Луис Суарес: Ус сайн уу

skysports_luis_suarez_barcelona_football_la_liga_4186305

Зарим хүнийг кофены донтон гэдэг бол намайг усны донтон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Өдөр болгон би маш их ус уудаг. Уугаад л байна. Тоглолттой өдрөө бол бүр хоёр дахин ихийг ууна. Хаашаа ч явсан гарнаасаа усны хуванцар сав эсвэл матений хулуун аягаа салгалгүй шингэн зүйл шимж явдаг.

Дөрөв таван литрийн усны том савыг хэдхэн цагийн дотор дусал ч үлдээлгүй хоослоход багийнхан минь итгэж ядан гайхдаг юм. Хэрэв тоглолт өдрийн 15 цагаас товлогдсон байвал би өглөө нь ес гуч юм уу арав гэж босоод литр хагасын хэмжээтэй матегаа эхлээд шимж дуусгана. Дараа нь тоглолт эхлэх хүртэл тус бүр нь нэг литрийн багтаамжтай усны савнаас тав зургааг ходоод руугаа хоосолж орхидог.

Мэдээж шингэний хэрэглээ өндөр байх тусам тэр хэрээрээ гадагшлуулах шаардлагатай болно. Тоглолтын үеэр би талбайд болж байгаа бүхэнд ухаанаа тавиад «тэр» тухай ор тас мартчихдаг юм. Харин гарч ирсний дараа бол гадагшлуулж өгнө. Эхнэртэйгээ уулзаад арван секунд ч бололгүй «Түр хүлээгээрэй. Хурдхан угаалгын өрөө орчихоод ирье» гэнэ. Тэгснээ хорин минутын дараа дахиад л «Байзаарай, давсаг хагарлаа» болоод явчихна. Дуусна гэж байхгүй.

Яг автобус хөдлөх гэж байхад эсвэл онгоцонд суухын өмнө Суарес л бусдыгаа хүлээлгэж бөөн явдал чирэгдэл үүсгэнэ. Хаашаа, юу хийх гэж явсан нь тодорхой. Өмдөндөө дусаалтай нь биш, өөр одоо яая гэхэв. Тэгж их ус уудаг атлаа би тоглолттой өдөр бараг юу ч иддэггүй. Өдрийн цайны цагаар талбайд гарах хуваарьтай бол өглөө нь ганц ширхэг шарсан талх матендаа дүрж идээд л болох нь тэр. Ондоо хоолонд хуруугаа ч хүргэхгүй.

Өглөөний арван цагт өтгөн соустой таваг дүүрэн бүдүүн гоймонгоор гүзээгээ дүүргэчихдэг хүмүүсийг би ер ойлгож чаддаггүй юм. Үд хэлбийх нэг хоёр цагийн хавьцаа бол байж болно. Харин өглөөний ес арван цагийн алдад тэгж хүнд хооллох нь яавч эрүүл мэндэд тустай биш. Миний л бодол.

Үдийн цайны цагаар ч гэсэн би ходоодондоо тоймтой юм хийдэггүй. Ус болон салад.

«Өдөржин шахуу өлөн зэлмэн явчихаад чи яаж талбай дээр ухаан алдаад уначихалгүй тэгж их гүйж харайж, тэмцэлдэж чаддаг байна» хэмээн Ливэрпүүл, Уругвайн шигшээ багийн эмч нар нүд нь орой дээрээ гаран надаас асууж шалгаадаг байлаа. Мөн хоолны дуршлыг минь нэмэгдүүлэх гэж төрөл бүрээр ярьж ятгаж сэнхрүүлнэ. Гэхдээ би нэгэнт хор хөнөөлгүйг нь таниж, үр ашгийг нь амссан өгөөжтэй дадал зуршлаа хэний ч үгэнд орж өөрчлөхгүй. Энэ чигээрээ л дуусна. Ядаж л булчингийн бэртлээс холуур өнгөрөөд байдаг юм.

«Усаар гэдсээ цэрдийлгэж, ходоодоо хоолоор сойлоо гээд бэртэл гэмтэл авдаггүй бие чангатай болдог гэсэн шинжлэх ухааны нотолгоо хаана ч байхгүй» гэж хэн нэгэн нүдний шилтэй эрдэмтэн нь номнож болох ч би хувьдаа тийм зүйл байдаг гэдэгт итгэдэг. Буянаараа л болог.

\”ЛУИС СУАРЕС – ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ\” НОМООС


URL:

Сэтгэгдэл бичих