Монгол гаралтай Хятадын дуучин од болов

Зүүн өмнөд Азийн одууд барагтай бол өөрийн зах зээлээс гарч дэлхийн хэмжээнд очдоггүй. Харин Хятадын хамгийн том поп од дуучин, дуу зохиогч Sa Dingding энэ байдлыг эвдэж магадгүй байна. Тэрээр дорно дахины уламжлалт хөгжмийг орчин цагийн электрон хөгжимтэй хослуулдаг бөгөөд түүний дуу хөгжмүүдийг барууны хэвлэлүүд Bjork-той зүйрлэдэг. Түүнийг барууны зах зээл дээр гарахад нь туслахаар дэлхийн хамгийн том хөгжмийн бизнесийн групп “Universal Music Group” Sa Dingding-тай саяхан гэрээ байгуулсан байна гэж “BBC” агентлаг мэдээлж байна.

Түүний талаар сонирхуулбал тэрээр Хан болон Монгол цустай. Мандарин, Санскрит, Төвд хэлээр ярьдаг. Түүнчлэн дуундаа илэрхийлж буй эмоцийг илэрхийлэхийн тулд өөрийн зохиосон хиймэл, зүйрлэлийн хэлээр дуугаа илэрхийлдэг.Мөн ятга (guzheng) морин хуур (matouqin) тоглож чаддаг гэжээ.

Са Дингдинг 1983 онд Хятадын Өвөр Монголд төрсөн бөгөөд аав нь Хятадын Хан угсаатан, ээж нь Монгол гаралтай Өвөр Монгол хүн гэнэ. Тэр зургаан нас хүртлээ Өвөр Монголд амьдарч байсан аж. Багаасаа Төвдийн буддизмыг сонирхох болсноор төвд болон санскрит хэл сурсан. Сүүлд нь Бээжинд очиж Бээжингийн Хөгжмийн төв консерваторт хөгжим болон философи судалсан байна. Са Дингдинг 18 настайдаа анхныхаа “Dong Ba La” гэдэг нэртэй цомгийг Zhou Peng гэдэг нэрээр гаргасан бөгөөд Хятадын шилдэг бүжгийн хөгжмийн шагнал хүртсэн. 2006 онд түүний “Holy Incense” /Ариун хүж/ хэмээх аяыг найруулагч Sherwood Hu-гийн найруулсан “Prince of the Himalayas” киноны хөгжимд ашигласан. 2007 онд Са Дингдинг “Alive” гэдэг цомгоо гаргасан нь дэлхийн олон оронд зарагдаж байна. 2008 онд Са Дингдинг “BBC Radio 3” сувгийн Ази Номхон далайн бүсийн шилдэг дуу хөгжим шагналыг хүртсэн бөгөөд барууны үзэгчдэд зориулж Их Британийн түүхт “Royal Albert Hall”-д тоглосон. 2010 оны нэгдүгээр сард тэр “Harmony” гэдэг нэртэй цомог гаргасан. 2010 оны 5 дугаар сарын 18-нд Са Дингдинг Европт хийх аялан тоглолтоо эхэлсэн бөгөөд Германы Цюрих, Их Британийн Лондон хотуудад аялан тоглолтоо хийгээд байна. Түүний CD, DVD одоогийн байдлаар дэлхий даяар хоёр сая орчим хувь зарагдаад байна гэж “BBC” агентлаг дамжуулж байна.

Т.Бадрах


URL:

Сэтгэгдэл бичих