О.Баасанхүү: Ерөнхийлөгч сонгуулийн штабаа буулгаад ажлаа хийвэл зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой

712-154439969596ac3e29775d8186a1d74d5d9bd5f592
Засгийн газраас Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь мэдээж тогтвортой байдал талаасаа сайн ч хүүг бууруулсангүй. Таны зүгээс зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзээд Монголбанкинд шаардлага хүргүүлсэн, танд ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
-Миний зүгээс Засгийн газар болон Монголбанкинд дөрвөн шаардлага хүргүүлсэн. Ипотекийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Үүний тулд гурван зүйлд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. Нэгдүгээрт, орон сууцны үнэд хяналт тавих хэрэгтэй буюу барилгын компаниуд Ипотекийн зээлд хамрагдахын тулд хөндлөнгийн аудитаар өртгийн үнэлгээ хийлгэх ёстой. Үүний дараагаар 20-30 хувийг нэмээд борлуулах өртгөө тогтоовол зах зээлийнхээ зарчимд таарсан дүн гарна гэж харж байгаа юм.
-Гэхдээ “Хувийн компаниуд барилгаа хэдээр борлуулах нь тэдний асуудал. Төр хувийн хэвшлийн ажилд хөндлөнгөөс оролцох нь буруу” гэдэг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Уг нь тийм. Гэхдээ ямар ч эрсдэлгүйгээр бүх хөрөнгөө банкаар гаргуулаад авчихаж байна шүү дээ. Банкнаас төлж буй эх үүсвэрийг Засгийн газар буюу Монголбанкнаас гаргаж байна. Тиймээс төр оролцох ёстой. Хэрвээ ингэж эцсийн үнэлгээг хамтран гаргавал барилгын үнэ тогтвортой байх боломжтой болно. Тооцоо хийгээд үзэхээр борлуулагдаагүй байгаа 80 мянган орон сууцны ам метр бүрийнх нь үнийг зах зээлийн ханшаар тооцохоор нэг сая 200 мянгаас хэтэрдэггүй юм байна. Тэгэхээр 20-30 хувийг нэмээд тооцсон ч нэг сая 500 мянган төгрөгөөс хэтрэхгүй гэсэн үг. Тэгээд ч барилгын компаниуд цемент, арматураас авахуулаад дийлэнх бараагаа Монголоос авдаг болсон учраас өртгөө буулгах бүрэн боломжтой.
Хоёрдугаарт,
Засгийн газраас банкуудад нийлүүлэх үнээ нэг хувь болгож буурууллаа. Ингэснээр Ипотекийн зээлийн хүүг таван хувь руу буулгах нь зайлшгүй болж байна. 2010 оноос анх Ипотекийн зээлээр орон сууц худалдаж авах боломжтой болох үед барилгын компаниуд нийт гаргасан мөнгөнийхөө 30 хувийг буюу эрсдэлийн мөнгөө банкнаас автоматаар авдаг болчихсон. Дээрээс нь иргэдийн сар бүр төлж буй мөнгөнөөс эхлээд хүүгээ тооцож авдаг, үндсэн төлбөрт орохгүй байгаа нь банкны 30 дээр нэмээд 50 орчим хувийн найдвартай зээл болчихож байгаа юм. Эрсдэлээс ийм өндөр хувиар хамгаалчихсан байхад урьдчилгааг 20 хувь болгох боломж бүрэн бий гэсэн үг.
Гуравдугаарт, анх энэ зээлийг эхлүүлж байхад эрсдэлийг тооцож 30 хувийг нь шууд гаргуулж авч байсан. Харин одоо ямар ч эрсдэлгүй, хамгийн өндөр төлөлттэй зээлд тооцогдож байгаа учраас 20 хувь болгохоос аргагүй. Улсаас гаргасан мөнгөөр шууд ашгаа олчихож байна. Тэгэхээр урьдчилгаа болон зээлийн хүүг бууруулах боломж бүрдчихээд байна. Банк бэлэн мөнгөөр ашиг хийж болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл, улсаас банкинд урьдчилаад бэлэн мөнгө, өгчихөж байна. Банк мөнгөө авсныхаа дараа тухайн иргэний орон сууцыг барьцаална. Дээрээс нь “урьдчилгаа өгвөл зээл олгоно” гэх шаардлага тавьдаг. Ингээд гурван ч эх сурвалжаар эрсдэлээ баталгаажуулчихаж байна. Тиймээс энэ ажлыг тал талаасаа хийх хэрэгтэй. Эдгээр бүх саналыг би Монголбанкинд хүргүүлсэн. Боломж нь байсаар байтал Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй байгаа нь банкуудын лобби гэж харж байна.
-Цаашдаа энэ тухайд шийдвэр гаргуулахын тулд та юу хийх вэ?
-Хандсан газрууд “Бууруулах боломжгүй” л гэсэн хариу ирүүлээд байна. Тийм учраас холбогдох бүх талынхныг байлцуулж байгаад нээлттэй мэтгэлцээн зохион байгуулах санал гаргана. Миний хувьд зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөл биччихсэн. Харамсалтай нь, санал өгөх хүн олдохгүй юм. Тиймээс цаашдаа ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Монголбанкны үүдэнд суулт хийхэд ч болохгүй зүйлгүй.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ипотекийн зээлийн хүү байтугай иргэдийн зээлийг нэг удаад бүрэн тэглэнэ гэж амласан. Нэгэнт та хоёрын зорилго нэг учраас зээлийн хүүг бууруулахад хамтраад ажиллах боломж алга уу?
-Ерөнхийлөгч маань ажлаа хийхгүй байна. Аливаа сонгууль болоод дуусахад ялсан, ялаагүй штабаа татан буулгадаг. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өдөр бүр сонгуульдаад байх юм. Сонгуулийн жилээ дөхүүлээд штабаа байгуулж болох байтал өдөр бүр сонгуульдсаар байгаад сүүлдээ солиорол тал руугаа орчихлоо. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа гурван төрлийн өрийг тэглэнэ гэж амласан. Оюутны, цалингийн, тэтгэврийн зээлийг нэг удаад бүрэн тэглэнэ гэж амлаж байсан бичлэг нь одоо ч байж л байна. “Аж ахуйн нэгж компаниуд Өршөөлийн хуулиар өрөө тэглүүлж болдог байхад яагаад жирййн иргэд нэг удаад өргүй болчихож болдоггүй юм’’ гэдэг зүйлийг Х.Баттулга ярьсан учраас ард түмэнд таалагдсан, бас итгээд сонгосон. Гэтэл Ерөнхийлөгч ажлаа хийхгүй байна. Уг нь энэ хүнд хууль санаачлаад оруулаад ирэх боломж нь бүрэн бий.
-Хууль санаачлаад өргөн барихгүй байгаа шалтгааныг нь та хэрхэн харж байна вэ?
-Уг нь хууль санаачлаад өргөн барих нь нээлттэй. Гэвч одоохондоо энэ нь боломжгүй юм билээ. Учир нь, Төрийн тэргүүн маань хуулийн зөвлөхгүй байгаа. Өмнө нь ажиллаж байсан хүн ажлаа хүлээлгэж өгсөн гэж дуулсан. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч маань төмөр өргөдөг л хүн болохоос хууль бичиж чадахгүй шүү дээ.
-АН-ынхан УИХ-д бүлэггүй болчихлоо. Үүнийг та хэрхэн дүгнэх вэ. Танд хадаг барьснаар бүлэгтэйгээ үлдэж магадгүй гэх хувилбар ярьж байна. Хэрвээ танд санал тавибал хүлээж авах уу?
-Би “хохь чинь” гэдэг байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга л АН-ын бүлгийг задалчихлаа. “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг л боллоо. Өмнө нь “Шударга ёс” эвслийн бүлгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нар нийлж байгаад бужигнуулж, задалсан. “Шударга ёс” эвслийн бүлгийн Н.Батцэрэг, Л.Цог нарт албан тушаал амлаад тараасан түүх бий. Юу тарина түүнийгээ л хурааж авна гэгч болж байна даа. Би тухайн үед гурав хоногийн бүлгийн дарга хийж үзсэн хүн шүү дээ. Тийм учраас АН-ын хувьд хохь нь л боллоо. Надад ямар нэгэн санал тавьсан ч би хүлээж авахгүй. Би намтай хүн. Харин МАН зээлийн хүүг бууруулах ажлыг хийчихвэл энэ намд элсч болно. Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж телевизийн ярилцлагад оролцоод мөн ч том ярьж байна лээ. Энэ дашрамд хэлэхэд, ЖДҮ, АСЕМ-тай холбоотой хэрүүл маргаан гарч буй энэ үед АСЕМ-аар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: Tameika Innocent Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.