ЖДҮХС-аас зээл авсан баримтыг сейфээр нь аваачиж жалганд шатаажээ
ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон нэр нөлөө бүхий удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар хэд хэдэн байгууллагаас шаардлага хүргүүлж хандсан. Гэхдээ УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй. Яагаад гэвэл гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө. Харин нэр нөлөө бүхий эрх баригчдын заримыг албан тушаалаас нь чөлөөлж, компанийн удирдлагууд болон ЖДҮХС-аас зээл олгох эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг сангаас зээл олгосон гэх баримтуудыг сейфээр нь аваачиж жалганд шатааж, баримтыг устгасан гэх ноцтой мэдээлэл өчигдөр гарч эхлэв.
Олон сангуудаар дамжуулж авч байсан зээлийн материал хаана байгаа гэдгийг шалгах явцад баримтуудыг жалганд аваачиж шатаасан тохиолдол гарсан. Мөн ЖДҮХС-ийн харьяаллыг олон дахин шилжүүлсэн баримтыг ч үгүй хийсэн байсан талаар хуульч Ж.Эрхэмбаатар ярьжээ.
Эдгээр сангуудаас зээл авсан хүмүүсийн зээлийн материал хаана байна, зээл нь төлөгдсөн эсэхийг мэддэггүй. Зээлийн бүртгэл байдаггүй гэх.
Зээл олголтын талаарх мэдээлэл нотлох баримтыг зориуд саармагжуулж, төрийн албанд хэд дахин дамжуулж нааш цааш шидэлцэж байх хооронд алга болдог учраас энэ зээлийг авах гэж үхэн хатан зүтгэж давуу байдлаа ашиглаж байгаад эрх баригчид авдаг байна.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны тогтворгүй байдлыг ашиглаж зээл аваад төлдөггүй байх жишээтэй. Зээл авсан сан нь татан буугдах юмуу, эсвэл олон газраар баримт материал дамжиж сүүлдээ ор сураггүй алга болдог гэдгийг хуульчид онцлон ярьжээ.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: