Эрчим хүчний саатлууд салбарт шинэчлэл хэрэгтэйг сануулав

02002e55be58296c4f34bbcf9a847426bb12d03cШороон нохой жил эрчим хүчний салбарт халтай байна гэхэд хилсдэхгүй нь. Энэ жил нийслэл даяараа тоггүй болж үзэв. Тэр үйл явдал хоёрхон сарын өмнө болсон бөгөөд улс төрийн өөр сенсациар солигдож, олны хэл ам намжаагүй байтал дахин баруун бүсээрээ цахилгаангүй болов. Ингэснээр улс даяараа өвлийг өнтэй давах баталгаа алга гэх яриа олны дунд үүсээд байна. Үүнийг хамгийн сүүлийн хоёр жишээнд тулгуурлая.

Эрчим хүчний саатлууд салбарт шинэчлэл хэрэгтэйг сануулав

Нэг: Есдүгээр сарын 15-нд  “ДЦС IV” сэлгэн залгалт буруу хийснээс үүдэн “0” зогссон. Өвөл болоогүй, намрын налгар өдрүүд байсан тул нийслэлчүүд арай ч  хөлдчихөөгүй. Чадварлаг инженерүүд шуурхай ажилласны хүчинд тэр өдрөө цахилгаанаар хангасан. Тэр үед албаныхны мэдээлснээр  09.50 цагт цахилгаан тасарсан. Ингээд 15.00 цагт нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээсэн. Харин нийслэлийн баруун хэсгээс  буюу X хорооллын зарим, нэгдүгээр хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлан, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгааныг 22.00 цагийн орчимд засварлан сэргээсэн байдаг. Тэр үед салбарын яамнаас тайлбар хийхдээ “Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” гэсэн байдаг.

Хоёр: Улс төр “буцалж”, нийслэлчүүд амарч байх хооронд баруун бүсийнхэнд тулгарсан энэ үйл явдал дэндүү “хүйтэн” байлаа. Тодруулбал, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт шуурсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас цахилгаан дамжуулалтын хэд хэдэн тулгуур багана унаж, нийт 50 сум цахилгаан, эрчим хүчгүй болсон юм. Ес эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн дүн өвлийн хүйтэнд хөлдөх эрсдэл тэдний хоолойд тулав. Цаг тухайд нь урьдчилан арга хэмжээ авч, одоогоор нөхцөл байдал арай сайжирч, сумдыг цахилгаанаар хангаж эхлээд байгаа. Ховдын аймгийн тухайд Дөргөний усан цахилгаан станц байсан тул гал алдалгүй онцгой объектуудыг хангасан. Салбарын сайдын мэдээлснээр нийт 390 гаруй сая төгрөгийн хохирол гарсан. Эдгээр шугамуудыг 1950 оноос хойш шинэчлээгүй байгаа аж. Мөн тэрбээр бүх сумдад нөөцийн дизель станц байх хэрэгтэй  гэдэг байр суурь илэрхийлээд байгаа.

Эрчим хүчний саатлууд салбарт шинэчлэл хэрэгтэйг сануулав

Салбарын шинэчлэлийг түргэвчилье

Байгалийн үзэгдлийг урьдчилан мэдэж, сэрэмжлэх арга техник улам хөгжсөөр байгаа. Харин шугамуудын шуурганд тэсвэртэй байх эсэхийг хэн мэдэх вэ. “Сүх далайтал үхэр амар” гэгчээр системээ шинэчлэхгүй ийнхүү тайван байсаар  байх уу. Өвлийн эхэн сарын цасан шуурганд унаж буй холбох шугамнууд идэр есийн хүйтэн хийгээд, өвлийн ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдлыг давах уу. ДЦС-ууд хийгээд шугам, баганууд өндөр настай нь маргашгүй үнэн. Харин салбарынхан үүнийг мэдэж, шинэчлэх шаардлагатай бөгөөд урьдчилсан арга хэмжээ авахгүй бол хэн үүнийг хариуцах вэ. Өнгөрсөн оны төсөвт эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад 37 тэрбум төгрөг суулгасан байдаг. Харин ням гарагийн улсын онцгой комиссын хурал дээр салбарын сайдын өгсөн тайлбарт ирэх оны төсөвт мөнгө суугаагүй талаар хэлсэн. Сая дурдсанчлан тус салбарт олон жил зүтгэсэн инженер, холбогдох албан тушаалтан, дарга, сайдгүй салбарын насжилтын тухай ярьдаг. Энэ хүрээнд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс  “ДЦС V” , Оюутолгой, Эгийн голын гэх мэт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр болсон ч дуншсаар сураг алдарлаа. Харин сүүлд болсон хоёр үйл явдал эрчим хүчний салбарын шинэчлэлээ түргэвчлэхийг шаардаж байна.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.