Ч.Сарантуяа: Хүйтний эрч улам чангарна

15438848765c05d04cc9064

Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурга шуурсан. Тиймээс энэ сард болон энэ өвөл цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Ерөнхий технологич Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ. Сүүлийн хоёр өдөр хүйтний эрч эрс чангарлаа?

-Намрын сүүлийн саруудад харьцангуй дулаан байсан. Арав болон арваннэгдүгээр сард бүх нутгаар  харьцангуй дулаахан хур тунадас бага орлоо. Арваннэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт зарим газраараа огцом дулаарч баруун аймгууд болон төвийн бүсийн цасгүй газраар  өдөртөө 7-12 градус хүрч дулаахан байсан. Арванхоёрдугаар сар гараад 1, 2-нд нутгийн баруун болон төвийн бүсийн зарим нутгаар цас орлоо. Гэхдээ энэ цас тийм ч их биш байлаа. Ховд, Говь-Алтай аймгийн Алтай сум болон Булганы  ганц хоёр сумд тухайлбал, Дашинчилэн, Энхтолгойд 5-9 миллитер, бүс нутгаараа 0,1-3 миллитер цас орсон. Арваннэгдүгээр сарын сүүл гэхэд цас маш бага орж нутгийн 30 хувь орчим л цастай байлаа. Их цастай нутаг гэвэл Увсын хойд тал Малчин, Завханы хойд тал, Хөвсгөлийн Хатгал талруугаа Улаан-Уул 10-15 санжметр хүрсэн. Тийм учир саяны энэ цас нэмж чадсангүй. Гэхдээ салхи шуурга бол их байлаа болсон. Тэр маань Зам тээврийн салбарынханд нэлээн хүндрэлтэй туслаа. Одоо араас нь хүйтний эрч эрс чангарлаа. Нэгэнтэй хоёрныг харьцуулахад ерөнхийдөө бол хоног хоорондын темтературын зөрөө 10-аас 22 градус байна. Тийм их өндөр градусаар огцом хүйтэрлээ. Манай орны хүйтэрдэг газруудаар 34, 35   градус хүрсэн. Одоо бол 4,5-нд Говийн бүс нутаг, зарим газраар бага зэргийн зөөлөн цас орно. Зөөлөн цасан шуургатай. Ихэнх нутгаар 7-12, Говийн бүс нутгуудаар 12-оос 14 метр секунд хүрч ширүүсч явган шуургатай байх нь.

-Цаашид цаг агаар ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ нөхцөл байдал хэзээг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна?

-Энэ сарын 5-наас эхлээд хүйтний эрч энэ 2, 3-тай харьцуулахад нилээн чангарах төлөвтэй байна. Энэ чангаралт энэ сарын 8-нийг өнгөртөл явагдана. 4, 5-нд Говийн бүс нутаг, зарим газраар бага зэргийн зөөлөн цас орно. Харин энэ сарын 10-наас эхлээд сарын дунд хүртэл хүйтний эрч  сулрах төлөвтэй байна.  Ихэнх нутгаар 7-12, Говийн бүс нутгуудаар 12-14 метр секунд хүрч ширүүсч явган шуургатай байх нь. Манай монгол орны их хүйтэрдэг газрууд болох Дархадын Хотгор, Хүрэн бэлчээрийн хөндий, Ерөө голын ай саваар 44-49 градус хүрч хүйтрэхээр байна. Өдөртөө 31-36 градус хүйтэн байна. Орхон, Сэлэнгийн хөндий, Хараа, Ерөө, Туул, Онон гээд нилээн ялгардаг газрууд буюу голын хөндийнүүд бий. Тэр нь шөнөдөө 28-33 градус хүрч хүйтэн хононо. Өдөртөө 18-20 градус орчим байна.

-Өнгөрсөн баасан гаригт цаг агаарын нөхцөл байдал хүндрэх талаар танайхаас мэдээлэл хийж байсан. Харин санасныг бодвол дажгүй өнгөрөх шиг боллоо. Тухайн аймгуудын нөхцөл байдал  одоо ямар байна?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлээд цаг агаарын онц хүйтрэл болох талаар манайхаас мэдээлж, сэрэмжлүүлэг мэдээллийг тараасан. Тэр ч утгаараа гарз хохирол багатай өнгөрлөө. Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнөөс эхлээд Баян өлгий, Ховд болон Баруун аймгуудын нутгаар энэ сарын 1-2-нд шилжих шөнө Төвийн бүс нутаг, 2-нд Зүүн бүсийн нутгуудаар хүйтэрч эхэлсэн. Бүр баруун талын аймгуудаар 24-28 метр секунд хүрсэн. Баруун болон төвийн ихэнх нутгаар цасан шуурга шуурлаа. Ялангуяа төвийн бүсийн Булган, Сэлэнгийн нийт нутгаар шуурч, цаг агаар нэлээн муудсан. Одоо бол нөхцөл байдал харьцангуй тайван байгаа.

- “Энэ өвөл их хүйтэн жил болно” хэмээн хүмүүс ярьж байна. Энэ мэдээлэл танай газраас гаргасан албан ёсны мэдээлэл мөн үү?

-Ер нь жил болгон л ийм яриа гардаг шүү дээ. Манай байгууллагаас гаргасан төлөвөөр 12, 1, 2 дугаар сарын мэдээлэл л гарсан байна. Арванхоёрдугаар сар ерөнхийдөө бол Монголын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дундаж орчим гэхдээ зарим газраар хүйтэн байна. Ялангуяа цас тогтож байгаа баруун аймгуудын нутаг, нутгийнхаа баруун хэсэг болон хойд, өмнө хэсгээрээ, төвийн бүсийн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгүүдээр дунджаасаа хүйтэн байх төлөвтэй байна. Тунадасны хувьд баруун аймгуудын баруун буланд, зүүн аймгуудын хойд болон зүүн хэсгээр дунджаасаа ахиу нийт нутгаараа дундажийнхаа түвшинд байна. Нэгдүгээр сарын хувьд Баян-Өлгий , Увсын нутаг, Архангай  аймгийн өмнөд хэсэг , Дундговь, Төв аймгийн урд тал,  Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодынхоо нутгаар уур амьсгалын дунджаасаа ахиу цас орох төлөвтэй байгаа бол алтайн өвөр нутаг болон Хөвсгөл, Булганы орчмоор дунджаасаа бага хэмжээний цас орох төлөвтэй байна. Температурын хувьд хойд болон зүүн хэсгээр хүйтэн, өмнөд болон говийн бүсийн нутгаар харьцангуй дулаан байх шинжтэй байна.

-Ер нь бол  энэ жил баруун аймгуудын нутгаар нилээн хүйтрэх шинжтэй гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө бол цас одоо бол харьцангуй бага байна. Цаашдаа орох цасны хэмжээнээс л хамаарна. Энэ сарын эхний 10 хоног уур амьсгалын дунджаасаа нэлээн хүйтэн байна. Харин дунд 10 хоног болон сүүлийн 10 хоногт эхний 10 хоногийн хүйтрэлд хүрэхгүй.

-Энэ өвөл цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Ямар өвөл болох  вэ  гэдэг нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Дэлхийн уур амьсгал, зуншлага ямар болсноос үүдэн өвлийн уур амьсгалын дүр зураг гарна. Ерөнхийдөө температур бол нутгийнхаа зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг дээгүүр говийнхоо бүс нутгаар харьцангуй дулаан байх шинж төлөвтэй. Хоёрдугаар сардаа бол нийт нутгаар хэвийн уур амьсгалын дундаж түвшиндээ байх шинжтэй байна. Цас Баруун болон төв, зүүн аймгуудын салхины нутгаар  цастай байх төлөвтэй байна. Хэрвээ цас багатай байгаа газруудаар цас нэмж их орох, 1 сар луугаа шилжих юм бол баруун аймгуудын, эрсдэл өндөртэй гээд гарчихсан байгаа зудын эрсдэлийн зураг гэж гаргадаг хөдөө аж ахуйн сектороос гаргадаг болсон. Зудын эрсдэлийн зэргийг 11 сарын 28 нд гаргасан. Тус мэдээллээс үзэхэд нутгийн 20% орчим зудтай байх төлөвтэй байна. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг нутаг Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай төв газраараа зудын эрсдэл өндөр. Бүр тэр дундаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай зарим сумдаар зуд болох нэн эрсдэлтэй. Саяны энэ салхи шуурга, огцом хүйтэрлийн явцад цас бүр их биш юмаа гэхэд  бага зэрэг жоохон нэмэгдээд байна. Цаашдаа энэ ойрын хоногуудын их хүйтрэлт Баруун аймгуудын хувьд тийм ч аятайхан өнгөрөхгүй . 12-р сарын сүүлээр 1 сард орох цаснууд яг хаагуур орох нь их сонин чухал. Энэ байдлаас шалтгаалан өвөлжилтийн байдал хаагуур хүнд болох вэ гэдгийг харж чадна. Манайхны төлөвөөр Баруун бүсийн аймгуудын цаг агаарын байдал ерөнхийдөө тааруу байх ч энэ нь Төв болон зүүн бүсүүд рүү нэмэгдвэл хаврын сард шилжинэ. Ерөнхийдөө энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй хэвийн байна.

 Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих