ВАЛЮТЫН УРСГАЛЫГ ХЯНАХ УУ, ХААХ УУ

Валют зах зээлд эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаг бараа бүтээгдэхүүнтэй адил. Харин зах зээлийн энэ бүтээгдэхүүнийг зөв бодлогоор удирдаж, нөөцөө нэмэгдүүлэх нь төр засгийн болоод Төв банкны үүрэг. Гэвч үүнийг удирдах, чиглүүлэх субъектийн үүрэг, чиглэлийг хуульд тодорхой заагаагүйгээс валютын бодлого үндсэндээ 28 жил эзэнгүйдэж ирлээ. Тэгвэл валютын бодлогыг эзэнтэй болгох, валютын дотоод, гадаад хяналтыг чангаруулахаар УИХ шинэ хуулийн төсөл хэлэлцэж буй.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан УИХ-д хоёр удаа өргөн барьсан Валютын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн хэлэлцэж байгаа юм. Уг нь манай улс валютын зохицуулалтыг анх 1994 онд хуульчилсан. Үүнээс хойш Валютын зохицуулалтын тухай хуульд 19 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд одоо шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцолж буй. Улмаар хуулийн төслийг баталснаар валютын харилцааг оновчтой болгохоос гадна валютын урсгалыг хянаж, нөөц нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ч хэлж байгаа юм. Харин УИХ-ын гишүүд болоод эдийн засагчид хуулийн төслийг өргөн барьсан хэлбэрээр нь батлах нь сөрөг үр дагавар ихтэйг онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн гол өөрчлөлт болох “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэсэн заалт нь банкны тогтолцоог эвдэх эрсдэлтэйг эдийн засагчид хэлж буй. Учир нь, Төв банк арилжааны банкинд хяналт тавьж, Засгийн газартай харьцах хуулийн заалттай. Харин арилжааны банк иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай харилцах тогтолцоотой. Гэтэл Төв банк иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчтай валютын арилжаа хийх нь банкны тогтолцоонд ухралт болно гэж тэд үзжээ. Үүнээс гадна хуулийн төсөлд Төв банк шаардлагатай тохиолдолд валютын бүхий л гүйлгээ