Шатахууны үнэ буурах найдлагыг ам.долларын ханш баллуурдаж магадгүй

jlxeuДэлхийн зах зээл дээр нэг баррел газрын тосны ханш (158.9873 литр) сүүлийн хоёр сарын хугацаанд 85 ам.доллараас 65 болж, эрчимтэй буурах хандлагатай болоод байна. “Брент” маркийн газрын тос энэ оны I улиралд дунджаар 67, II улиралд 76 байсан бол өнгөрсөн сарын эхэнд 86 ам.доллар болсон нь 2014 оны сүүлчээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн тохиолдол болов.

АНУ-аас Ираны газрын тосны экспортод тавьсан хоригтой холбоотойгоор зах зээл дээр ийм хүлээлт үүсжээ. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд баррел газрын тосны ханш 65 ам.доллар руу орж шинжээчдийн таамагт түшиглэсэн зах зээлийн хүлээлтийг эвдээд байна. Үүнийг дагаад Монгол дахь шатахууны үнэ дэлхийн зах зээлийн ханштай уялдан хямдрах найдлага олон нийтийн дунд үүсээд байгаа.

Энэ талаар Ерөнхий сайд болон Сангийн сайд нар байр сууриа илэрхийлэхдээ, олон улсын биржид газрын тосны үнэ буурсан ч Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний импортод үзүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоо тууштай үргэлжлүүлнэ. Тиймээс шатахууны үнэ ирэх сараас буурна гэдэг илтгэлтэй байна гэж мэдэгдсэн.

Гэвч шатахуун импортлогчдын зүгээс ам.долларын ханшийн өсөлтөд дөрөөлөн тоймтой бууруулахгүй байх магадлалтай гэх таамаг байгаа юм. Учир нь ам.долларын ханшид 100 орчим төгрөгийн хэлбэлзэл үүсэхэд нэг литр шатахууны үнэд 60-70 төгрөгийн савлагаа үүсдэг гэх судалгаа бий. Сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын ханш 200 төгрөгөөр өссөн гэж үзвэл, шатахууны үнийн өсөлтөд дунджаар 135 төгрөгөөр нөлөөлсөн гэсэн үг.

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ҮҮНЭЭС Ч ИЛҮҮ БАГА БАЙХ ЁСТОЙ

Үүнээс гадна манай дотоодын зах зээл дээр шатахууны үнэ буурахад ОХУ-аас нийлүүлж буй хилийн үнэ, хилийн үнийг тогтоодог дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн цаашдын төлөвийг авч үзэх шаардлагатай. Монгол Улсын нийт шатахууны хэрэгцээний 60 хувийг уул уурхайд ашигладаг дизель түлш эзэлдэг. Үлдсэн 40 хувийг нь жижиглэнгийн худалдаа буюу иргэд, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын хэрэгцээндээ зориулан худалдаж авч байгаа шатахуун эзэлж байна. Тиймээс Засгийн газар хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 болон АИ-80 төрлийн шатахууны Онцгой албан татварыг тэглэх арга хэмжээ авсан ч олон улсын зах зээлийн нөлөөгөөр энэ он гарсаар 500 төгрөгөөр өссөн.

Учир нь зах зээл дээрх жижиглэнгийн үнэд ОХУ-аас орж ирж буй хилийн үнэ хамгийн их нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал, АИ-92 шатахууны өртгийн 73 хувийг ОХУ-аас Монголд нийлүүлж буй хилийн үнэ, 13 хувийг татвар, 13 хувийг компанийн үйл ажиллагааны зардал, үлдсэн нэг орчим хувийг тээврийн зардал эзэлж байна. Энэ тооцооллоор АИ-92 төрлийн шатахууны нэг литрийн ханш өнөөдөр 2,000 төгрөгт хүрээд буй.

Тэгвэл ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэхийн эхлэл байсан бол АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдал нөлөөлжээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан, Венесуэл, Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж олон улсын шинжээчид дүгнэжээ.

Ам.долларын ханшид 100 орчим төгрөгийн хэлбэлзэл үүсэхэд нэг литр шатахууны үнэд 60-70 төгрөгийн савлагаа үүсдэг

 

Газрын тос нийлүүлэгч орнуудын нөхцөл байдалд ийм өөрчлөлт гарснаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилсэн юм. Улмаар ОХУ-ын “Роснефть” компаниас өнгөрсөн савд нийлүүлсэн шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдсэн байдаг. Тухайлбал, AИ-92 шатахууны хилийн үнийг тонн тутамд нь 766 ам.доллараар Монгол Улсад нийлүүлж эхэлсэн хэмээн манай газрын тосны асуудал эрхэлсэн албаныхан тайлбарлаж байв.

Засгийн газар 2016 онд хоёр удаа, 2017 нэг удаа, мөн 2018 онд нэг удаа гэх мэтчилэн АИ-92 шатахууны онцгой албан татварыг бүрэн тэглэсэн ч үр дүнд хүрээгүй нь ийм шалтгаантай. Газрын тосны ханш ийнхүү сүүлийн дөрвөн жилийн дээд төвшинд хүрэхтэй зэрэгцэн олон улсын шинжээчдийн зүгээс цаашид нэг баррел нь 100 орчим ам.долларт хүрч болзошгүй гэх таамаг дэвшүүлж байсан. Ийм таамаг дэвшүүлэхэд их гүрнүүдийн хоорон дахь худалдааны дайн эрчимжих, АНУ-аас Ираны экспортод тавих хориг үргэлжлэх, ОПЕК-ийн бусад гишүүд Нигер, Ливи, Алжер, Аргентин зэрэг улс нь эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн нийлүүлэлт буурч үнэ өсөж болзошгүй зэргийг дурджээ.

Ялангуяа, Ираны экспортод хориг тавьсан нөлөөгөөр газрын тосны зах зээлд өдрийн 1.5 сая орчим баррел, Ираны хориг бүрэн хэрэгжиж эхлэх үед 2.5 сая баррелын хомсдол үүсэхээр байгаагийн дээр улс орнууд нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд өсгөж чадахгүй байна гэж анхааруулж байлаа. Гэвч газрын тос экспортлогч орнуудын нэгдэл буюу товчилсон нэрээр ОПЕК дэлхийн газрын тосны ирэх оны эрэлтийг өнгөрсөн долоо хоногт бууруулан зарласан. Түүнчлэн АНУ Ираны хоригоос найман улсыг түр чөлөөлсөн зэрэг нь ойрын хугацаанд хэт нийлүүлэлт үүсэх магадлалтай аж. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Газрын тосны ханш үүнээс ч илүү бага байх ёстой” хэмээн жиргэсэн юм.

ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР МӨНГӨ ТАРААХ ШААРДЛАГАГҮЙ

Ерөнхийдөө дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурч эхэлсэн, манай Засгийн газраас Онцгой албан татварыг тэглэсэн байгаа тул шатахууны үнэ буурах бүрэн боломж нээгдээд байна. Гэвч АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх шийдвэр ам.долларын ханшийг чангаруулах таамаг байгаа юм. Энэ нь газрын тосны ханшийн өсөлттэй харьцуулахад бага нөлөө үзүүлнэ. Иймд газрын тосны ханш буурах хандлагатай болсон тул үнэ тогтворжуулах нэрээр мөнгө тараах шаардлагагүй болж байна.

2012 оны аравдугаар сараас Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаал гарч, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Уг хөтөлбөрт “Ник” ХХК, “Петростар” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай” ХХК, “Сод монгол групп” ХХК, “Петрожамп” ХХК, “Жаст Ойл” ХХК, “Мон петекс” ХХК, “Ойн бирж” ХХК, “Хөрс авто сервис” ХХК, “Монсуль” ХХК, “Рысжан” ХХК, “Ундарга Увс” ХХК “Синчи ойл” ХХК гэсэн өнөөх олигополь тоглогчид төрийн ивээлд багтсан. Ингэхдээ “Ник” -д 57.4 тэрбум, “Петростар’’-д 24 тэрбум “Магнай трейд” компанид 42 тэрбум, “Шунхлай”-д 35.2 тэрбум, “Сод монгол” 20 тэрбум, “Жаст Ойл”-д 18.7 тэрбум төгрөг зэргээс татаас олгосон байдаг.

Тухайд Монголбанкнаас дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012.11 сараас 2014.03 сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байна.

Харин арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж дэд хөтөлбөрт хамрагдсан шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Мөн Монголбанкнаас дээрх компаниудын шатахуун татан авалтад зориулж 2013.01.25-2015.03.18-ны хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна.

Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк 354.2 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг. Гэвч хөтөлбөр зогссоны дараа зах зээл дээр газрын тосны үнэ дөрөв дахин буурахад Монголын шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ бууруулаагүй юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

URL:

Сэтгэгдэл бичих