Прокурор шударга ёс нэхэхээр өөдөөс нь “өвчигнөдөг” гишүүдээс ичиж байна

UIH

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдэд хандаж ширүүхэн үг хэлж буй бичлэгийг олж харсан байх. Дахин сануулбал, тэрээр “Миний хувьд УИХ-д гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Өнөөдөр ямар хариу өгөхийг мэдэхгүй. Өмнөх хоёр асуудалд татгалзсан хариу өгсөн. Шударга ёс энэ танхимаас эхэлдэг. Гэтэл хаана байна вэ тэр шударга ёс. Хууль ёсыг дээдлэх ёстой их хурлын гишүүд яагаад эдгээр хүмүүсийг зүгээр шалгуулчихаж болдоггүй юм бэ. Өнөөдөр “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалга л даа” гэж байна. Жирийн иргэн, бүрэн эрхээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулж буй УИХ-ын гишүүн хоёр шал өөр. Жирийн иргэн, ЖДҮДС-ийн удирдлагууд нь цагдан хоригдчихсон байж байна. Гэтэл шалгагдах ёстой их хурлын гишүүн нь энд зүгээр сууж байна. Шийдвэр гаргаж тушаал өгсөн хүн нь энд сууж байхад үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь тэнд хоригдож байна. Энэ шударга ёс мөн үү. Хууль нь алдаатай. Тэр хуулийнх нь дагуу л ажиллаж байгаа хүнийг “чи ажлаа хийсэнгүй” гэдэг. Хууль зөрчсөн бол тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ийм л үүрэгтэй” гэж мэдэгдсэн юм.

Үнэхээр жирийн иргэн, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалагдсан хоёр хүнийг шалгах, мөрдөн байцаах гэдэг шал өөр хоёр асуудал. Бид бүгд мэднэ. Олон УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон атлаа бүрэн эрхээр хамгаалуулж, байцаалт өгөхөөс зугтсаар, аажимдаа хэргийг нуун дарагдуулсаар ирсэн.

Тэгвэл ЖДҮДС-тай холбоотой хэрэг түмний нүдэн дээр ил байна. Ийм учраас давуу байдал бий болгож, иргэдэд бус эрх мэдэлтнүүдэд зээл олгох шийдвэр гарсан УИХ-ын гишүүнийг шалгаж, гэм буруу байна уу гэдгийг тогтоох л учиртай. Гэвч гишүүд гишүүдээ хамгаалж, шударга бус байдлыг бий болгож байна. Үүнийг л Улсын Ерөнхий прокурор гишүүдэд хандаж, хатуухан хэлчихлээ.

Гэвч прокурорын энэ үг зарим гишүүнд таалагдсангүй. Шударга ёсыг асуусан прокурорт хандаж “Гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй биднийг адилтгаж байна. Их хурлаас уучлалт гуйх ёстой. Зарим нэг хүний буруутай үйлдлээс болж хавтгайруулж болохгүй. Бид бол ард түмний төлөөлөл. Та их том байна. Бид нар танд асар их эрх мэдэл өгчихсөн учраас та баатар байна. Уг нь та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Тиймээс битгий том дугараад бай” гэж зандарлаа.

М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокуророор томилж, шударга ёсыг тогтоо гэсэн хүмүүс нь эд мөн л дөө. Гэхдээ шударга ёс тогтоох гэхээр ажлыг нь зааж, өмнөө бүлтэлзүүлж, хууль зөрчигчийг хамгаалж байгаа үйлдлээ энэ хэдэн гишүүд өөрсдөө ойлгохгүй байгаа бололтой юм.

Тэгэж ярьвал Улсын Ерөнхий прокурорыг томилох эрхийг ард иргэд өгсөн юм шүү. Гэтэл хаан шиг, бурхан шиг, дээд төрөлтөн амьтан шиг төрчихсөн мэт “том” дугарч, шударга бус үйлдлээ хаацайлж байна. УИХ-ын гишүүдийн өмнө бүгд бөмбөгнөж, мөрөө хавчих ёстой гэж үү. Харин ч айлгүйгээр үгээ хэлж шударга ёсыг нэхэж чадсан прокурор М.Энх-Амгаланг үнэлмээр.

Үнэхээр шударга ажиллаж, гэмт этгээдэд хариуцлага тооцох боломж манай хуулийнханд байхгүй байгаа гэдгийг хэлж байна. Үүнийг засах ёстой хүмүүс бол УИХ-ын гишүүд. Гэтэл хуульдаа засвар оруулж, мэргэжлийн хүний үгийг үйл хэрэг болгох ёстой байтал “та миний өөдөөс том дугарахгүй шүү. Би чамайг томилсон шүү” гэгчлэнгийн юм ярьдаг хүмүүс төрийн ордонд сууж байна.

Ийм хүмүүсээс яаж ч шударга ёс нэхэх вэ дээ. Шударга ёс нэхсэн хүний өөдөөс олон юм ярьдаг гишүүдээс үнэхээр ичиж байна. Бид ийм л хүмүүст итгэл хүлээлгэж сонголтоо хийжээ. Жинхэнэ эрх мэдэл хэнд байдаг вэ гэдгийг л тэдэнд дахин дахин сануулмаар байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.