Хөнгөн жингийн “поп”

be8bcc4af85bc9b4c9312a1f1ac294edМАН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хэрэлджээ. Энэ тухай цахим сүлжээнд “Оргил”-ын Ж.Ганбаатарыг од болгон мэдээлэв. Түүнд нь ч мань Ж.Ганбаатар баахан хөөрсөн бололтой юм.

Энэ явдлаас хэд хоно­гийн өмнө Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр Монгол­банкны ерөнхий­лөгч Н.Баярт­сайханыг “нам авсан” ту­хай зарим хэвлэлд мэ­дээлж, дамжуулсан. Тэгэ­хэд тэр бас их баярласан юм шиг байгаа юм.

Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр “Та хаана орж ирчихээд байна аа. Би эсвэл эндээс гарчихъя” ч гэх шиг юу юу яриад байв даа. Гэтэл Н.Баяртсайхан бол сайн ч муу ч Монголын улс төрд өөрийн зам мөрөө үлдээчихсэн улстөрч. Н.Баяртсайханыг магтаж байгаа юм биш. Ам.долларын ханш алдаад, ажлаа сайн хийж чадахгүй байгааг хэн хүнгүй л ярьж байгаа. Тэр ч үнэн. Гэхдээ бол тэр хүнийг Ж.Ганбаатартай бол харьцуулашгүй юм.

Ер нь бол Ж.Ганбаатар УИХ дээр иймэрхүү араншин гаргаад байдаг болчихсон байгаа юм. Орой телевизээр мэдээ үзэх гэхээр нэг л их ууртай, хүн хүн рүү үсчсэн нэг нөхөр гарч ирдэг болсон. Загнаад л, уурлаад л…

Ингээд хол явахгүй л дээ. Ядруухан эрээс л гардаг араншин шүү дээ. Гэтэл тэрээр энэ бүхнийгээ бол байна, улс төр хийж байна гэж ойлгоод байх шиг байна.

Энэ хүн компани дээрээ л тиймэрхүү байдаг байх. Хувийн компани учраас тэндээ лууван шиг байна уу, лаа шиг байна уу, хамаа алга. Харин өнөөдөр энэ хүн Монгол төрийн түшээ болоод, Монгол төрийн ордонд ажил хийдэг болсон. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ, уг нь.

Яг үнэндээ Ж.Ган­баатар бол 1996-2015 оныг хүртэл “Оргил” дэлгүүрээ ажиллуулж ирсэн хүн. Тэгэхэд өнөөдөр барьцал­даад байгаа У.Хүрэлсүх, Н.Баярт­сайхан хоёр нь Мон­­голын төрд, Монголын улс төрд л байж ирсэн.

Одоо түүний өөрчлөх гээд “…Би л мэднэ” гэж зантаганаад байгаа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг 2007 онд энэ хүмүүс батлаад явж байсан байх жишээтэй.

Нөгөөтэйгүүр өнөө­­дөр энэ зэргийн хү­мүүс­тэй ингэж ярьж, харьцаж байгаа Ж.Ган­баатар тойргийнхоо сонгогчидтой яаж ярьдаг бол гэсэн шүү юм бодогдож байна. Бараг л багцаа харагдаж байна л даа. Компанийн захиралд компанийн ажилчид ямар хэмжээтэй харагддагийг олон хүн мэднэ. Сонгогчид нь түүнд тэгж л харагддаг байх гэж бодогдоод явчихлаа.

Ер нь бол ямар ч юм хэмжээтэй. УИХ-ын гишүүн бол хаан биш. Хэнтэй ч яаж ч харьцаж болдог албан тушаал ч биш.  Улс төр бол эрэмбэтэй. Хэн ч маргахгүй. Ямар ч зүйл уламжлал, шинэчлэлийн нэгдэл дээр хөгжиж явдаг. Энэ нь эрэмбэ байх ёстой гэсэн үг юм.

Өчигдөр хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад өнөөдөр УИХ-ын гишүүн болсныгоо албан тушаалын оройгүй өндөрт гарчихлаа гэж андуурч байгааг нь Ж.Ганбаатарын PR энэ тэрийг хийгээд байдаг хүмүүс сануулах хэрэгтэй. Ж.Ганбаатарын ярь­даг, загнадаг, уурладгийг дэлхийн олон орны зарим улстөрч хэрэглэдэг. Тэднийг “поп” буюу популистууд гэдэг юм.

Монголд ч, одоогийн УИХ-д ч “поп”-ууд олон бий. Биеэ тоосон, би-гээр өвчилсөн, иймэрхүү бацаанууд УИХ-д олшроод байгаа нь үнэн. Хамгийн гол нь тэд юу ч бүтээдэггүй юм. Зөвхөн ярьдаг. Тэр ярьдаг юм нь зөвхөн өөрийнх нь эрх ашгийн төлөө л байдаг. Энэ бол иймэрхүү хүмүүсийн нийтлэг төрх.

Ингээд харахаар Ж.Ганбаатар бол хөнгөн жингийн “поп” болж таарч байгаа юм. Харин Төрд тулх, зангараг хоёр л хэрэгтэй байдаг юм.

Тэгээд ч “…Дааганаас биш даравгараас унадаг” гэж ардын үг байдгийг Ж.Ганбаатар санаж явахад илүүдэхгүй хүн байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих