Д.Дорлигжав та хар өдрийн нотлох баримтуудыг олонд дэлгэж, хэрэгтнүүдийг яллаач

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед хүн болгон янз бүрийн сэдэв барин авч,

PR-аа хийж эхлээд байна гэх яриа аль хэдийнэ өвсөнд авалцсан гал шиг тархжээ. Үүний нэг нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар мягмар гараг. Эл өдөр таван алтан амь үрэгдэж, олон хүн хоригдож, хэлмэгдсэн. Энэ хэргийн талаархи тэмдэглэл нотлох баримт зэргийг олонд дэлгэсэн хүн нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Түүнээс долдугаар сарын 1-ний хэргийн үеэр ашигласан бууны сумыг нуусан цагдааг хүмүүс дарамталсан гэж байсан. Гэрчийг хамгаалах талаар ямар ажил хийгдэж байгаа талаар асуухад “Цагдаагийн тодорхой нөхдүүд гэрч болон бусад хүмүүс рүү утасдаж, тохиролцоё гэсэн. Тэднийг болохгүй болохоор нь дарамталсан байсан. Энэ нь өөрөө болсон үйл явдлыг нуун дарагдуулах үйлдэл болж байна гэдэг нь харагдаж байна. Хэн гэдэг хүн хэзээ, ямар дугаарын утсаар ярьсан нь тодорхой байгаа. Тиймээс эдгээр хүмүүст эрүү үүсгэ гэсэн байдлаар прокурорт албан бичиг явуулахаар бэлтгэж байна” хэмээн хариулжээ. Түүнчлэн долдугаар сарын 1-ний хэргийг үйлдсэн буюу хэрэгт холбогдсон хүмүүст прокурор яллах дүгнэлт үйлдэж байгаа аж. Тэгээд шүүхэд шилжинэ. Гэтэл Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтыг сөргөөж, хэсэг хүмүүс гүйгээд байгаа. Харин түүнийг Х.Тэмүүжин “Ямар ч хариуцлага хүлээх чадваргүй болсон хоёр өвгөнийг урдаа барьж, тэднээр янз бүрийн зүйл хийлгээд явж байна.

Тэдэнд би ямар нэгэн хариу барихгүй. Тэр хүмүүс өөрсдөө Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүдийг үйлдээд эхэлчихсэн. Гэрчүүд рүү утасдаж, дарамталж, айлган сүрдүүлэхийг оролдсон. Тиймээс энэ үйлдлээрээ удахгүй шалгагдана байх” гэсэн байна. Харин саяхан Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж нас барсан хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Хяналтын прокурор хэрэгтэйгээ танилцаж байгаа. Хангалттай нотлогдсон гэж үзвэл шүүх рүү шилжинэ. Хавтаст хэрэгт цагдаагийн ажилтнууд дөрвөн иргэний амийг буудаж хохироосон гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үзүүлж харуулж буйгаас илүү баримт бий” хэмээсэн хариулт өгсөн. Үнэхээр нотлох баримтууд нь бүрдчихээд хэрэгтнүүдэд нь ял оногдуулах гэж байгаа юм бол гурван жил гаруй хугацаанд юу хийж байсан юм бэ. Эл хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан. Уг хэргийг  сэргээн  шалгаснаас хойш тэднийг  Эрүүгийн хуулийн 294.2-т  зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж байгаа. Гэхдээ энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги ч гэсэн өндөр дээд албан тушаал хашиж байгаад гэмт хэрэгт холбогдсон хүмүүс яагаад тавхан жил суудаг юм бэ.  Д.Дорлигжав та хар өдрийн нотлох баримтуудыг олонд дэлгэж, хэрэгтнүүдийг яллаач.

Э.Мөнх

MMinfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих