Өөлсөн хүнд утаа харагдана, өөлөөгүйд нь бараг харагдахгүй гэнэ үү

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах зорилгоор Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 43 гэр цэгийг ажиллуулсан.

Харин эдгээр гэр цэгүүд нь эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууц болон бүрэн шаталтат  “Хас”, “Өлзий”, “Голомт”, “Дөл” зуух болон сайжруулсан гэрийн дулаалга, үүдний гонх зэргийг худалдан борлуулах, бүтээгдэхүүнийхээ талаархи үнэн зөв мэдээлэл хүргэх, ашиглах заавар зөвөлгөө өгөх зэрэг утааны эсрэг хамтдаа тэмцэх ажлын хүрээнд хийж буй үйл ажиллагааныхаа талаар “нэг цэгийн” үйлчилгээг шуурхай хүргэх зорилготойгоор байгуулагдсан боловч дорвитой үр дүн гараагүй гэхэд болно.

Уг нь иргэд гэрийнхээ аль ойр байгаа салбараас дээрх бүтээгдэхүүний талаархи мэдээллийг авах боломжоор хангагдсан гэж байгаа. Гэвч иргэд энэ газраар үйлчлүүлж, хэрэгтэй мэдээллээ хангалттай авч чадахгүй байгаа гэсэн гомдлыг тавьсаар буй. Харин эдгээр газруудын ажлын хэрэгжилтийг 90 хувийн биелэлттэй хэмээн цаасан дээр дүгнэсэн гэх яриа байна. Уг нь дээрх төслийн хүрээнд хангалттай зуух тараасан гэж мэргэжилтнүүд хэлж байгаа ч зуухны 50-иас багагүй хувь нь халахгүй, ваакум эд нь гэмтсэн зэрэг шалтгаанаас болж хүйтэн гэртээ суугаа иргэд бухимдаж байна. Мөн утаа өнгөрсөн жилийнхээс бараг 50 хувиар нэмэгдсэн юм уу гэх яриа ч иргэдийн дунд байгаа юм. Учир нь III, IV хорооллоос уруудаж ирэх замд Баянбүрдийн тойрогт байрлах Чингэлтэй дүүргийн хөшөөт багана ч утааны улмаас харагдахгүй байгаа нь ийн хэлэхэд хүргэсэн биз. Ямартай ч өөлсөн хүний нүдэнд утаа харагдана гэж байсан удирдлагуудын үг нь өнгөлөн далдлалт байсан бололтой.

Э.Мөнх

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих