Дэлхийн шинэ дэг тогтолцоо буюу PAX MONGOLICA

carte

Өнөөгийн дэлхий ертөнцийн шинэ дэг тогтолцоог анхлан журамлагч нь Их эзэн богд Чингис хаан хэмээн өрнө дахины судлаачид эдүгээ нэгэнт хүлээн зөвшөөрдөг болжээ.  Чингис хаан бээр XIII зууны эхээр хаяа хаяагаа хатган оршсон  Монгол угсааны олон ханлиг,  аймгуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор, өөрийн авъяас билэг, их суу залиар нэгэн өрх гэрт нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болсноор монголчууд дэлхийн түүхийн тавцанд бие даан гарч ирсэн нь Монгол ба хөрш орнуудын харилцааны шинж чанарыг хувиргасан төдийгүй Төв Ази, цаашлаад Дорно, Өрнийн олон улсын харилцаанд чанарын үндсэн өөрчлөлтийг оруулжээ.

Чингис хаан оюун ухаан нээгдэж, хүчин чадал олох  сацуу Монгол үндэстнийг нэгтгэж, нэгэн улс гэр байгуулан өөрийн эцэг өвгөдөөс янагш эзлэн сууж байсан Монгол нутаг ба ялангуяа Гурван голын нутгийг сахин хадгалсугай хэмээх улс төр ба үндэсний бодлогыг чухал болгон явуулжээ. Чингис хаан зөвхөн өрх гэрийг байгуулан үндэсний улс төрийг тогтоон, бас ч өшөөт дайсан болсон этгээд лугаа хүчийг мохоон, дан гагц өөртөө эзэрхэн тогтож, эв найрамдлыг хадгалан суусугай хэмээсэн боловч Чингис лугаа эрх мэдэл зэрэгцэгчид хэрхэн энгийн сууж чадсан билээ. Тэд эрх биш атаа тэмцэл хийж доройтуулсугай хэмээж, чадваас дарж устгахыг хүсэж байсан хэрэг тул Чингис хаан мандаж эхлэхийн сацууд өстөн дайсан этгээд  Чингисийг мөхөөхөөр удаа дараалан халдсаар ирсэн бөгөөд хэдий чин үнэнийг сахиж суусугай хэмээвч хэргийн эрхээр эрх биш байлдсан тул Чингис хаан нэгэнт дийлээд тэдний хүн зоныг нэгтгэн дагуулжээ. Үүнээс гадна журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээвч Сартуул иргэн (Хорезм) Чингис хааны илгээсэн элч болон худалдаачдыг хөнөөж ёсгүй аашилсан тул аргагүй тийнхүү дайн үүсэн, түүнээс хойш бас Кипчак, Оросын вангууд Зэв, Сүбээдэйн элч нарын амийг хөнөөх зэргээр өө сэв өдөн дайн байлдаан үүсгэхэд хүргэжээ. Тангуд  ба Алтан улс болбоос аанай л Чингис хаан лугаа мөчөөрхөн тэмцэж өшөө хорсол бодолцон, мөн ч эрхгүй байлдан тэмцэхгүй болбоос үг болох учир аргагүй энэ мэт болсон байх бөгөөд, түүнээс эхлэн бусад удаа дараагийн айлдаанууд  тийнхүү болсон ба Чингисийн дараах их хаадын үе дэх дайн байлдааны хэрэг явдлууд нь ч тус тусдаа цөм нэгэн зүйлийн учир шалтгаан дээрээс нөхцөлдөн гарчээ гэж Ерөнхий сайд агсан, түүхч А.Амар өөрийн бичсэн “Монголын товч түүх” бүтээлийнхээ оршилд онцолжээ.

Монголчууд өөрсдөө хүн ам цөөн, өрнө, дорно этгээдэд эзэлсэн нь үлэмж өргөн уудам, хойч үедээ энх амрыг баримталж, Монгол үндэсний төр улсын алс хил хязгаарын аюулгүй байдлыг сэргийлэн засахад үнэхээр хялбаргүй байсан тул өрнө зүгийн улс орныг өрнө зүгт нь алс хол захируулан суулгасан нь чухамдаа өрнө зүгийн аюулыг өрнө зүгт нь сэргийлсэн хэрэг ба Нахиадын аюулыг Нахиад дотор  сэргийлсэн хэрэг байсан бөгөөд, чухамдаа өөрийн жинхэнэ Голын улс буюу Гурван голын монголчуудыг гадны ямарч аюул, заналд үл автах аюулгүй байдлын цогц системийг тогтоожээ.

Чингэхдээ Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт оршин тогтнож байх цаг дор Чингис ба түүний дараах их хаад тэргүүлсэн Монголын тал нутгийн тэнгэрлэг заяат дээд язгууртнууд хол, ойрын хүчирхэг суурьшмал хөршүүдээр хүрээлэгдсэн өөрсдийн гал голомт, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, тэдгээрээр төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хүлээлгэн зөвшөөрүүлэхэд чиглэсэн  “хүчээр түрээ барих”, “тулган шаардах”-аас эхлээд“монголын энх төр”,“дэлхийн шинэ дэг тогтолцоо”-г илбэн тохинуулах хүртэл гадаад бодлого, дипломат ажиллагааг тууштай баримтлан явуулж байсан ажээ.

ЗХУ-ын ГЯЯ-ны Дипломатын Академийн захирал агсан, академич С.Л.Тихвинский “Монгол-Татаарууд Ази, Европт”  бүтээлдээ бичихдээ: Монголын эзэнт улс хүчирхэгжээд 1236  оноос аймшигтай эрч  хурдтайгаар энэ үйлийг эхэлсэн гэжээ.   Монголчууд юу ч дийлэхээргүй их давалгаа мэт түрэн орж иржээ. Гагцхүү их хаан Өгөөдэй 1241 оны 12 дугаар сарын 11-нд тэнгэрт хальж, нэг ёсны “аз” дайраагүй бол тэднийг юу ч зогсоож чадахааргүй байв. Энэ түгшүүрт мэдээг Бат хаан 1242 оны босгон дээр Адриатын тэнгисийн эрэгт байхдаа хүлээн авчээ. Монгол цэргийн дийлэнх хэсэг даруй нутаг буцав.

“Их Засаг” цаазад зааснаар шинээр Их хаан их ор суухад алтан ургийнхан, цэргийн бүх жанжин, захирагч нар байлцах ёстой байв.    Гуравхан жилийн дотор Дорно зүгээс нэр нь үл мэдэгдэх “буруу номтон” морьтон нүүдэлчид хуй салхи мэт түрэн орж ирэн Дорнод Европыг эрхшээлдээ оруулж, бүтэн нэг тивийн улс орныг ялан дийлээд Герман, Италийн хаалгыг тогшиж эхэлжээ. Ахар хугацаанд монголчууд түрэн орж ирсэн нь Өрнөдөд Аттиллагийн түрэм­гийллээс хойш тохиол­доогүй аюул нүүрэлсэн нь энэ юм.

К.Маркс “XYIII зууны дипломатын түүхийн нууц”  бүтээлдээ бичихдээ: “Энэ талхидал зүгээр нэг дарлал байсангүй, тэд ард түмний сэтгэл зүрхийг гутаан доромжилж, сүйтгэн хохироож байв…татаарууд үгүйрэл хоосрол, нийтийг хамарсан аллагыг ердийн үзэгдэл болгосон зохион байгуулалттай алан хядах дэглэм тогтоосон” гээд монголчуудыг  “аж төрөх цэрэг ёсны үр дүнд хагас иргэншсэн ард түмэн” гэж нэрлэсэн байна.

Зөвлөлтийн болон өрнөдийн түүхзүйд ноёрх­сон энэ мэт гаж үнэ­лэлт, дүгнэлтийг нэрт түүхч, доктор Л.Н.Гумилёв олон арван жилийн түүхийн судалгааныхаа үр дүнд залруулсан билээ. “Монгол-татаарууд догшин ширүүн дайсантайгаа ердөө л илүү гарамгай байлдсан хэрэг.  Ингэлээ гэж тэднийг ХХ  зууны өндөрлөгөөс зэмлэх нь шинжлэх ухаанд харш гэдэг нь өнөөдөр ойлгомжтой…Хүчгүй нь хүчтэйгээ ялж байсны шалтгааныг тодруулах нь хавьгүй чухал. Угсаатны ямар ч системийг хөдөлж байгаа биетэй адилтгаж болох бөгөөд түүний хөдөлгөөний шинжийг цул (хүний тоо), хүч (эрчим хүчний хуримтлал), бүрэлдэхүүн (системийн доторх элементүүдийн зохицол) гэсэн гурван хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Энэ утгаар нь авч үзвэл XIII зууны монголчууд ид өрнөлтийнхээ үед байсан залуу угсаатан байсанд тэдний амжилтын нууц оршино. Энэ нь мэдэгдэж байгаа бүх баримтад харшлахгүй…” гэж тэрбээр тайлбарласан юм.  Олон ханлиг аймгууд өөр хоорондоо уулгилан довтлох, бусад улс гүрэн лугаа дайтах зэрэг нь залуу угсаатнуудын өөрсдийн амьдрах орчин, аюулгүй байдлаа хамгаалах байгалиас заяасан зөн совин байсан байх бөгөөд үүнийг химийн урвалтай харьцуулж болох бөгөөд жишээ нь хөх өнгийн бодис дээр шар өнгийн бодис холиход ногоон болохтой адил тэдгээр нь аяндаа явагдаж буй байгалийн үйл явц, үүний буруутанг олох боломжгүй хэмээжээ. Доктор Л.Н.Гумилёв түүхийг үзэх үзэл, судалгааны аргазүйд шинэчлэл хийж, үндэстэн үүсч бүрэлдэн хүчирхэгжихэд угсаатны үйл явц буюу популяци, угсаа гарвал буюу этногенез, эрчим хүч, хэмнэл буюу биоритм, амь мандал буюу биосфер, түүхэн газарзүй буюу историческая география чухал болохыг онцлон тэмдэглээд түүхийг нийгмийн болон байгалийн шинжлэлийн талаас нь хамтад нь цогц авч судлахын  чухлыг тэмдэглэжээ.

Эрдэмтэн Л.Н.Гумилёв бичихдээ: нөгөө талд монголчууд эв найртай байхыг хүсэмжлэн элчийг довтолгож байсан. Дорно дахинд элч гэдэг хүндэт зочин учир итгэлийг хөсөрдүүлж, элчийг хороохыг хамгийн бузар үйл, тиймээс хэзээ ч өршөөдөггүй байсан ажгуу. Элч нарыг хөнөө­сөн хотуудыг монголчууд “догшин хот” гэж нэрлэж байв. Овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр суурилсан Монгол заншил ёсоор хийсэн ялынхаа өр төлөөсийг хамтаараа эдлэх учиртай байсан гэж монголчуудын явуулсан цэрэг, дайны ажиллагааны нэг учир шалтгааныг тайлбарласан юм. Тийнхүү өрнөдийн түүхчид, тэр ч байтугай К.Маркс ч уг үйл явцын түүхэн учирзүйг ойлгоогүй юм гэж тэрбээр бичжээ.

Герман үндэстний Ариун Ромын эзэнт улсын хаан II Фредерик 1241 оны татааруудын ниргэлтийн дараа өрнөдийнхнийг эв нэгдэлд уриалан дуудсан боловч түүний үгийг олигтой тоосонгүй ажээ.  Үнэндээ их хаан Өгөдэй тэнгэрт халиагүй бол Өрнөд Европ ааг омгондоо багтаж ядсан “буруу номтон” Монгол-татаарчуудтай нэгдмэл хүчээр тэмцэж чадахааргүй байжээ.

Гэхдээ зарим ихэс дээдэс хөл дороо газар хөдлөхийг мэдэрчээ. Ромын Пап IV Инносен монголчууд Өрнө зүг үнэхээр дахин довтлох гэж байгаа эсэхийг баттай тодруулах, тэдний цэрэг, зэвсгийн хүчийг тагнан мэдэх зорилгоор тийнхүү Жан де Плано Карпиниар толгойлуулсан Франсуа гэгээнтний сургаалийн элч төлөөлөгчдийг Алс Дорно зүгт Монголын эзэнт гүрний Голын улсын төв мөхлөгт илгээж байсан юм.

Монголын Илхаадаас Өрнө дахинтай харилцаж байсан нь онц сонирхолтой байдаг. Ил хан Өлзийт 1304 оны долдугаар сард ширээнд сууж, төд удалгүй 1305 оны эхээр Франкийн хаан үзэсгэлэнт гоо Филипп ванд захидал илгээсэн билээ. Нэрч монголч эрдэмтэн  В.Л.Котвич тэрхүү захидлаас “Бид бүгд үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ” хэмээснийг эш татаж “хуучин ертөнцийн үлэмж их орон зайд энх амгаланг тогтоох” санаа сэдлийг монголчууд анх удаа үүсгэсэн болохыг олж ажиглаад “XIII зууны эхэн үед Монголчууд дэлхий нийтийн энхтайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь” хэмээх өгүүлэл бичиж энэ нь түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1970 онд “Түүхийн асуудлууд” хэмээх франц хэл дээр гардаг сэтгүүлийн дугаарт хэвлэгджээ. В.Л.Котвич Өлзийт хан бээр “Евразид тогтоосон энхтөрийг монголчууд тунхаглан мэдээлсээр байсан байх бөгөөд найрсаг сайн харилцаатай байхыг ихэд эрхэмлэсэн “үнэнхүү зохилдохоос сайхан юу байх билээ” хэмээсэн монгол хүний санааг илэрхийлсэн гайхамшигтай өгүүлбэрийг жуух захидалдаа шигтгэж өгчээ” гэжээ. Түүнчлэн Францын вангийн элч Вильгелм де Рубрукт  Мөнх хааны хэлсэн бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно гэсэн санаа ч үлэмжийн утга учиртай байжээ.

Чингис хааны алтан ургийнхан  дотоодын зөрчил тэмцлийг эцэс болгож, эвлэлдэн ХIII зууны эхээр санасандаа хүрчээ. Монголын эзэнт гүрний дотоодод нэгдмэл байдал дахин тогтсон ч өмнөх үе шигээ Голын улсын захиргаанд бус, харин Тусгаар улсуудын Федераци буюу Хамтын нийгэмлэг хэмээх шинэ  status-quo-д тулгуурлах болжээ. Монголын эзэнт гүрний Тусгаар улсуудын Холбоо нь Бат ханы Алтан Орд улс (1240-1502), Хубилай хааны Юань улс (1271-1368), Хүлэгүгийн Илхант улс (1256-1353), Цагаадайн улс  (1225-1358)-аас бүрдэж байв. Хамгийн удаан оршин тогтносон нь Алтан орд улс болой. Холбооны улсууд дотооддоо энхтайвныг сэргээж, өвөр дотроо найрсаг харилцааг дахин тогтоох нь хамгаас чухал зүйл болоод байна гэж зөвшилцөн тогтжээ. Бас Монгол гүрний ивээлд ороогүй хаяа хатган хил нийлж, нутаг дэрлэсэн Өрнөдтэй хэлэлцэж хүчин түрэмгийлэхгүй, харин эе найртай байхуй дор гэрээ хэлэлцээ бай­гуу­лахыг хүсч байсан ажээ.

Тухайн үеийн дэлхий дахины нөлөө бүхий  улс орнууд Монголын хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар Евразийн өргөн уудам нутгийн олон улс орныг эрхшээл нөлөөндөө оруулж Дорно, Өрнийн хэрэгт үлэмж эрх мэдэл бүхий болсон Монгол гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс хоорондын яриа хэлэлцээр байгуулах нь бэрхтэй болсон явдал энэ үеийн олон улсын харилцааны үндсэн онцлог байсан нь тодорхой юм. Түүнчлэн худалдаа арилжаа, аян жуулчлал, шашны нөлөө тархалт, мэдээлэл, харилцаа холбоо урьд өмнө байгаагүй хөгжин цэцэглэх үүд нээгдсэн нь монголчуудын тогтоосон La Paix Mongole буюу “Монголын энхтайвны шинэ дэг тогтолцоо”-той шууд холбоотой байв. Монголчуудын Евразийн уудам тал нутагт явуулсан цэрэг, дайны ажиллагаа өргөжих тутам урьд нь үл мэдэгдэх олон улс оронтой учрахад хүргэж, энэ нь чухамхүү анхны газарзүйн их нээлт байсан агаад цаашдаа Өрнө, Дорнын хоорондын харилцаа,  холбоо хөгжин цэцэглэхийн шийдвэрлэх хүчин зүйл болсон байна.

Их Монгол Улсын гадаад бодлогын номлол, дипломат ажиллагааны зорилго, чиглэл цаашид боловсрон хөгжихөд тухайн цаг үеийн олон улсын байдал, суурьшмал хөрш орнуудын зүгээс Монголын төр улсын талаар баримталж байсан дайсагнасан бодлого, хандлага хүчтэй нөлөөлж байв. Тиймээс ч Монгол Улс хүчирхэгжин мандах цаг дор дэлхийг нийтээр нь нэг засаг, төрийн мэдэл дор илбэн тохинуулах бодлого явуулжээ. Япон тэнгис, Солонгосын хойгоос Ариун Ромын эзэнт улсын хил, Адриатийн тэнгис хийгээд Ойрхи Дорнод, Египет хүртэл, Ява, Суматари арлаас Байгаль далай ба Саяны уулсыг өнгөртөл өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, цаана нь үлдсэн хэсэгт үлэмж нөлөөтэй болсон тул эзэнт гүрний гадаад бодлого, дипломат ажиллагаа нийт Евразийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болж иржээ.

Монголчууд бүх шашныг эн тэгш үзэж, хамгийн хурдан шуурхай мэдээллийн сүлжээний тогтолцоог буй болгож, чөлөөт худалдааны үзэл санааг анхлан санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бол асар өргөн уудам орон зайд явуулсан Монголын эзэнт гүрний геополитик, тэдний тэнгэрлэг заяат тал нутгийн язгуурт­нуудын  тогтоо­сон дэлхий шинэ дэг тогтолцоо мөн байв. АНУ-ын нэрт геополитикч Зб.Бжезинский “Аварга шатрын хөлөг” бүтээлдээ: Түү­­­хийн тавцанд өнөө­гийн АНУ-тай эн зэ­рэг­цэх их гүрэн бол Монголын эзэнт гүрэн л байсан”  хэмээн бичсэн юм.

Мөнх тэнгэрийн хүчин дор хаяа хаяагаа дэрлэн оршсон эсгий туургатан олон ханлиг, аймгуудыг өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэр дор нэгтгэж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж, цаашлаад Дорно, Өрнийг нэгэн засаг төрийн мэдэлд төвштгөн тохинуулж, Монголын энх төрийг тогтоосон их эзэн богд Чингис хаан, түүний залгамж­лагчдын дипломатын түүхийг судлахын учир нь өнөө туршлага хийгээд сургамжтай ажгуу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Др. проф. Д.УЛАМБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.