Эрх мэдлээр дулдуйлан хазаар гүйлгэгчид

712-1543418668608b0af0-ddc9-451f-bc01-6b533870f8f9Мөнгө угаалт нь нарийндаа бол төрийн бүлэг хулгайчийн нарийн дэг журамтай хуйвалдаан байдаг

Харц ардын мөрөөдөл
Хагас дундын гадуур сан
Хаад ноёдын ар талын
Хазаар гүйлгэдэг идүүр сан
Монголын жирийн иргэдэд туслах, гарааны бизнесийг дэмжих зорилгоор улсын нэгдсэн төсөвт нэлээд хэдэн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан байдаг юм билээ. Тэрний нэг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, эх үүсвэр нь мэдээж хөдөлмөр эрхлэгчдийн татварын мөнгө. Гэтэл тэр санд хулгай орж, хуйвалдаад, бараг хүүгүйгээр, хуйгаар нь хазаар гүйлгэчихсэн тухай мэдээ сонсогдож нуруугаар хүйт оргин жихүүцэв. Дотор муухайрсан шалтгаан нь “доод” давхаргынхан авсан зээлээ эргэн төлж чадахгүйд биш, харин өөрсдийгөө “элит 76” гэж цоллодог нөгөө “дээд” бүлэглэлийнхэн энэ сангийн мөнгийг хэд хуваагаад идчихсэнд л байгаа юм. Адуучин эр маллаж байгаа адуунаасаа гайгүйг нь шилж аваад танил тал руугаа хазаар гүйлгээд, эзнийхээ итгэлийг эвдэж, мөнгийг нь нууж байгаад цохьчихсонтой л адил юм боллоо. Монгол Улсын хөгжлийг тэтгэх эрх зүйн орчин бий болгож, аливаа болж бүтэхгүйг хуулийн аргаар хориглож, хууль журмын хэв хэмжээг батлан тогтоох том хариуцлага үүрсэн ард түмний элч төлөөлөгч нар, ард түмний татвараас, төрийн сангаас мэдээлэлд ойр байдаг боломжоо ашиглаж албан тушаалаараа түрээ барьж, эхнэр хүүхэд, танил тал, хамаарал бүхий хүмүүстээ зуучлан хүүгүй зээл зувчуулаад аваад өгчихсөн нь баримтаар нотлогдон, зарим нь хэргээ хүлээн уйчлалт гуйлаа.
Энэ юу болоод байна аа? Энэ зүгээр нэг зээлийн тухай асуудал уу?
1. Зээл олгох сангийн хөрөнгийг урьдчилан тохирч төсвөөс гаргуулж байна
Улсын нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр увсад их хөрөнгө төсөвлөлөө, тэнцүү биш төсөв оруулж ирлээ хэмээн шалтаг гаргаж, Сангийн сайдаа арай л бариад зулгаачихсангүй. Ухаандаа ЖДҮХ Санд хөрөнгө төлөвлөсөнгүй гээд. Хууль бус (парламент дотор нам ажиллахыг хориглосон оу-ын конвенц бий) намын бүлэг гэгчийн дарга Д.Хаянхярваа, учрыг нь олж, хужрыг нь тунгаах ажлын хэсгийн ахлагчаар Д.Оюунхорол гэгчийг томилж, тэр нь гомдол гаргасан гишүүдтэй ярилцан тохиролцож 47 тэрбумаар шуналыг нь дарав. Ямар өндөр үнэтэй шунал вэ? ирэх оны төсөвт ЖДҮХ Сангийн мөнгө суусанд баярлалдан Н.Амарзаяа, М.Билэгт гэх гишүүд сэтгэлийн хөөрлөө барьж чадахгүй, талархлын үг урсгаж байгаа харагдав. Зарим нь орон нутагт ийм сан байгуулахыг зөвлөе, тэгвэл төвлөрсөн сангийн хөрөнгийг доош хуваарилах шаардлагагүй болно гэсэн утгатай санал улаан цайм гаргасан нь гутамшигтай. Бичил гэдгээр ЖДҮХ Санд суудаг зүйл ангийг ухагдахуунаар нь хасах саналыг С.Чинзориг гэх гишүүн гаргаж ёсоор болголоо. Уг нь 600 мянган жирийн иргэдэд очих амьжиргааны мөнгө байлаа. Ассан шунал (obsessio) нь цагаан донгийн хэмжээнд хүрэхэд “өнөөх”-өө л дарж байвал хэнийг ч, ард түмнээ ч егүүтгэхээс буцахгүй, хяналтаа алддагийн тод жишээ энэ. Ард түмний дунд хамгийн муу нэртэй зарим идээч нь мундагуудын мундаг болон тодорч, сайдын суудалд нэр дэвшив. Ажлаасаа халагдсан сайд нь хүртэл ардын баатраар өргөмжлөгдөв. Юун хариуцлага нэхэх! тэд хувааж авах хөрөнгөө урьдчилан төлөвлөж, тохиролцож, энгийн иргэдийг анхнаас нь хасан байж улсын нэгдсэн төсөвт суулгадаг нь ийнхүү батлагдлаа. Хуульчдын үзэж буйгаар бол энэ нь зохион байгуулалттай, бүлэглэж үйлдсэн эрүүгийн хэрэг юм. Хазаар гүйлгэгчдийг хаацайлан хамгаалж, ивээлдээ авч үлдэж байгаа УИХ-ын шийдвэрийг хуульч залуус хүчтэй эсэргүүцэж Цэцэд гомдол гаргасан. Хэрэг мөрдөн байцаах эрхгүй, процесс явуулах боломжгүй, өөрсдийн санаачилгаар хэрэг судлах нөхцөлгүй, яст мэлхийнээс удаан тэтгэврийн хэдэн “шүдгүй арслан” залуу хуульчдын гомдолд яаж хандахыг ард түмэн анхааралтай ажиглан хүлээж байна.
2. Мөнгө угаалт
Улсын төсөвт байгаа мөнгөн хөрөнгийг нарийн тогтоосон хулгайн механизмыг ашиглан, тайлан тэнцлийн гадуур гүйлгэж, урьдчилан бэлтгэсэн санд шилжүүлж зарлагадахыг мөнгө угаалт гэнэ. Санхүү бүртгэлийн ерөнхий агуулга нь ийм юм. Тэр мөнгө аль банкаар дамжих нь тийм ч чухал биш. харин балансын гадуур эргээд байгаа нь л ноцтой хэрэг юм. Санхүүгийн бүртгэлд тусахгүй, эргэн буцах тайлангүй, баримтын шалгалт оруулах ямарч боломжгүй гээд үзэхээр цэвэр хулгай болох нь ойлгомжтой. Мөнгө угаалт нь том зургаараа маш хүчтэй, нарийн зохион байгуулалттай бүлэглэл, нарийндаа бол төрийн бүлэг хулгайчийн нарийн дэг журамтай хуйвалдаан байдаг. Тэнд Швейцар цаг шиг нарийн механизм гялалзтал ажилладаг. Мөнгө угаалт нь ганц удаагийн үйлдэл биш. Цаг хугацааны давтамжтай, зохион байгуулалттай үйлдэгддэг том хулгай. Үүнтэй тэмцэх тийм ч амар биш. Тэмцлийг амжилттай явуулаад, асуудлаа дотооддоо шийдчихвэл сайн л юм. Эс чадах дээрээ тулвал олон улсын мэргэшсэн байгууллагаас тусламж авахаас аргагүйд хүрнэ. Манай улс гишүүнчлэлтэй учир тийм эрх нь нээлттэй байдаг. Дотооддоо шийдчихвэл уг нь, эрх биш монгол хүний далайлт өндөр ч буулт нь зөөлөн, өрөвчхөн сэтгэлд найдлага тавих боломж гарна, ОУ-ын шүүхэд асуудал шилжвэл амаргүй гэдгийг хулгайчид өөрсдөө ч гадарлах хэрэгтэй.
3. Хариуцлага
Цагаан захтнууд гэж нэрийддэг төрийн албан тушаалтнуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага жирийн ажилтнуудынхаас өөр. Төрийн үйл ажиллагааны чухал баримтууд, тодорхой мэдээллүүд тэдний гар дор байдаг. Энэ давуу талыг ашиглан улс төрчид эрүүгийн гэмт хэрэг үйлдэх нь ялангуяа соёл иргэншлийн баталгаатай түвшинд хүрч амжаагүй яваа улс орнуудад элбэг тохиолддог байна. Үүнтэй уялдаад тэдэнд хүлээлгэх хариуцлага, ял шийтгэл нь бас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг юм байна.
Нэгнээ унагаж, өөрөө тодордог балмад явдал 500 жилийн тэртээд Италид гарч байсан.
Төрийн удирдах албан тушаалтанд холбогдуулж гаргасан НҮБ-ын зөвлөмжөөр бол албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа хуулийн байгууллагын мэдэлд очиж  цаашид төрийн ажил хийж болох эсэхээ тогтоолгох импичмент (Impeachment) гэдэг зарчим үйлчилдэг юм байна. Мөнгө угаалт, авлигын эсрэг тэмцэх дэлхийн байгууллага (FATF)-aас, албан тушаал ашиглан нийтийн сангаас хөрөнгө зувчуулсан этгээдүүдийн тухайд 40 гаруй зөвлөмж (рекомендаци) гаргасны дотор хүлээх хариуцлагыг нь дараах байдлаар тусгажээ. Монгол Улс гишүүн орны статустайн хувьд эл зөвлөмжүүдийг ягштал даган мөрдөж үндэсний хуулт тогтоомждоо суулгах үүрэг хүлээдэг.
1. Улс төрийн (улсын төрийн) хариуцлага. Энэ нь манайхны мухар сохроор ойлгодог шиг намын бус төрийн дээд байгууллагын шийдвэр юм. Намууд, улс төрийн шийдвэр гаргахгүй, үзэл баримтлал, санал гаргах л эрхтэй үүсгэл санаачилгын байгууллага. Гэтэл манайд урвуугаар “улс төрийн шийдвэр” хэмээн зохиомол нэр өгөн тулгадаг. Улс төрийн хариуцлага хүлээлгэх гэдэг нь төрийн албан тушаалаас огцруулах, гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх, улмаар чөлөөлөхийг хэлнэ. Энэ хариуцлагыг үүрүүлж чадахгүй л бол УИХ-ын дарга ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй эсвэл хүсэхгүй байна гэсэн үг. Учир нь УИX-ын гишүүд, хэрэг нь батлагдаж нотлогдсоноос үл хамааран нэр нь хэрэгт холбогдсон л бол 48 цагийн дотор бүрэн эрхээс нь чөлөөлж хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах хуультай.
2. Эдийн засгийн хариуцлага. Төрийн, угтаа бол ард түмний мэдэлд эргэлдэж хэдэн зуун мянган жижиг бизнесийн баялаг бүтээх, нэмүү өртөг шингэсэн эх үүсвэр болон гүйж байх учиртай хөрөнгө хэдхэн тооны хулгайчийн мөнгө угаах эх үүсвэр болж байгаа нь улс оронд “сүүдрийн эдийн засаг”-ийг бий болгож, ноцтой байдал үүссэний нотлогоо… Энэ бол аюул занал. Энэ их мөнгө бүртгэл, хяналтаас гадуур эргэлдэж байхад улс хөгжинө, өрнөөс гарч чадна гэж үү? Монгол Улсад дундаж давхарга бий болох үндэслэл байна уу? Мэдээж үгүй. Энэ бүхний хариуцлагыг үүрэх л ёстой, ядаж эхлээд зувчуулж авсан мөнгөө төр, ард түмэнд сохор зоосны зөрүүгүйгээр, хүүтэй нь эргүүлэн төлж барагдуулах ёстой.
3. Ёс зүйн хариуцлага. Tэд намын гишүүд. Намын нийт гишүүдийнхээ өмнө зогсож ёс зүйгүй үйлдэл гаргасандаа гэмшиж, уучлал гуйх нь зөв. Намын хамт олон намаасаа хөөх эсэхээ хамт олноороо шийдэх ёстой. Ард түмний элч төлөөлөгч гэдэг утгаараа өргөсөн тангарагаасаа няцсан ёс зүйгүй, увайгүй үйлдэлдээ гэмшиж, ёс зүйн хороон дээр ард түмнээсээ албан ёсоор хэргээ хүлээн уучлал гуйх ёстой. Ёс зүйн хороо гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуультай.
4. Хуулийн хариуцлага. Хууль хяналтын байгууллага хэргийг нь хянаж үзээд, эрүү үүсгэх үндэслэлтэй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх хуультай. Хамгийн гол нь хуулийн байгууллага тухайн этгээдийн хариуцлагын түвшнийг тогтоох ёстой. Цаашид улс төрийн албан тушаал эрхэлж болох эсэхийг хэлэх ёстой. Энэ бүх асуудлыг ёсчлон хэрэгжүүлээгүй бүх нөхцөлд асуудал шийдэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй, дутуу алсан могой эргээд амилах боломжтой.
5. Сэтгэцийн хариуцлага. Манайд парламентын засаглал төлөвшиж сонгодог хэлбэр рүүгээ ороогүй байгаа өнөө цаг үед бол энэ шинэ хариуцлага. Уг зарчмаар бол УИХ-ын гишүүд яг л автомашины жолооч шиг сэтгэл зүйн сорилд орж, сэтгэцийн эрүүл мэндийн түвшнээ тогтоолгох ёстой юм. Бусад улс орны парламентын практикт Макс люшэрийн сорилыг ашигладаг. Ухаандаа психологийн обсесс (шуналын, хормойн гэх мэт ямар нэг дон) өвчтэй нь тогтоогдвол орчноос тусгаарлах, гэрийн хорионд байлгах зэрэг арга хэмжээ авдаг. Учир нь аливаа донг эрдэмтэн, мэргэжилтнүүд сэтгэлгээний халдварт өвчинд тооцдог байна.
4. Сүүдрийн эдийн засаг
Памфлет нийтлэлийн маань оргил хэсэг нь энэ. Монгол улсад гаднын дарангуйлалд хараатаар даган орох аймшигт нөхцөл үүсчихсэн тухай гашуун мэдээлэл хүргэе! Энэ бол өнөөдрийг хүртэл ам дамжин яригдаж ирсэн таамаглал, төсөөлөл, хардлага огт биш. харин бодит үйл явдлын тухай мэдээлэл. Монгол Улсын эдийн засаг макро түвшиндээ яаж нурж, өрөнд баригдан өттэй төлөг шиг болсныг биш, нөгөө талаас нь, эдийн засгийн ямар чиглэлийн хүчин чадал цэцэглэн хөгжөөд байгааг шинжлэхүйд бүх юм ойлгомжтой болно. Монгол Улсад “сүүдрийн эдийн засаг” бодитойгоор бий болсон. Санхүүгийн эх үүсвэр нь УИХ-ын гишүүдийн зохион байгуулалттай үүсгэсэн сангууд, төсөл, хөтөлбөрүүдээс зувчуулсан мега-капитал юм. Энд онол, үзэл баримтлал дурдах шаардлагагүй. Энгийн жишээгээр ойлгочихож болно. олон улсад ч нэр нь сонсогдоогүй хувийн жижигхээн “Капитал” банкаар жишээ аваад үзье! олон нийтийн мэдээллийн эх сурвалжаас далд энэ банкийг анх ямар зорилготой байгуулсан, хэн хэн оролцсоныг судлахад гэмгүй л байх.  Хөдөлмөрлөгч иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын мөнгөн хуримтлал, ЖДҮХ Сангаас авсан зээл, төсөл хөтөлбөрөөс зувчуулсан хөрөнгө, найз нөхөд, танил талуудын зувчуурга гээд бүх эх үүсвэрийг тооцоход хэдэн зуун их наядын хөрөнгө төвлөрсөн нь ил болж байна. Сүүлийн долоон жилд энэ жижигхэн банкаар дамжсан мөнгөн урсгалын дүн хоёр их наядад хүрчихэж байгаа юм байна. Хүүгүйгээр зувчуулж төвлөрүүлсэн их хөрөнгийг өндөр хүүтэйгээр хүүлж асар их ашиг (профит) олдог далд эдийн засаг үүсчээ. Ганц бичилхэн банкны мөнгө хүүлэлт гэхэд л ийм байна. Цаашлаад ББСБ-ууд, ломбардууд, хувиараа зээлдүүлэгч хоршоодын капиталыг нэгтгээд үзвэл толгой эргэм тоо гарна. Энэ бол сүүдрийн буюу далд эдийн засаг. Эх үүсвэр нь мөнгө хүүлэлт. Монголын манлай санхүүчид хүН намд бий. Би тэднээс намчирхалгүй, улс төржүүлэлгүй судалгаа гаргаж өгөөч гэж хүссэнд тэд зөвшөөрсөн, мөд ил болох байх аа. Ер нь бол улстөрчдийн авлига, сангуудын хөрөнгийн зувчуургын талаар хамгийн идэвхитэй дуугардаг мэргэжилтнүүд гэвэл ХҮН намын залуус байна, би хувьдаа тэдэнд итгэдэг. Монголчууд хэзээнээсээ нэхэл хатуутай ард түмэн. Хулгайд алдсан хөрөнгөө, худал хуурмагт алдсан итгэлээ, алдуурсан амьжиргаагаа, алуулсан эх орончдоо УИХ-аас нэхэн тэмцэлд боссон нь шударга ёсонд нийцнэ. Тэнэглэл хязгааргүй байж мэднэ, тэвчээрт хязгаар бий!
Дүгнэлт
ЖДҮХ Сан болон бусад сангаас, бас төсөл хөтөлбөрөөс мөнгөн хөрөнгө зувчуулсан хэргийг, зүгээр нэг зээл авсан төдийд тооцож, илээд өнгөрөх нь туйлын хариуцлагагүй ажиллгаа болж, хойчдоо эргэн төлж чадахааргүй уршиг тарьж мэднэ. Жидүү ярны идээ бээрийг шахчихаад, арьсан дор нь уутанцрыг нь үлдээж дотогшоо харсан амтай болговол үхэлд хүргэх ийм л юм. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд шимтгэл хэлбэрээр төвлөрсөн хөрөнгийг мөнгө хүүлэх эх үүсвэр болгосон нь жигшүүртэй. Төрдөө хадгалуулсан мөнгөө хөдөлмөрийн чадвараа алдахдаа эргүүлээд авах гэхээр хүүтэй өгдөг нь эрүүл хүмүүсийн толгойд яав ч орохооргүй бузар ажил. Ядарч, сандарсан үедээ хөдөлмөрийн хөлсөө хүсэлт гаргаад л урьдчилаад авчихдаг ёс хаана ч бий. Гэтэл цалингийн зээл нэрээр хүүтэй өгдөг нь сүүдрийн эдийн засгийн өөдгүй шинж юм. Төрчид, төрийн сангаа хоосолсон, бүр хилийн чанадад гүйлгэж нуусан байж ч магадгүй булай хэрэг дэгдлээ. Бүх нийтээрээ тэмцэх талбар энэ болж орж ирлээ. Гэхдээ үүнийг улс төрийн зорилгод ашиглан хонжоо гаргах, хэн нэгнээс өшөө авах, монгол хүн монгол хүнээ унагаж хэн ч юу ч биш болгох хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Нэгнээ унагаж, өөрөө тодордог балмад явдал, 500- гаад жилийн тэртээд италид гарч, тархаж байсан юм билээ. Түүхэнд паскуилл (pasquilio) гэж нэрлэгдэж үлдсэн байдаг юм. Асуудлын үнэнийг паскүилл биш памфлет агуулгаар илчлэн дэлгэж тавиад, ард олноороо хэлэлцүүлж, төгс шийдүүлэн цааш урагшлах ёстой л доо.
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

URL:

Сэтгэгдэл бичих