ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИШИГ ТӨВТЭЙ БОЛНО

НҮБ-ийн Ерөнхий Ассамблэйгээс жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тэгвэл энэ өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Хүртээмжтэй орчин, загвар дүүрэг” аяныг хэрэгжүүлэх гэж байна. Уг ажлын эхлэл болгож, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх арга зам” хэлэлцүүлгийн зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс алба болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албад мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг, эхийн  төлөөлөл оролцсон юм.

Аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гадаад дотоод орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх түүнчлэн хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх жишиг байртай болох зэрэг санал санаачлагууд гарсан юм.

Жишиг байрны тухайд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд байрлах бөгөөд уг байрыг засварлахад 35 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Харин хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд бэлэн болон бус хандив өгч, уг байрыг нэн даруй ашиглалтад оруулахыг дэмжлээ.


URL:

Сэтгэгдэл бичих