Хөгжлийн банкнаас “Шинжиан шинфа” компанийн санхүүжилттэй холбоотой асуудлаар тодрууллаа

15428533135bf612c15b8c7

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр БНХАУ-ын нэр бүхий  замын компанийн санхүүжилттэй холбоотой мэдээллүүд гарсны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад дараах хариултыг өглөө.

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Шинжиан шинфа” замын компанийн санхүүжилтийн талаар мэдээлэл цацагдлаа. Энэ компани хаана ямар ажлууд хийж гүйцэтгэсэн байдаг вэ?

-УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг баталж хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд 2016 он гэхэд 5,572 км авто замыг шинээр барьж авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Шинжиан шинфа компани Алтай-Баянхонгор /128 км/, Улаангом-Наранбулаг /90 км/, Улаангом-Хяргас нуур /100 км/  чиглэлийн авто замын барилгын ажлыг 2012-2015 оны хооронд хийж гүйцэтгэн улсын комисс хүлээн авсан байдаг.

-Хөгжлийн банкнаас хэзээ, ямар эх үүсвэрээр санхүүжүүлсэн, нийт хэдэн төгрөгийн санхүүжилт олгосон байдаг вэ?

-Засгийн газрын 2011-2015 оны тогтоолууд болон 2015, 2016 оны Төсвийн тухай хууль, эдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  дагуу орон нутгийн автозамын барилга, хяналтын зөвлөх үйлчилгээ, зураг төслийн зөвлөх үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлэхээр баталж улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр “Чингис” бондын эх үүсвэр болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Эдгээр тогтоолуудын дагуу ЭЗХЯ (хуучнаар), Сангийн яам, Зам тээврийн яам, Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ”-нүүдийг байгуулсан. Мөн захиалагч буюу Зам тээврийн яам, санхүүжүүлэгч буюу Монгол Улсын Хөгжлийн банк болон ажил гүйцэтгэгч буюу аж ахуйн нэгж гэсэн талууд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, банк нь захиалагчаас баталгаажуулсан төлбөрийн даалгавар, ажлын гүйцэтгэлийг үндэслэн “Шинжиан шинфа” ХХК-д 2012-2015 онд нийт 87.7 тэрбум төгрөгийн болон 20.5 сая ам.долларын санхүүжилтийг олгосон байдаг.

Эдгээр төсөл нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй тул төсөвт тусгагдан батлагдаж, эргэн төлөгдөнө гэсэн үг. Үүний дагуу УИХ-ын 2016 оны  81 дүгээр тогтоол, Засгийн газрын  2016 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 42 дугаар тогтоолын хүрээнд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрүүдийн үүссэн өр, авлагыг Сангийн яаманд шилжүүлэх тооцоонд орж хаагдсан бөгөөд захиалагч яаманд холбогдох материалыг шилжүүлсэн.

Бид энэ асуудлаар Сангийн яам болон Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулан хүргэх болно.

Эх сурвалж: Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих