Д.Нинж: Би С.Зоригийн баруун гарын хүн байлаа

Ардчилсан хөдөлгөөн өрнөсний 22 жилийн ой энэ сарын 10-ны өдөр болж өнгөрсөн. Ардчилсан нам, ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн хүмүүсийг ардчилагчдын анхдагчид хэмээн нэрийдсээр өнөөг хүрсэн. Эдгээр хүмүүсийн тоонд Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинж зүй ёсоор ордог. Тэрээр хүн гүтгэсэн гэх хэргээр хорих 431-р ангид ял эдэлж буй. Д.Нинж энэ хорих ангид уржигдар (лхагва гариг) хүргэгдэж иржээ. Д.Нинжтэй уулзахаар өчигдөр тус ангид очлоо. Уулзалтын өрөөнд торны хоёр талаас яриа өрнүүлсэн юм. Бидний яриаг тус хорих ангийн хоёр хянагч сонсож байв.

-Тантай уулзах гэж хэд хэдэн удаа оролдлоо. Та яриа өгөхгүй гэж татгалзсан хариуг албаны хүмүүсээр ирүүлж байсан?

-Танай сониноос  надтай уулзах хүсэлт гаргасныг мэдсэн. Гэхдээ би энд хүний эрхэнд байгаа хүн шүү дээ.

-Бие нь сайн уу. Хүндрэлтэй зүйл олон байгаа биз дээ?

-Бие сайн сайн. Дажгүй л байна ш дээ энд. (Инээв) Ярилцлагаа эхлэхийн өмнө үг хэлмээр байна. 2012 он Монголын ард түмэнд эргэлт авчирсан сайхан жил болох байх гэж итгэж байна. Сайхан баярлаарай гэж хэлмээр байна.

-Яагаад энд орчихов оо?

-Товч бөгөөд тодорхой хэлэхэд шүүх, прокурор, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаг газар нь хуулиа дагадаггүй юм байна. Уг нь үнэн шударга замаар явья гэж боддог л юм. Намайг хүн гүтгэсэн гэдэг зүйл ангиар зургаан сар хорих шүүхийн шийдвэр гарлаа. Энэ төрийг би анхнаас нь байгуулалцсан хүн шүү дээ, уг нь. Амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлаж явсныг маань ард түмэн мэднэ дээ. Өнөөдрийн төр миний байгуулсан төр арай биш болчихож. Төрийн өндөрлөгт байгаа хүмүүс анх 1990 онд ярьж байсан зүйлээ ор тас мартаад, зорилгынхоо эсрэг 180 градус эргэчихэж. Ардчилсан хувьсгал хийе гэж ярилцчихаад, эсрэгээр нь хувьсгал хийсэн. Тиймээс ч ард иргэд өнөөдөр дургүйцэж байгаа юм. Ард иргэдийнхээ дуу хоолой болж Ард түмний хянан шалгах хороог байгуулж ажилласан. Би ингэж ажиллаж чадсан гэж бодож байгаа. Харамсалтай нь өнөөдөр иргэн хувь хүнийг сонсдог байгууллага гэж алга. Би ард иргэдээс ирсэн мэдээллийг хуулийн байгууллагаар шалгаад өг гэдэг асуудлыг тавьсан. Улсын прокурор, УИХ-д ч хүргүүлсэн. Гэтэл тэд цаг хугацаандаа ажлаа явуулаагүй. Аргаа барахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж ард иргэдээс ийм мэдээлэл ирж байна гэж мэдээлсэн минь үнэн.

-Хэвлэлээр худлаа мэдээлэл гаргасан гэж зургаан сар хоригдохоор болж байгаа юм уу?

-Энэ мэдээлэлд улс төрийн том том дүгнэлтүүд орсон. “МАН, АН  монгол улсыг удирдаж чадсангүй ээ. 20 жилийн хугацаанд улсаа бүрэн дампууруулчихлаа. Одоо сүйрэл, сүйтгэлийн асуудал яригдахаас биш, Монгол Улс буцаад сэргэх үү, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна” гэх мэт. Миний хэлсэн энэ улс төрийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүйдээ намайг хорьсон гэж бодож байна. Үүнийг  Нинж гэдэг хүн санаанаасаа зохиогоогүй. Ард иргэдээс ирсэн мэдээллийг л системчлээд шалгаад өг гэсэн асуудлыг тавьсан юм. Гэтэл шалгахын оронд эсрэгээр “Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй” гэдгийг надад гаргалаа. Яахав дээ. Уг нь өнөөдрийн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ард иргэдээс ирсэн мэдээллийг хүргэсэн хүнийг шийтгэх тухай зүйл заалт байдаггүй л юм. Гэтэл яг энэ зүйл ангиар намайг шийтгэлээ. Ер нь над шиг хэмжээний том улс төрч хүний хувь заяаг Монгол Улсын шүүх шийддэг юм биш. Намайг шийтгэсэн нь улс төрийн асуудал байгаа юм. Ингэхдээ Д.Нинжийг 2012 оны сонгуульд оролцох зам мөрийг нь хаана гэсэн төлөвлөгөөг саарал ордонд хоёр намын дарга нар тохирсон гэсэн. Үүнийг нь ч би сонссон. Уг нь энэ үгэнд би итгээгүй. Гэхдээ өнөөдөр тогтсон байгаа хууль дүрмийг тэд өөрсдөө зохицсон байна лээ. Надад үүсгэсэн хавтаст хэрэгтэй танилцсан л даа. Тэгэхэд нэг хүнээс бусад нь надад гомдсон гэдэг дээр гарын үсэг зураагүй байна лээ.

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой материалуудыг та дэлгэж байсан. Энэ яг үнэн байж чадах уу?

-С.Зоригийн хэргийг манайхан сонгууль дөхөхөөр л шүүрч аваад сэргээдэг. Би үүнийг ямар ч ач холбогдолгүй гэж үзэх болсон. Яагаад гэвэл ард түмний аж амьдралыг сайжруулахад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин Засгийн газрыг булаацалдаж байгаа хүмүүсийн дунд нэр хүндийнх нь асуудал болох байх. Уг нь бол би энэ асуудлыг аль 2000 онд  хэвлэлээр дэлгэж байсан. Өнөөдөр ч хэвээрээ л байгаа. Би энэ асуудлыг дахин тавих болсон маань Монголын ард түмэн тэр аяараа ийм л зүйл боддогтой холбоотой. Хэргийн илрүүлэлт арай л удлаа гэдэг үүднээс албан тоот хүргүүлсэн юм. Харин хэргийг үйлдсэн хүмүүсийг шалгаж, зургийн аппарат барьж баримтжуулдаг этгээд нь би биш. Энэ хэргийн хохирогч нь надтай хамт, нэг дор зүтгэж явсан хүн юм. Тэгээд ч гэрэлд оруулж болохгүй нарийн нандин асуудлыг нь мэддэг хүний хувьд би сэжүүрийг нь гаргаж, ноцтой мэдээллийг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн. Үүнээс хойш ажлын явц нэг ч алхам урагшлаагүй. Албан тоотод тодорхой асуудлын гэрч болгож Баасан ламыг, есдүгээр Богдын асуудлыг дурьдаж оруулсан байсан. Гэтэл шалгахын оронд Баасан лам учир битүүлгээр алагдаж, есдүгээр Богдын амыг таглахын тулд Монголын иргэншилтэй болгосон байгаа. Ийм л юм болсон. Тодорхой баримт гэрчүүдийг гаргаж өгөхөөр устгаад байсан. Тэгээд намайг хүн гүтгэсэн гэх хэргийн шүүх хурал болоход тэр танхимд улаан, цагаан Нинж гэх хүн Оросын КГБ-гийн тагнуул гэсэн гүтгэлэг гарсан. Энэ явуулга өнөөдөр ч зогсоогүй байна. Тэгээд ч шүүх хурал дээр намайг ярих боломжийг олгоогүй. Тэр шүүх хурал дээрээс өгсөн үүрэг даалгавартайгаар явагдсан. Ингэхдээ Д.Нинжийг зургаан сар баривчлаад сонгуульд нэр дэвших боломжийг нь хязгаарлах зорилгыг агуулсан юм.

-Таныг хэзээнээс эхлэн шалгах болсон юм бэ?

-Зах зухаас нь танай сонин бичиж байсан санагдана. МАХН-ын хурлын үеэр намайг аваачиж байцаасан. Ийм маягаар л байцаалт аваад байлаа. Нинжийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэдэг мэдээллийг гадуур цацсан. Тэгээд шүүхээс сэтгэл мэдрэлийн эмч  нарыг байлгаж надаас бүх төрлийн шинжилгээ авч байгаа юм. Шинжилгээний дүнгээр Нинжид сэтгэцийн ямар нэгэн гаж нөлөө байхгүй, харин ч ухаантай, улс эх орноо боддог хүн байна гэсэн дүгнэлт гарсан. Нэг сонин юм байгаа юм. Шүүх хурал дээр гомдолтой гэсэн хүмүүс ирээгүй. Нинжээс ямар нэгэн хохирол амссан гэх хүн ч гараагүй.  Намайг шийтгэж болно л доо. Хамгийн гол нь үнэнч шударга байх ёстой. Би хоригдоод хоёр сар болох гэж байна. Өмнө нь хорих анги, шоронгийн тухай мэддэггүй байсан. Өөрийн эрхгүй, амьдралын шалгуураар энд орчихлоо доо.

-Энэ хугацаанд юуг эргэцүүлэв?

-Эндээс юу олж харсан бэ гэхээр, Монгол төрийн бодлого буруу тодорхойлогдож байна. Үүний илрэл нь шорон юм. Шоронд орсон хүмүүс өнөөдөр дэндүү залуужжээ. Ямар ч шаардлагагүй асуудалд, бүх хүмүүсийг утга учиргүй хорьж байна. Энд хоригдож байгаа өчнөөн сайхан залуучуудын хэргийг гадуур ажил хөдөлмөр хийлгээд, хууль дүрмийн дагуу шийдчих боломжтой юм шиг ээ. Шорон бол Монголын ирээдүйг тэр чигээр нь баллаж байна. Нэг хэсгийг нь гадагш нь ажил хийлгэхээр гаргаж, нөгөө хэсгийг нь шоронд хориод байвал Монгол Улсад хаана нь, хэн хэзээ ажиллаж, амьдарч, оршин тогтнох юм бэ. Эдгээр залуусынхаа оронд хужаа нарыг оруулж ирж ажиллуулж байгаа нь ямар учиртай юм гэсэн асуулт зүй ёсоор урган гарсаар байна.

-Та бүхний эхлүүлсэн хувьсгалын 22 жилийн саяхан болж өнгөрсөн. Энэ тухайд?

-Уншигчдадаа нэг л зүйлийг хэлмээр байна. Би өөртөө цаг зав гаргаж чаддаггүй байсан юм байна. Ардчилсан хувьсгалтай холбоотой бүх асуудлыг цэгцэлье гэж бодож байна, одоо. Хоригдож байгаа хугацаа 22 жилийн өмнөх үйл хэрэг нэг ижил мэт байна. Тэгэхээр тухайн үеийн үйл явдал ямар байсан бэ, одоо байдал яаж эргэж байгаагаар би ном бичих бодол тээж явна. Эндээс гарахдаа он, сар, өдөртэй нь бүх үйл явдлыг бичнэ гэж бодож байгаа. Яагаад гэхээр, ардчиллын түүх өөрөө маш их гуйвж хүмүүст хүрэх болсон. Энэ хувьсгалыг Монголын ард түмэн хийсэн юм. Тэгэхээр ард түмний түүхийг бичиж үлдээнэ гэсэн үг.

-Тухайн үеийн байдал яаж эргэж байна гэж хараад байгаа юм бэ?

-Тухайн үед хамгийн нэгдүгээрт Оросын хэмжээлшгүй, хараат байдлаас Монголыг гаргая гэж бүгд тохирсон. Монголынхоо ард түмний мэдэлд Эрдэнэт, Асгат, Заамарыг өөрсдийн мэдэлд байлгая гэж бид хувьсгал хийсэн.

-С.Зориг агсантай яаж холбогдож хамтарч ажиллаж эхэлсэн бэ?

-Тухайн үеийн зургийг та бүхэн хараарай. Би дандаа Зоригийн баруун гар талд нь суудаг байсан. Яагаад гэхээр С.Зориг Ардчилсан хөдөлгөөний ерөнхий зохицуулагчийг нь хийдэг байлаа. Харин би гурав дахь гол бодлогыг нь тодорхойлдог байв. Гадаад харилцаа, аюулгүй байдлыг нь хариуцсан тэргүүлэгч байсан гэх үү дээ. Хурлын дэд ерөнхийлөгчөөр нь “Малыш” Энхтүвшин байсан юм.

Үргэлжлэл бий.

Л.МӨНХТӨР Х.ЦЭНД-АЮУШ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих