Зөрчлийн тухай хуулийн зөрчлүүд

7f721c8fc93b5156635cc10cc07e6bf9e93951d6Өнгөрсөн оны тавдугаар сарын 11-ний өдөр батлагдаж, долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн талаар нийгэмд олон талтай шүүмжлэл өрнөсөөр байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль бизнес эрхлэгчдэд дарамт учруулж, эдийн засгийг боомилж байгаа талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Лхагважав мэдэгдэж байв. Мөн Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын гш ишүүн Ж.Батзандан, Л.Болд нар санаачлан зохион байгуулсан. Зөрчлийн тухай хууль хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдаж байна гэж үзэж уг хуулийг дөнгөж батлагдсаны дараа Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” ТББ мэдэгдэл гаргаж байв.

Уг мэдэгдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг бид дэмжсээр ирсэн, өнөөдөр ч бид дэмжиж байна.

Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсан нь аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтны сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болох нийгэмд халтай үр дагавар хэвээр үлдээж байна гэж бид үзэж байна. Шинэ хууль нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч хамрах хүрээ, нэр томъёо, хариуцлага тооцох этгээдийг нарийвчлан тодорхойлоогүйгээс “гутаан доромжилсон” гэдгийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан тодорхойлох болж байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй тул энэ чиглэлээр Дээд шүүхийн тайлбарыг гаргахыг шаардаж байна гэсэн байдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасан байтал Зөрчлийн хуулиар хувь хүн, байгууллагыг торгоно гэж байгаа нь хариуцлагыг давхардуулан хүлээлгэх эрсдэлтэй гэдгийг ч дээрх мэдэгдэлд дурдаж анхааруулж байсан юм.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жил дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсний дараахь байдлаар дээр дурдсанчлан хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан эрсдлүүд бий болжээ. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хууль хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд илт халдаж эхэлсэн байна. Энэ он гарсаар 100 гаруй сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтын дагуу цагдаагийн байгууллагад дуудагдаж, торгууль, шийтгэл хүлээжээ. Зөвхөн тавдугаар сарын 30-ны байдлаар л гэхэд 49 хэрэгт 98 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох гэдэг хоёр өөр агуулга бүхий заалтыг нэгтгэн Зөрчлийн тухай хуульд оруулснаас эхлээд зөрчлийн хуулийн зөрчил эхэлж байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн салбарын төрийн бус байгууллагууд, мэргэжлийн судлаачид, хуульчид хэлж байна.

Хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, иргэн хэнд ч гэсэн их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах боломжийг энэхүү хуулиар олгожээ. Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” гэдэг үндэслэлээр гаргасан гомдлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж шийдвэрлэж байгаагаас харахад хэт нэг талыг барьсан, торгууль шийтгэл ногдуулах гэж улайрсан байдал харагдаж байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын хоёр гишүүн байнгын хорооны хуралдаан дээр бие биеэ элдвээр хэлснийг нь тэр чигээр нь бичсэний төлөө нэгэн сайтын сэтгүүлчийг Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутгаж, хоёр сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Монголын хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хянан хэлэлцэж дүгнэлт гаргадаг. Энэ дагуу дээрх тохиолдлыг мэргэжлийн үүднээс авч хэлэлцээд ёс зүйн ямар нэгэн алдаа гаргаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэвч сэтгүүлч төрийн өндөр албан тушаалтнуудын яриаг олон нийтэд хүргэснээсээ болж торгууль хүлээхээр болжээ.

Түүнчлэн нэгэн сэтгүүлч шинээр байгуулгадсан намын даргыг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хэмээн бичиж, түүнийгээ олон нийтийн сүлжээнд нийтэлснийхээ төлөө хоёр сая төгрөгийн торгууль хүлээжээ. Тухайн намын жинхэнэ дарга нь сэтгүүлчийн дээрх үйлдлийг нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэж үзэж гомдол гаргасан юм байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн цагдаагийн албан хаагч сэтгүүлчид хоёр сая төгрөгийн торгуулийн хуудас гардуулж. Харин хуульч Д.Оросоо энэхүү хэрэгт өмгөөлөгчөөр ажилласнаар сэтгүүлчийн гэм буруугүйг тогтоож чаджээ. Тухайн намын даргыг Ш.Сайхансамбууг гэдгийг сэтгүүлч санаанаасаа зохиож, санаатайгаар түгээгээгүй. Энэ талаар өмнө нь мэдээлэл гарч байсан төдийгүй, тухайн тохиолдолд сэтгүүлч олон нийтийн сүлжээнд түгсэн мэдээллийг л өөрийн нүүр номд тайлбартайгаар постолсон байжээ. Эндээс харахад зөрчлийн тухай хуулиар далайлган хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн иргэдээ айлган сүрдүүлж, өндөр торгууль ногдуулах замаар эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх эрсдэл бий болсон аж.

Маргааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулах аргаар шийдвэрлэх зохисгүй уламжлал ардчилсан Монголын нийгэмд оршин тогтнох орон зайтай байж болохгүй. Ийм уламжлалыг цаашид хадгалан үлдээж бас болохгүй. Харин үүнийг хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэх явцдаа хил хязгаарыг давж байгаа асуудлыг олж харж, шүүмжилж, шаардлага тавихдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хааж боогдуулахгүйгээр шийдвэрлэдэг зохицуулалтаар халах ёстой гэж Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Глоб интернэнл байгууллага мэдэгдэж байв. Харамсалтай нь сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэхэд Зөрчлийн тухай хууль том саад болж байгааг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Манай улс дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр 2018 онд хоёр байраар ухарсан нь олон улсад ардчиллын загвар болсон улсын хувьд аюулын харанга дэлдсэн хэрэг юм.

Eagle.mn


URL:

Нэр: golden goose sneakers Огноо: 5 December 2018

Thank you a lot for giving everyone an extremely special possiblity to read critical reviews from this website. It is often so great and also full of a good time for me personally and my office mates to search the blog at least three times per week to find out the new items you have got. And of course, I’m also always fulfilled concerning the remarkable secrets served by you. Selected 4 ideas in this article are in truth the simplest I have had.
golden goose sneakers http://www.goldengoose.us.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.