УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гаас “зээл авагсад”-ын тоог нэмлээ

12212121212112-1Хөөрхий, талх, нарийн боов, хиам даршилсан мах, оймс, бээлийхнээс эхлээд гутал хувцас, хашаа хороо, барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгохоор ХХААХҮЯ-ны дэргэд ЖДҮХС гээчийг байгуулж байв. Банкны зээл авч биенесээ хөгжүүлэх гэхээр барьцаа хөрөнгөөс эхлээд уначихдаг болохоор төр ингэж жижиг дунд бизнесийг дэмжих шийдвэр гаргасан нь энэ.

ЖДҮХС-г байгуулаад, ажиллуулаад арваад жил өнгөрсөн. Гэвч зорилтот салбар хөгждөггүй. Өнөөх жижиг дунд бизнес, үйлдвэр эрхлэгчид нь зовлогоо зовоосон хэвээр.

Гэтэл 20-иод хоногийн өмнө ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой материал нийтэд ил болж цацагдсанаар энэ бүхний учир зангилаа тайлагдаад ирлээ.

Хамгийн харамсалтай нь энэ санг хариуцдаг сайд нь, эрх баригч намын УИХ дахь гишүүд тэр чигтээ холбогдлоо. Ард түмэн маш дургүй байна. АТГ эхнээс нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эрх баригч МАН-ынхан шууд болон дам байдлаар энэ зээлтэй холбогдсон нь ил болсоор байгаа. Энэ удаад бид УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг ЖДҮХС-тай чухам ямар сэжмээр явж очоод холбогдчихов гэдгийг тайлбарлая.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. УИХ-ын гишүү., “Мон Ураны”-ы Б.Наранхүүгийн төрсөн эгч юм.

Тэрээр хоёр ч эмэгтэй дүүтэй. Дүү нарынх нь талаар хэлсэн нь Б.Саранчимэг дүү нарынхаа нэр дээр компаниар дамжуулан ЖДҮХС-тай холбогдогдоод байгаа юм.

ЖДҮХС-гаас 2018 онд зээл авсан компани, хувь хүмүүсийн нэрсийн жагсаалтын 77 дугаарт “Сингапурхэльткейр сентр” ХХК гэж бий. Энэ компани ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар 800 сая төгрөгийн зээл авчээ. Аваад гурван сар гаруйхан болж байна гэсэн үг.

“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийг Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэг 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр УБЕГ-т бүртгүүлж байжээ. Хамгийн хачирхалтай нь энэ компани Гадаад худалдаа, Худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл 800 сая төгрөгийн зээл маань жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой байдаг.

Энэ утгаар нь харвал “яриа хөөрөө”-гүй бол Б.Батзориг сайд, С.Төгсбилэг захирал хоёр яагаад ч ийм компанид 800 сая төгрөг өгөхгүй нь ойлгомжтой.

Дашрамд хэлэхэд, “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг нь өөрийн төрсөн эгч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс нэлээд их хэмжээний мөнгөний авлагатай юм байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг АТГ-т 2017 оныхоо хөрөнгө, орлогыг мэдүүлэхдээ өөрийнхөө дүү,  “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг, өөрийн дүү Б.Оюунаагийнхаа нөхөр, ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат хоёрт 232 сая төгрөгийн  өртэй гэжээ. Энэ өр сүүлийн гурван жилийн турш Б.Саранчимэгийн ХОМ-т бичигдэж байгаа юм. Гэхдээ 2015, 2016 оны ХОМ-д нь хүргэн В.Үнэнбат, Капитал банк хоёрт 369.6 сая төгрөгийн өртэй гэж бичигдэж байсан юм. Харин 2017 онд өр нь 137 саяар хасагдаад, Капитал банкнаас дүү Б.Одончимэг рүү нь шилжсэн байна.

Яахав, энэ ах дүүгийн хоорондын аваа, өгөө байж таарна. Гэхдээ УИХ-ын гишүүд яаж ийгээд хамаарал бүхий компанидаа зээл авчихаад байхад Б.Саранчимэгийг огтоос нөлөөлөөгүй гээд шууд хэлчихэж бас болохгүй юм. Тэгээд бас төрсөн дүүгийнх нь хаа хамаагүй гадаад худалдаа эрхэлдэг компани 800 сая төгрөгийн зээл авчихсан байдаг. Бага дүүгийнх нь нөхөр бас ЖДҮХС-тай хаяа зэрэгцсэн ТЭДС-гийн захирлаар ажиллаж байдаг.

Ямар ч байсан ийм үед Б.Саранчимэг сайд болно гэдэг ч юм уу, энэ зээлийг өөрөөсөө тээр хол шидэх аргагүй юм. Бас тун удахгүй хүргэн дүүгийнх нь захирлаар нь ажилладаг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт руу ард түмэн ч, АТГ ч өнгийх гэж байгаа мэдээлэл дуулдаад эхэлсэн байна шүү.

Эх сурвалж: polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.