хайж байна.
-Ерөнхийлөгч контор барихаас илүү аж үйлдвэрээ дэмжсэн ажлуудыг 2019 онд хийе гэсэн санал дэвшүүлээд байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай Засгийн үед хийгдэж байсан Ил тод байдлын тухай хууль болон НӨАТ-ын хуулиар хүмүүсээс татвараа хангалттай хэмжээнд цуглуулдаг боллоо.  АН-ын үед хийсэн хуулийн шинэчлэлийн үр дүнд татварын орлого байнга нэмэгдэж байна.  Үр дүн, үр жимсийг өнөөдөр  МАН хүртэж байна.  Нэг талдаа бид татвараа сайн хураан авч чадаж байна.  Нөгөөтэйгүүр  авсан татвараараа жижиг дунд үйлдвэрийг дэмжиж явах учиртай.  Харамсалтай нь  үүний талаар энэ жилийн төсөв дээр ямар ч хөрөнгө оруулалт суулгаагүй байна. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч  аж үйлдвэрээ босгож, томоохон бүтээн байгуулалт мега төслүүдээ хөдөлгөж, явах нь зөв гэж үзсэн.  Энэ саналыг  нь миний зүгээс дэмжиж байна.
-Намрын чуулганаар хүлээгдэж буй  хуулийн төслийн нэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг үү?
-Би парламентын засаглалыг дэмжиж байна. Анх Үндсэн хуулийг батлах үед хамгийн их хэлэлцүүлэг нь засаглалын тогтолцоо байсан. Үндсэн хуулийг батлах үеэр ямарваа нэгэн нөлөөлөлд автдаггүй, хуучны ухаантай хүмүүс хоёр хөрштэй манай нөхцөлд парламентын  засаглал нь илүү тусгаар тогтнолыг авч үлдэх хамгийн сонгодог хэлбэр нь гэж сонгосон байдаг. МАН-ын бүлгийн зарим гишүүн Ерөнхийлөгчийн засаглалтай байх саналыг дэвшүүлж ярьдаг. Тэдэнд хандан зөвлөхөд, хуучныхаа ноён нуруутай, ухаалаг намын гишүүдийн олонхоороо шийдсэн Үндсэн хуулиа дагаад явбал Монголын тусгаар тогтнол, ирээдүйд чухал гэж хэлмээр байна.
-Та чуулганы завсарлагаанаар тойрогтоо очиж ажилласан. Сонгогчдын хувьд тулгамдсан асуудал юу байна вэ?
-50 гаруй хоног орон нутагтаа ажиллалаа. Малчдын хотоор явж уулзалт хийсэн. 10-20 айлын  гадаа буугаад тойргийнхноо цуглуулж, тэр хүмүүст хийсэн ажлаа тайлагналаа. Ер нь гишүүд суурин газар, сум, аймгийн төв дээр л очдог.  Яг малчны хотонд ямар асуудал байгааг мэддэггүй. Малчид  маань байнга ажилтай учраас бидний мэдээллийг бүрэн сонсч чаддаггүй.  Тийм учраас яг хотонд нь хүргэхийг зорьлоо. Энэ жил ноолуур өндөр үнэтэй гарсан учраас сэтгэл хангалуун байна.  Ноос мөн урамшуулалтай учраас  малчдын амьдралд нэмэртэй байна.  Харин арьсны хувьд  ямар ч  үнэгүй болсон. Махны үнэ муу байна.  Үүнд малчид сэтгэл дундуур байлаа.
-2020 оны сонгуулийн цикл ойртож байна. Намынхаа үйл ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ?
-Манай нам 2016 онд ялагдсаныхаа дараа  гурван удаа Их хурлаа зарлан хуралдуулсан.  Дүрэмдээ өөрчлөлт оруулсан.  Энэ дүрмээр бид гишүүдийн нам болж чадсан.  Намын бүх албан тушаалтныг гишүүдээсээ сонгодог болсон.  Хэрэв гишүүдийнхээ  дунд орж ажиллаж чадахгүй л бол хөгжиж дэвших боломж нь бүрэн хаагдсан гэсэн үг. Урьд нь хэн нэгэн даргын цүнхийг барьдаг нөхөр дээшээ явдаг байсан бол одоо гишүүдтэйгээ ажиллахгүй л бол дээшээ явахгүй тийм дүрэмд захирагдаж байна.  Үүнийг дагаад фракцийн зөрчлийн асуудал хумигдаж байна.  Гэхдээ асуудал бүгд өргөс авсан мэт алга болчихно гэж байхгүй.  Тэгэхээр энэ хоёр жилд маш их сорилтын жил байх болно.  Үүнийг бид  давж гарахын тулд намаараа, бүгдээрээ, хамтдаа зүтгэхээс өөр аргагүй
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих