АТГ-ын дарга нар “шүүхийн хаалга” татаж мэдэх нь

Улс төржих явдал хэрээс хэтэрлээ. Хашааны банхараас авахуулаад хазгар доголон нэгэн ч улс төр ярих болж. Арга ч үгүй биз дээ.

Ард түмнийхээ сонголтоор гарч ирсэн Ерөнхийлөгч нь хүртэл аль нэг хүний эрхшээлд орж гайгүй гэсэн албан тушаалд нь томилгоо хийх жишээтэй. Тодруулбал, гэмтэн болж явсан Б.Хурц гэгчид хайр зарлан хаа байсан Англиас чирч ирсэн. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр өнөөх “урвагч” Авлигатай тэмцэх газрыг тонгочуулж иргэдийг цочирдуулж эхэллээ.

Авлигатай тэмцэх газрын даргыг сонгох гэж дүлэгнэж байхаар Б.Хурцыг ирэхээс өмнө шийдэж болох л байсан. Үүнд өнөөх бохир заваан улс төр гээч нь л нөлөөлсөн. Ерөнхийлөгчийнхөө итгэлийг хүлээж, сэтгэлийг нь гижигдсэн хурандаа Н.Ганболд, Б.Хурц нар АТГ-ын дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө.

Тэд юу хийв гэсэн асуулт хэний ч толгойд эргэлдээстэй байгаа. Тэгвэл тус газрын удирдлагууд азгүйтэж эхлэв. Дарга нарынхаа өшөө авалтад өртсөн ажилчид тэмцэж эхлэхээр болжээ. Эх сурвалжуудын мэдээллээр Авлигатай тэмцэх газрын халагдсан ажилчид шүүхэд гомдол гаргахаар зэхэж буй гэнэ. Шинэхэн дарга нартаа голдоо ортол гомдсон тэд нэг хэсэгтээ л зарга үүсгэх нь.

Үнэнч шударгаар ажиллаж буй хэнийг ч болов хэлмэгдүүлэхгүй хэмээн төрийн өмнө амлалт өгсөн эрхмүүд хэлсэн үгнээсээ буцаж өөрт таалагдахгүй нэгнээс нь авахуулаад өө сэвгүй нэгнийг ч халжээ. Тус газрын удирдлагууд зөөлөн суудалдаа тухлаж амжаагүй шахам байхдаа ажилчид руугаа чичилж эхэлсэн гэх. Эрээ цээргүй энэ үйлдэл нь өнөөх үнэнч нөхдөөрөө хүрээгээ тэлэх гэсэн заль байсан гэлцэнэ.

Хоёр дарга хоршин тохирч баруун, зүүн гарын вант улсаа байгуулж эхэлсэн нь энэ байгууллагын ирээдүйн хувь заяанд сөргөөр нөлөөлж ч мэдэх юм. Ингэж хэлэх нь ч учиртай. Өдгөө гурван даргын нүүрийг үзэж буй эл байшинд чөтгөрийн гүйдэл шингэж хавьтсан бүхнийг хар бараан амьдрал руу түлхдэг бололтой.

Анхны дарга Б.Дангаасүрэн нь хүний нутагт амиа алдсан, удаах дарга Ч.Сангарагчаа “аавын хаалга” татаж азгүйтсэн. Гэтэл одооны дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар шүүхэд дуудагдах нь. Хэдхэн сарын өмнө л Авлигатай тэмцэх газар эзэнгүй айл шиг байсан. Харах хандах хүнгүй, шалгах нягтлах хэрэггүй өнчин өрөөсөн хүүхдүүд шиг ажилтнууд нь өнөө маргаашийн үйл явдал харсан шигээ сууж байсан.

Гэтэл одоо шинэхэн дарга нар халаа сэлгээ гээчийг харин ч нэг хийж эцэст нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг таарч тохирохгүй болцгоов. Хэдий болтол энэ байгууллага дээрээ ч суудлаа олохгүй, доороо ч гүйдлээ олохгүй байх билээ. Хийж бүтээсэн зүйлгүй хэрүүл тэмцэл өрнөсөн уг байгууллагын үйл ажиллагаа аль хэдийнэ доголдсон. Манай улс авлигад идэгдсэн орны тоонд багтсан байхад мань дарга нар юу хийв.

Улсын байгууллагыг хувийн өмч хэмээн андуурч хурган дарга нарт хундага өргөн ажлын амжилт хүсэх хэрнээ хуучин дарга нарынх нь дор хүчин зүтгэж явсан заримынх нь мууг үзэх эрх Авлигатай тэмцэх газрын шинэ дарга нарт бий юу. Хар цагаан хэл аманд өртсөн энэ газрыг татан буулгавал яасан юм бэ.

Дарга нарынхаа шилийг дахиад л харах хэрэг үү?

Халаа сэлгээ гэдэг хаа газарт л байдаг зүйл. Гэхдээ хууль бусаар халагдана гэдэг хохирсон иргэдэд гомдолтой хэрэг. Авлигатай тэмцэх газрын 14 ажилтан энэ сарын 1-ний өдөр албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Газрын дарга нар ажилчдаа АТГ-ын хуулийн 19.1 зааснаар 51 дүгээр тогтоол үйлдэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үнэхээр ажил албаа умартаж дарга нарынхаа чихнээс хонх уядаг нөхдүүдийг халах нь зөв.

Гэтэл хэнд ч гэм хоргүй мэдээлэл хүлээн авдаг оператороос авахуулаад хэргийг мөрдөж шалгадаг мөрдөгч нараа хүртэл нүд үзүүрлэж буй нь иргэдийн дунд таагүй сэтгэгдэл үлдээлээ. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн үйлдэлдээ Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагууд ямар тайлбар хийх гэсэн юм бол.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих