Нийтийн эрх ашиг танд хамаагүй

Монгол хүн эх орондоо сэтгэл хангалуун, тэр дундаа нийслэлд эрүүл амьдарна гэж санахын ч хэрэггүй мэт. Өөрөөр хэлбэл,   Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бохирдлын концентрац чанарын стандарт хэмжээнээс 10-25 дахин их болсон нь дэлхийн хэмжээнд бохирдлоороо толгой цохиж явна. Хүний эрүүл мэнд болоод эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэхүү агаарын бохирдлыг бууруулахын тулд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч үр дүнд хүрсэн нь үгүй. Харин манай улсын агаарын бохирдол гадныхны анхаарлыг хэдийнээ татаад эхэлчихжээ. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар олон улсын судлаачид манай судлаачидтай хамтран судалгаа хийсэн.

Тус судалгаанд гэр хорооллын айлуудын хэрэглэж буй гэрийн болон уурын зуухны тоосонцрын ялгарлыг 80 хувь бууруулахад л агаарын төлөвтэй байгаа аж. Гэсэн ч агаарын бохирдлын байх ёстой дэлхийн стандартыг манай улс хангаж чадахгүй гэнэ. Хангахын тулд агаарын бохирдлыг одоо байгаагаас 94 хувь хүртэл бууруулах шаардлагатай ажээ. Нэг cap болон түүнээс дээш хугацаагаар хотод амьдарсан иргэдээс ганц эрүүл хүн олно гэвэл өвсөн дундаас зүү хайхтай адил мэт санагдана. Энэ нь хэн нэгний зориудын зохион байгуулсан үйл ажиллагаа биш боловч олон мянган гэм буруугүй иргэд хохирсоор байна.

Харин агаарын бохирдол нь нийтийн эрх ашгийг зөрчдөг сөрөг үзэгдлийн зөвхөн нэг хэсэг нь. Өөрөөр хэлбэл, орон нутагт ч иргэн хүний амьдрах нөхцөл хаагдаж уул, усаа “самруулж” байгаа. Тухайлбал, Орхон голын эхэнд “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” зэрэг уул уурхайн компаниуд алт олборлочихоод нөхөн сэргээлт хийлгүй орхисон. Үүнээс улбаалж Орхон гол бохирдоод зогсохгүй мөнгөн ус холилдсон голын уснаас болж нутгийн иргэд эрүүл мэндээрээ хохирч буй талаар ярьдаг ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй л байгаа.

Ийм нөхцөлд тухайн иргэн өөрийн эрх ашиг, байгаль орчноо хамгаалах үүднээс шүүхэд гомдол гаргах эрхтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.1.1 -т “Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” хэмээн заасан байдаг. Харин нэхэмжлэхийн тулд өөрийн болон байгаль орчны бодит хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байх шаардлагатай гэнэ.

Мөн шүүхэд 70 мянган төгрөг тушаах ёстой юм байна. Ер нь иргэдэд сэтгэл байв ч байгаль орчин, эрүүл мэндээ хамгаалах нөхцөл нь бүрдээгүй гэсэн үг. Сүүлийн үед “Нийтийн эрх ашгийн стратегийн өмгөөлөл” хийдэг хүний эрхийн болон байгаль орчны төрийн бус байгууллагууд, хуульчид цөөнгүй бий болсон. Үүний нэг нь “Хүний эрх хөгжлийн төв”. Уг байгууллага нийслэлийн утаанд олон мянган иргэн хордоод байгаа талаар судалгаа хийж байгаа бөгөөд удахгүй Хотын захиргааг шүүхэд өгч өвчлөгсдийн эмчилгээний зардлыг тооцож нэхэмжлэх гэнэ. Дээр хэлсэнчлэн иргэн шүүхэд гомдол гаргах эрх байдаг ч өөрсдийн хохирлын хэмжээг тогтоохоос эхлээд эрх зүйн орчин нь бүрдээгүй учраас нийтийн эрх ашгийг хамгаалж дээрх байгууллага иргэдийг өмгөөлөх аж.

Энэ өмгөөлөл нь жирийн өмгөөллөөс ялгаатай нь гэвэл сонгон авсан тодорхой хэргээр дамжуулж нийгэмд тогтсон сөрөг хандлагыг өөрчлөх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шударга ёс, хуулийн хэрэгжилтийг хэвшүүлэх үндсэн зорилготой. Тэр ч утгаараа нийтийн эрх ашгийн өмгөөллийн үр нөлөө нь ганц хүнд бус олон нийтэд хүрч, эерэгээр үйлчилдэг юм байна. Тиймээс тус байгууллага энэ төрлийн өмгөеллийг дэмжсэн эрх зүйн орчин, соёлыг төлөвшүүлэх шаардлага хууль сахиулагчдад зүй ёсоор тавьсан ажээ.

Өнөө үед нийтийн эрх ашгийн өмгөөллийг дэмжсэн эрх зүйн орчин байхгүйгээс энэ өмгөөлөл Монгол Улсад хөгжих, хүний эрхийг хамгаалахад дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй байгаа юм. Гэтэл “Хүний эрх хөгжил төв”, байгаль орчныг хамгаалах иргэдийн хөдөлгөөнүүд, энэ чиглэлээр идэвхтэй ажилладаг байгууллагууд, хуульч өмгөөлөгчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд шат дараалан маш олон бэрхшээлтэй учирдаг бололтой. Тэгвэл Өмнөд Африк, Энэтхэг, Непал, Унгар, Португаль зэрэг улсад нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэх эрхийг Үндсэн хууль, салбарын хуулиуддаа баталгаажуулсан байдаг аж.

Тэр ч бүү хэл санхүүгийн хувьд дэмжиж хуульчид, ТББ-ууд өмгөөлөл хийхийг нь идэвхжүүлж, түүгээр уламжлан төрийн хууль, нийгмийг дэвшилттэйгээр өөрчилхөд чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Харин манай улсад нийтийн эрх ашгийг хөндлөнгөөс нэхэмжлэх эрх хуулиар хэнд ч олгогдоогүйгээс “Нийтийн эрх ашиг” хуулийн гадна үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад тухайн этгээдийн өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд л шүүхэд нэхэмжлэл гаргахаас уг асуудалд ашиг гаргах эрхгүй.

Харин Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх иргэний хэрэг үүсгэж болно” гэж байдаг ч, бусдын эрх, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэх эрхийг олгосон тодорхой хууль тогтоомжууд хязгаарлагдмал буюу цөөн байгаа. Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.7-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргад асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнх нь талаар асрамж, халамжид нь байгаа этгээдийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэх эрх олгогдсон байдаг .

Үүнээс өөр нийтийн эрх ашгийг хамгаалж ТББ-ууд нэхэмжлэх эрхийг олгосон хууль одоогийн байдлаар манай улсад байхгүй гэхэд болно. Ялангуяа байгаль орчин гэх мэт олон нийттэй шууд холбоотой асуудлуудаар нийтийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэл гаргах эрх ямар ч хууль тогтоомжоор нээгдээгүй. Өнгөрсөн онд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчны хохирлыг нэхэмжлэх эрхийг иргэд болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад олгосон ч байгаль орчны хохирлоос бусад асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй.

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр байгаль орчны сөрөг нөлөөллүүд ихээр бий болж буй өнөө үед буруутай этгээдүүдийн үйл ажиллагаанаас үүдсэн хохирлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэхээс гадна бэлчээрийн газарт ашигт малтмалын лиценз олгох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд иргэдийн оролцоог хангаагүй байна. Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийн олон асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар зохицуулах нь зүйн хэрэг болсон гэлтэй. Харин бусад улс, оронд нийтийн эрх ашигтай холбоотой ямар ч асуудлаар сонирхогч хэн ч байсан шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тиймээс манай улсын хуульд иргэн хүн эрхээ эдлэх тухай заалт бий ч биелүүлэх орчин нөхцөл нь бүрдээгүй байгааг хууль сахиулагчид бодох хэрэгтэй л болов уу. Мөн нийтийн эрх ашгийг хөндлөнгөөс нэхэмжлэх эрх зүйн орчинг бүрдүүлбэл ямар вэ.

М.НАРАНБОЛД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих