Ц.Нямдорж оо, чи сургуульд сурах хэрэгтэй юм байна

ИННОВАЦИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигд­рийн хуралдаанаар мөн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль, энэ хуулийн төслийг батал­сантай холбогдуулан нэлээдгүй олон өөрчлөгдөх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хуралдлаа.

Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба болон Засгийн газраас өргөн мэдүүлээд байсныг нь нэгт­­гэх нэг ажлын хэсэг байгуулагдсан аж. Өнгөрсөн долоо хоногийн нэгд­сэн чуул­ганаар уг асуудлуудыг хэлэл­цэж бай­гаад завсарласан нь ийн үргэл­жил­лээ.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир шинжлэх ухааны байгууллагуудын хүрээнд энэ талаар хэрхэн ажиллаж, орол­цож байгааг лавласан юм. Үүнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хариулахдаа, төсөл хөтөлбөрүүд хэрэг­жиж байгаагийн зэрэгцээ одоо буй хөрөнгөнийхөө гуравны хоёрыг хүртэл зарцуулаад явж байна гэсэн.

УИХ-ын гишүүн Х.Наранхүү им­пор­тыг орлосон бүтээгдэхүүн, шинээр хийсэн бүтээгдэхүүн хоёрын ялгааг хуулийн төслөөс олж харахгүй байна, үүнийг хэлж өгнө үү гэсэн юм. БСШУ-ны сайд хариулахдаа, гурван чиглэлээр тухайн бүтээгдэхүүнд шаардлага тавьдаг, одоо манайд хэрэглэж байгаа­гаас илүү үр дүнтэй бүтээгдэхүүн гарч байна гэхэд тэр нь инновацид хамаарч болох аж. Жишээ нь “Дархан -44” гэх галд илүү тэсвэртэй, ургац сайн өгөхүйц бүтээгдэхүүн байна гэж ярив.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, яагаад хоёр хуулийн давхардал яваад байна вэ, шинэ бүтээгдэхүүний талаарх судалгаа, шинжилгээ бий юу ер нь, хуулийн төсөлд гадаад нэр, томъёо их байна, үүнийг цэгцэлж болохгүй юу, мөн энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор яагаад хэлэлцээгүй юм бол, чухам аль салбарт инновацийг хэрэгжүүлэх вэ гэх зэргээр асуусан.

Асуулт, хариулт дуусч санал хэлэх үеэр, УИХ-ын гишүүн Х.Наранхүү инноваци гэдгийг нэр томъёоны хувьд нь нэлээд тайлбарлаж, шинэ бүтээгдэхүүн болон импортыг орлож байгаа, манайд байхгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг инновациас ялгах хэрэгтэй гэсэн бөгөөд ер нь инноваци бол хаана ч байхгүй бүтээгдэхүүн л гэсэн утгатай хэмээсэн юм. Тэрнээс бус шинээр нэр томъёо гаргаад оруулж ирэх нь хэцүү л дээ. Монголын хувьд хаана ч байхгүй шинэ бүтээгдэхүүн, ямар нөхцөлд гарч ирэх вэ гэвэл гадаадаас шинэ бүтээгдэхүүн аваад, түүнийг манайд нутагшуулах гэсэн л үг шүү дээ гэж тэрээр хэлсэн. Энэ хууль нь манай оюуны өмчийн болон Патентийн хуультай бас холбогдох ёстой. Харин яг энэ оруулж ирсэн байдлаараа бол батлагдан гарахад хэцүү байдал харагдаад байна гэж Х.Наранхүү гишүүн хэллээ.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд, энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг гэдгийгээ хэлээд, мэдээж энэ хоёр хуулийг хэлэлцэх байх, гэхдээ гишүүд анхааралтай хандаж, ажиллаж өгөөсэй гэсэн юм. Түүнчлэн Н.Ганбямба гишүүн, хоёр хуулийн төслийг хамтатгаад явахад буруудахгүй, энд ярьж байгаа гишүүдийн хэлсэн, ярьсан бүгд л хуулийн төсөлд байгаа хэмээн хуулийн төслөө хамгаалж байсан бөгөөд “УИХ-ын чуулганы танхимд байгаа сандал, ширээг Лаосаас авчирсан. Харин гишүүдийн үгээ хэлдэг микрофоныг Хятадын Эрээн хотоос авчирсан биз. Бид ядахдаа дотооддоо микрофон мэтээ үйлдвэрлэдэг болмоор байна. Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс өөр хөгжлийн гарц байх­­­­гүй” гэсэн байна. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад дэмжигдсэн байна.

БӨХЧҮҮДЭД ЦОЛ ӨГӨХ ЭСЭХ НЬ МАРГААН ДЭГДЭЭВ

Үүний дараа Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийн талаар гишүүд хэлэлцэв. Энэ хуулийн төс­лийн агуулга нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ 12-р сарын 29-нд зохиогдох Үндэсний бөхийн барилдаанд цол өгөх зэргийг тусгажээ.

Гишүүн Н.Ганбямба, асуудалд анхааралтай хандаж, тэрхүү баярт өдрийг тэмдэглэх өдөр дээр нь тодорхой судалгаа, шинжилгээтэй хандах нь зүйтэй хэмээв. Харин хууль санаачлагч гишүүн Н.Батбаяр, түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил болно гэдгийг хэлж, манжийн дарлалаас чөлөөлөгдсөн манай ард түмэн тусгаар тогтнолоо баяр болгон тэмдэглэж яагаад болохгүй гэж тайлбарлав.

Мөн Д.Ганхуяг гишүүн уг хуулийн төслийг дэмжихэд болохгүй гэх газаргүй гэдгийг хэлж, хуулийн төсөлд оруулж ирж буй гол ялгаа, нэмэлтийг нь тодруулсан. Н.Батбаяр гишүүн, энэ жил олон түүхт ойг тэмдэглэж байгааг дурдаад, тэдгээр баяруудын дотроос хамгийн чухалд нь энэхүү 100 жилийн ой тооцогдоно гэдгийг тайлбарласан юм. Тэрээр 1911 онд юу болсныг санахаа байтлаа бид түүхээ мартсан байна. Бид сармагчин биш хүн гэдгээ нотлохын тулд энэхүү эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх хэрэгтэй гээд холбогдох түүхэн баримт бичгийг авчирснаа уншиж сонсголоо.

Ингэж түүх уншсан нь Ц.Нямдоржийн дургүйцлийг хүргэсэн бололтой. Тэрбээр “Би ч гэсэн түүхээ мэднэ. Ингэж сүржигнэх хэрэг байна уу. Бөхийн цолыг өгөх асуудлыг энэ удаа болих нь зөв байхаа, бөх барилдана л биз. Жилд ганц өгдөг цолыг хоёр болгож өгөхгүй байхын учир шалтгааны талаар манай урдаа барьдаг их аваргууд ярилцлага өгсөн байна билээ. Харин тэр амралтын өдрийг бас яриад л шийдье. Ер нь ингээд бие биенээ маргалдах нэрээр янз бүрээр дайрч давшлахаа болих нь зөв байхаа гэсэн юм. Мэдээж Н.Батбаяр мөчөөгөө өгөлгүй “Ц.Нямдорж оо, чи сургуульд сурах хэрэгтэй юм байна. Түүхээ судлаач ээ” гэж зүтгэсээр байлаа.

УИХ-ын гишүүн Р.Раш мөн саналаа хэлж, сайхан тэмдэглэе, амралтын өдөр байх нь зүйтэй, харин цол өгөх нь хэр зохистой юм бол гэх зэргээр ярилаа.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, энэ талаар хангалттай ярилаа, нэг тал руугаа туйлшрахаа болих хэрэгтэй, амралтын өдөр, баяр цэнгээн бидэнд олдсон уу гэхээс багадаагүй” гэж байснаа “Би бас хүүхэд насандаа бөхөөр оролдож байсан, чөлөөт бөхийн зэрэгтэй тамирчин шүү” гээд “хадуураад” явчих нь тэр.

Үүний дараа гишүүн Д.Загджав хуулийн төслийг дэмжиж буйгаа хэлээд, Та нар битгий ингэж цэцэрхээд бай, ингэж бүх асуудлаа ингэж бөөгнүүлээд оны эцэс рүү хамаг асуудлаа оруулж ирдэг зэрэг дутагдлаасаа салах хэрэгтэй гэж тайлбар хэлж маргалдаад буй гишүүд рүүгээ чичлэв.

Ийн хэлэлцээд баяр ёслолтой холбоотой буюу “амралтын өдөр болгон тэмдэглэж байх”, “бөхийн цол олгодог болох эсэх”-ийг ямартаа ч хэлэлцээд явья гэж үзээд Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийдсэн байна.

Дараагийн асуудлыг хэлэлцэх болоход чуулганыг нэлээд гишүүд орхиж гарсан байсан тул УИХ-ын дарга танхимыг аядуу хүлээцтэй байдалд байлган, чуулган хэсэг зуур саатсан.

Ингээд танхимд ирц бүрдсэний дараа “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэхийг гишүүд дэмжсэн юм. Мөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр тогтлоо. Ингээд танхимд гишүүдийн ирцийн байдал хангалтгүй байгаа болон үдийн завсарлага болсон зэргийг харгалзан УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулсан байна.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих