Донтогсдыг муу зуршлаасаа салахад нь бүгдээрээ тусалъя

Drug_AbuseМансууруулах бодисын донтолтоос гарахаар сайн дураараа дахин дахин эмнэлэг бараадаж буй өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистикийг харвал энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөх эм бэлдмэлд донтон, давтан эмчлүүлж буй таван хүн байна. Харин сүүлийн дөрвөн жилийн байдлаар ийм хүмүүсийн тоо 14 болжээ.

Давтан эмчлүүлж буй шалтгааныг мэргэжилтнүүд өвчтөнтэй ажиллах иж бүрэн тогтолцоо бүрдээгүйтэй холбон тайлбарлаж байна. СЭМҮТ-ийн их эмч Д.Баттөр “Мансууруулах бодист донтох өвчний эдгэрлийн тойрогт хамгийн аюултай нь халтиралт юм. Эмчилгээ хийлгээд явж байгаа ч гэсэн эрсдэлтэй орчин, зан байдалд хүрвэл өнөөх бодисоо дахиад л хэрэглэчихдэг тул амархан сэдэрдэг. Тиймээс өвчтөний гэр бүл, нийгмийн орчинтой нь сайн ажиллаж, гэр бүл, эрүүл мэнд, хуулийн болон нийгмийн олон талт үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Ядаж л эмнэлгээс гарсных нь дараа мансууруулах бодис хэрэглэхгүй амьдрах сэдлийг үргэлж төрүүлж байдаг өөртөө туслах бүлгэмд хамруулах хэрэгтэй” гэв.

Нөгөөтэйгүүр, мансууруулах бодис хэрэглэх нь Зөрчлийн хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог тул өвчтөнүүд хэн нэгнээс нээлттэй тусламж авах, мансуурах донтой орчноосоо салах боломжийг хааж байгаагаараа хамгийн том саад болж байна. Үүнийг хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид олж харж байна уу. Гэтэл үүнийг олж харахгүйгээр мансууруулах бодисын аюулаар улс орноо аварсан туршлага тун бага аж.

Хар тамхины эсрэг дайнд хүн төрөлхтөн үргэлж ялагдаж ирсэн. өдгөө Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте үүний эсрэг сүр дуулиантай тэмцэж буй удирдагч. Тус улсын үндэсний цагдаагийн газрын тоон мэдээллийг харвал энэ оны есдүгээр сарын байдлаар хар тамхитай холбоотой хэргээр 4798 хүнийг баривчилсан бөгөөд цагдаагийн газраас орон даяар явуулсан ажиллагаанд 1011 хүн, цагдаагийн 10 албан хаагч амь үрэгдсэн байна. Харин 1507 хүн хар тамхитай ямар нэг байдлаар холбоотой шалтгаанаар амиа алдсаныг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

• Давтан эмчлүүлж буй шалтгааныг мэргэжилтнүүд өвчтөнтэй ажиллах иж бүрэн тогтолцоо бүрдээгүйтэй холбон тайлбарлаж байна.

• Цус асгаруулсан, ширүүн ширүүн тэмцлээр улс орноо хар тамхины аюулаас холдуулсан туршлага үгүй.

• Хүний эрхийг дээдэлсэн, халтирсан нэгнээ нийтээрээ тулж, түшдэг хандлага сэтгэлээр хар тамхины үр дагавар, хэрэглээг бууруулсан түүх бий.

Харамсалтай нь, ийм ширүүн, цус асгаруулсан, хатуу чанга арга барилаар улс орноо хар тамхины аюулаас холдуулсан туршлага бараг л үгүй аж. Тиймээс ч Филиппиний тэмцэл онцгой биш гэж тодотгосон шинжээчдийн үгийг энд онцолъё. Үүний оронд хүний эрхийг дээдэлсэн, халтирсан нэгнээ нийтээрээ тулж, түшдэг хандлага сэтгэлээр хар тамхины үр дагавар, хэрэглээг бууруулсан амжилттай түүх Португал, Швейцарт бий аж. 40 жилийн дарангуйллыг халсны дараа Португал улс эдийн засгийн хувьд сэргэж, бие даахаас гадна хар тамхитай эрчимтэй тэмцэж чадсан юм. Португалчууд мансууруулах бодисоос хамааралтай, хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсээ манайхан шиг хүний тооноос хассангүй. Харин ч өршөөж, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, эргээд нийгэмд нэгтгэх хууль эрх зүйн боломж, үйл ажиллагааны бүтцийг бий болгосон байна. Харин Швейцар Улс мансууруулах бодисын хор уршгийг бууруулахад чиглэсэн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлж, хажуугаар нь соён гэгээрүүлэх мэдээлэл сурталчилгааг эрчимтэй явуулсан түүхтэй аж.

Хамгийн гол нь энэ бол мансууруулах бодистой холбоотой аливаа үйл ажиллагааг тэр чигт нь гэмт хэрэг гэж үздэг уламжлалт хандлагыг халж, хэрэглэгчид нь хохирогч, өвчтөн тул бүх нийтээрээ тусалж, дэмжих ёстой гэсэн соёл, сэтгэлгээний өөрчлөлт юм. Нэршлийн хувьд ч ялгаагүй. Мансууруулах бодис хэрэглэсэн бол нийгмийн “хог шаар” гэж ойлгодог, нэрлэдэг байсан бол одоо мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүс зэрэг нэршил бий болсон нь нийгмийн хандлагыг өөрчилсөн маш том ахиц байсан аж. Энэ бол хүмүүсийн муу, хор уршиг ихтэй зуршлыг өөгшүүлсэн хэрэг биш. Харин бодит байдалтайгаа нүүр тулж, хар тамхитай тэмцсэн түүх бас ололт гэхэд буруудахгүй.

Манай улсад уг нь иймэрхүү дэвшилтэт үзэл санаа шингээсэн нэг хөтөлбөр бий. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлаад яг нэг жил найман сар өнгөрч байна. Гэхдээ өнөөг хүртэл хөтөлбөрийн үр дүнг хэлэлцээгүй байгаа нь бас л цаастайгаа хамт шарлаад үлдэх болов уу гэж эмзэглэмээр. Мансууруулах бодис өсвөр үеийнхэн, залуучуудыг заналхийлж байна гэж маш их, бүр маш их ярьж байгаа атлаа өвчтөн, хохирогчдод чиглэсэн үйлчилгээ алга. Уг нь тэдэнд зориулсан төв босгож, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ гэж үндэсний хөтөлбөртөө бичсэн юм билээ. Гэвч ирэх оны төсөвт ийм үйлчилгээ, төв байгуулахаар барилгын санхүүжилт олгох санал хүргүүлсэн ч тусгагдаагүй гэдгийг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл хэллээ. Бас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн өнөө маргаашгүй нурах гэж буй барилгыг ч сэргээх төсөв тусгаагүй аж.

Тиймээс мансууруулах бодист донтсон, муу зуршилтай иргэдээ хүний тооноос хасаж, ялгаварлан гадуурхсаар байгаа төрийн энэ хариуцлагагүй, хүйтэн хандлагыг таслан зогсоохын тулд бүгдээрээ шахаж шаардъя. Уг нь эмчилгээ үйлчилгээг нь сайжруулаад өгвөл адилхан асуудалтай хүмүүс нэгнийхээ үгийг илүү хүлээн авч, ойлгодог, тэр хэрээр эмчилгээ үр дүнтэй болдгийг СЭМҮТ-ийн эмч нар хэлсэн. тиймээс ч манайд хордлого тайлах болон сэтгэл заслын хосолсон 21 хоногийн эмчилгээний үр дүнд жилийн дараа өвчтөн мансууруулах бодис дахин хэрэглэх магадлал 50-70 хувь буурдаг нь дэлхийн жишгээс их өндөр үзүүлэлт.

Өнөөдөр бид мансууруулах бодисын хэрэглээг гэмт хэрэг гэхээсээ илүү нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж үзэж бодлого, арга зүйгээ зангидах шаардлагатай байна.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.