МАН-д У.Хүрэлсүх лидер үү,Д.Хаянхирваа лидер үү?

maa-600x399

Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН засгаа,намын даргатайгаа солиод жил орчмын хугацаа өнгөрч байна. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, 60 тэрбумын хэрэгт холбогдсон юм чинь М.Энхболдыг намын даргаасаа төдийгүй УИХ-ын даргаас ч буух ёстой гэсэн олон нийтийн шахалт шаардлага байсан ч намын дарга У.Хүрэлсүх нь хагарлыг нэмж, галыг өрдөөгөөд яахав хэмээн болгоомжлон, тэдэнтэй учраа олох гэж нэг жил ёстой л гүрийсэн байх. Ядаж байхад шударга ёсыг тогтооно, авлигалтай тэмцэнэ,60 тэрбумынхнаас намаа цэвэрлэнэ гээд амлачихсан. Энэ амлалтаараа ч намын дарга,Ерөнхий сайдад намынхаа гишүүдийн дэмжлэгийг итгэл төгс хүлээсэн билээ.

Амласан амлалтдаа зарим талаар хүрч чадаагүй бүтэн жил болсон учраас Хүрэлсүхэд зарим талаар итгэл алдарсан тал бий.Гэхдээ л хүлээсээр байсан.Хэзээ шударга ёсоо тогтоох юм бол, хэзээ авлигад идэгдсэн хүмүүсээсээ салах юм бол,салдаггүй юмаа гэхэд ядаж хашиж буй өндөр албан тушаалаас нь хэзээ буулгадаг юм бол…? гэсэн хүлээлт.

Харин М.Энхболдыг УИХ-ын даргаас, Д.Хаянхирвааг МАН-ын бүлгийн даргаас, Су.Батболдыг хотын даргаас огцруулахаа мэдэгдсэн өчигдрөөс хойш нийгмийн сүлжээгээр л лав У.Хүрэлсүхийг дэмжигсэд олноор бий болов. Эндээс МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нийгмийн дэмжлэг асар их байгааг харж болно.

Олон нийт дэмжиж байна гэдэг урагшаа харж ажил хийх асар их боломж юм. МАН намаа болон засгаа Хүрэлсүхээр удирдуулаад,түүнийг дэмжээд 2020 оны сонгууль хүргэхэд дараагийн шанс бас байна гэсэн үг. Тийм л учраас үүнийг олж харсан намынхан нь энэ удаа дахиж Засгийн газраа огцруулахыг дэмжихгүй, харин нөгөө гуравт хариуцлага тооцохыг зөв гэж үзэж байна.У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүнд ч муугүй. АН-ын үлдээсэн асар их өрийн дарамтад байгаа ч гадаад дахь улс орны эдийн засгийн нэр хүнд сайжирч, дотоодод ядаж л ажлын байр нэмэгдэж байна. Жижиг,дунд үйлдвэрийн зээлийн асуудалд зарим сайдууд холбогдсоныг эс тооцвол алба хашиж буй сайдууд нь харьцангуй мэргэжлийн, нэр хүнд сайтай. Олон жил шийдлээ хүлээсэн нефтийн үйлдвэр,төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр,Тавантолгойн шинэчлэл гэхчилэн ажлууд ямар ч байсан эхэлсэн. Эдийн засаг хүнд байна гээд зүгээр суулгүй, нийгмийн эрэлт хэрэгцээг хангах гэж ажиллаж буйд нь олон нийт олзуурхаж байгаа.

Тиймээс Бүлгийн даргаасаа огцорсны хариуд Засгийн газрыг огцруулна хэмээн бачимдаж яваа УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа мэдрэмжгүй байна.

Магадгүй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэмээх суудал маш их үнэтэй учраас Засгийн газартай зэрэг огцорно хэмээн хашхирч яваа бололтой. Сүүлийн үед нээх яриагүй,сэмхэн мартагдаад байсан л болохоос 60 тэрбумын асуудал нэг үг хэлэнгүүт л нийгэм шуугиад ирэх дуулиант бөгөөд том сэдэв. Жижиг,дунд үйлдвэрийн сангаас зээл авсан улстөрчид зээлээ төлснөө нотолчихоод уучлалт гуйчихвал 60 тэрбумын дэргэд “жижиг явдал”. Түмний авах ёстой мөнгийг төрийн түшээд авснаараа уучилшгүй алдаа хийсэн. Гэхдээ төрийн албыг зарж, төрөл садан ах дүү нараа шургуулж, авлигын мөнхийн сүлжээ үүсгэсэн хэргийн дэргэд ариун шахуу явдал гэхэд болно. Засгийн газрыг бүхэлд нь ЖДҮ-тэй холбон буруутгах үндэслэл бас бага.

Тэгээд ч бүлгийн даргаасаа огцорсныхоо төлөө засгийг огцруулна гэдэг өнөөдөр МАН-д У.Хүрэлсүх лидер үү,Д.Хаянхирваа лидер үү гэдэг шиг утгагүй сонсогдоно. МАН-ын нэр хүнд бүхэлдээ унасан,тэр байтугай МАН-аас 65 нь бүрдэх УИХ-ын нэр хүнд шалан дээр очсон ийм эгзэгтэй үед Засгийн газрын тэргүүн олны дэмжлэгийг авч байна гэдэг үнэхээр олз. Тэгээд ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулаад дараа нь хэний засгийг гаргана гэж? Хэн лидер,манлайлагч шиг харагдаж байна? У.Хүрэлсүхээс өөр хүн өнөөдөртөө алга.

Энэ бүхнээс харахад засгаа оролдолгүй үлдээгээд,дээр дурдсануудаа огцруулаад нам,төрөө аварч үлдэх цорын ганц боломж байна. МАН-д У.Хүрэлсүх лидер үү, Д.Хаянхирваа лидер үү гэж асууж байгаа мэт утгагүй явдлаа одоо зогсоо,МАН-ынхаан.

Г.Сартуул

gereg.mn


URL:

Нэр: зочин Огноо: 15 November 2018

хаянхярваа одоо больчих оо болоош дэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.