Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: Шинэ жил дөхөөд ирэхээр өөрийгөө уядаг морь шиг л бэлдэж байна даа

151565-08122014-1418008136-941207396-Jargalsaixan

“Хасар” Жагаа нэрээр олноо танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Арванхоёрдугаар сар гарчихлаа. Таны өвлийн өвгөний захиалгын ажил эхэлсэн байх. Албан байгууллагууд захиалгаа өгч эхэлсэн үү?

-Шинэ жил дөхөөд ирэхээр “Өөрийгөө уядаг морь гэдэг” шиг л бэлдэж эхэлнэ дээ. Айлууд цагаан сар дөхөөд ирэхээр дээл хувцсаа гаргаад гөвж цэвэрлэдэг шиг өвлийн өвгөний хувцсаа бэлддэг. Арванхоёр сарын нэгнээс өмнө ажил төрлөөр янз янзын л хүнтэй утсаар холбоо барина. “Байна уу, хэн бэ” гэхээр “Хасар Жагаа мөн үү” гэнэ. Тэгээд арванхоёрдугаар сарын нэгэн болонгуут “Өвгөн Жагаа мөн үү” гээд л эхэлнэ. Тэгэхээр нь “Тийм ээ, тийм. Мөөн мөн гэдэг юм. Ингээд л ажил эхэлж байна гэж боддог. Энэ жилийн захиалгууд эхэлчихсэн. Манайхан шинэ жилдээ монгол хэв маягийг оруулах хүсэлтэй байдаг болжээ. Тиймээс монгол өвлийн өвөөгөө шинэ жилдээ оруулмаар байна гэх захиалга их орж ирж байна.

-Та өвлийн өвгөн хэмээх энэ сайхан нэр хүндтэй албыг аваад хэд дэх жилтэйгээ золгож байна вэ?

-2004 оноос эхэлсэн гэхээр 15 дахь жилдээ өвлийн өвгөн болж байна шүү дээ. Цаг хугацаа хурдан байна даа. Саяхан л өвлийн өвөө болж байсан санагдаж байна. Тэгэхэд одоо 15 дахь жилдээ өвлийн өвгөн болох гэж байдаг.

-Ямар байгууллагууд ихэнхдээ таныг урьж байна?

-Янз бүрийн л байгууллагууд урина. Боломжтой үедээ зохицуулаад л очихыг боддог. Цасан охидуудаа дагуулаад л явна даа. Арванхоёр сар дөхөөд ирэхээр цасан охид маань хэднээс ажилдаа орох вэ гээд залгадаг. Энэ жил ч мөн адил цасан охид маань өөрсдийгөө бэлдээд л байж байна.

-Таныг ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсныг залгамжилж байгаа өвлийн өвгөн гэдэг. Анх өвлийн өвөө болж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

- Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайгаас хойш “Харшын сүлд модны наадам”-д өвлийн өвгөн хэн болгох вэ хэмээн яригдаж байсан юм. Надад анх өвлийн өвгөн болооч гэсэн санал ирэхэд би “Уучлаарай. Би хараахан өвлийн өвгөн болох болоогүй байна. Залуухан байна” гэсэн хариу өгч байлаа. Орой нь гэртээ ирээд Т.Урнаад хэлтэл “Юу ярьж байгаа юм бэ. Монголын ард түмэнд хоногшсон агуу хүний бүтээсэн “Өвлийн өвгөн”-ий дүрийг цаашид өвлөөд авч явна гэдэг бол хэр баргийн хүнд олдохгүй том хувь зохиол. Чиний энэ нас байтугай чамаас залуудаа Г.Гомбосүрэн гуай өвлийн өвгөн болсон байдаг гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь Г.Гомбосүрэн агсны гэр бүл рүү нь утастаж өвлийн өвгөн болох болсон тухайгаа хэлж, албан ёсоор талийгаачийн гэрт нь хадагтай очиж өмсөж байсан өвлийн өвгөний хувцсыг нь авч байлаа. Өвлийн өвгөний халааг авсныхаа дараа Г.Гомбосүрэн гуайн өмсч хэрэглэж байсан дээл хувцсыг хоёр жил өмсөж, шинэ жилд оролцож байсан. Тэр агуу буянтай хүний сайхан энергийг өөртөө шингээсэн гэж боддог. Тэр үе л миний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Г.Гомбосүрэн агснаас хойш хувцаснаас нь нөмрөгийг нь би жил болгон хэрэглэдэг. Энд тэнд явахдаа минийх шиг ийм нөмрөгтэй өвөө алга даа гэж хардаг юм. Өвлийн өвгөний хувцсыг өмсөөд гарна гэдэг үнэхээрийн сүр хүч, энерги өгсөн, урд жилийн бүтээлийг магтан дуулсан их сайхан ажил болохоор сэтгэл хангалуун байдаг.

- Та хэр олон дээл энэ хугацаанд сольж байв?

- Би өөрийнхөө дээлийг хоёр удаа сольсон. Энэ жил шинэ дээлээрээ гоёно. Гурав дахь дээл минь болж байгаа юм байна.

-Таныг шинэ жилээр байнга гэртээ урьдаг айлууд байдаг уу?

- Ер нь айлууд их урьдаг. Тэр болгон очоод байх завдал гарч өгдөггүй юм. Зайлшгүй очих айлууд байна. Хүмүүс яриад өвөө эмээтэйгээ уулзуулмаар байна. Нас буян нэмэх сайхан үйл болох гээд байна гэж урьдаг. Хүүхдүүдтэйгээ уулзуулж бэлэг өгүүлэхээс илүүтэйгээр эмээ, өвөө, аав, ээжтэйгээ ерөөл хэлүүлж бэлэг өгүүлэх зүйл их байдаг. Цаад утгаараа их бэлгэдэлтэй санагддаг.

-Өвлийн өвөө болж байсан хамгийн дурсамжтай үеэсээ хуваалцахгүй юу?

- Шинэ жил болгонд л сайхан дурсамжтай үйл явдал болж өнгөрдөг. Хамгийн оргил нь арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн төв талбай дээр шинэ оноо угтаж авах сайхан санагддаг даа. Хүүхдүүд их үнэмшилтэйгээр хандана. 2005 билүү, 2006 онд Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам дээр сэтгэл догдлуулсан нэг сайхан үйл явдал болсон юм. Зургаан настай хүүхэд бэлэг авсан юм. Тэр хүүхэд өмнө нь хараагүй байж. Мэс заслаар хараа ороод анх удаа шинэ жилийн баяр гэдгийг үзээд өвлийн өвгөнийг харсан нь тэр байж л дээ. Тэгээд би тэр хүүхдэд бэлэг өгч байлаа. Тэр хүүхдийг харахаар надад бахархмаар ч юм шиг, сэтгэл нэг л хөдлөөд үнэхээр сайхан байсан.

-Гэртээ өвлийн өвгөн болж байсан уу?

- Манай гэр бүл, хамаатан садангуудын дунд уламжлал болж ирсэн нэг зүйл байдаг. Өвлийн өвгөн энэ ондоо багтаж бэлгээ өгч чаддаггүй учраас нэгдүгээр сарын нэгэнд бүгдээрээ цугларч хүүхдүүдээ баярлуулдаг юм. Бүгд л тэр өдрийг тэсэн ядан хүлээдэг. Би өөрөө өвлийн өвгөн болж ордог юм.

- Та албан байгууллагын олон шинэ жил дээр очдог. Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг байгууллагууд байдаг уу?

-Мэдээж янз бүр л тэмдэглэнэ. Өвлийн өвгөн нисэж орж ирэх ёстой гэж хэлнэ. Урьдчилж зураг авна. Бүр нисдэг тэргээр хүртэл явж байлаа. Сүр ихтэй тэмдэглэдэг газрууд бий.

-Хөдөө орон нутгийн шинэ жилд уригддаг уу?

- Уригдана. Үнэхээр очих боломж гардаггүй л дээ. Өвлийн өвгөн болсноосоо хойш гэр бүлийнхээ зүгээс жил бүр 100 хүүхдэд бэлэг өгдөг. Асрамжийн газар, хорих анги гээд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэглэдэг юм. Энэ жилээс үсгийн дарааллаар гэдэг юмуу, өөрөө хүрч очих боломжгүй хөдөө орон нутгуудад бэлэг өгөхөөр болсон. Түрүү жил Архангай аймгийн хүүхдүүдэд бэлэг өгөх байсан боловч урьд нь өөр газартай ярилцчихсан байсан учраас боломж гараагүй. Энэ жилээс эхлээд Архангай аймагт 50 бэлэг, төрсөн нутаг Дундговьдоо өвлийн өвгөний бэлгээ тараана. Өвлийн өвөө нь очиж бэлгээ өгсөнтэй адил болов уу гэж бодож байгаа.

-Ер нь хүүхдүүд өвлийн өвгөнд хэр итгэдэг вэ?

- Хүн бүхэн сэтгэлдээ өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг. Хэдийгээр хийсвэр гэж боддог ч хүн бүрийн зүрх сэтгэлд өвлийн өвгөн байдаг. Ахмад буурлууд хүртэл өвлийн өвгөнөөсөө ирж бэлэг авахдаа үнэхээр баяртай байдаг. Өвөөдөө үнсүүлнэ, нас авна гэдэг юм.

- Та бусад өвлийн өвгөний талаар судалж байв уу. Уулзаж байсан уу?

-Улс орнуудын өвлийн өвгөнийг судалж байсан. 2008 оноос буриадууд өвлийн өвгөнтэй болсон. Манай монгол өвлийн өвгөнтэй адил төстэй боловч, эрх зүүчихсэн байдаг юм билээ. Тэд жил бүр орон орны өвлийн өвгөдийг урьж, ёс заншлаа танилцуулж, туршлага хуваалцдаг уламжлалтай. Буриадууд өвлийн өвгөнөө цагаан өвгөн гэж нэрлэнэ. Шинэ жилээр цагаан өвгөн нь ирэхгүй. Харин цагаан сараар хүүхэд залуустаа бэлэг өгч, урмын үгээ хайрлана.Тэр уламжлалынхаа дагуу намайг урьсан юм. Тэнд очсон өвлийн өвгөнүүд намайг хараад гайхаж байсан л даа. Хувцасны учир нь юу вэ гээд л асууж өгсөн. Би цагаан өнгө ариун цагаан сэтгэл, цагаан цэнхэр нөмрөг уужим саруул амар амгалан байдлыг илтгэнэ. Харин урт цагаан сахал нь урт насыг бэлгэднэ. Малгайных нь орой улаан залаатай, энэ нь улаан залаатай монголчууд гэсэн утга илэрхийлдэг хэмээн тайлбарлаж байлаа. Тэгэхэд монголчууд аргагүй л шүтлэгтэй хүмүүс юм хэмээн хэлж байсан. Буриадууд цагаан өвгөнөө сонгохдоо цам бүжиг хийдэг юм билээ.

-Та хэдэн нас хүртлээ өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэж байсан бэ?

- Би хөдөө өссөн. Арван жилдээ онц сурдаг хүүхэд байлаа. Тухайн үед шинэ жилээрээ өвлийн өвгөнөөс бэлэг авдаг байсан. Ямар багш өвлийн өвгөн болдог гэдгийг ч мэддэг байсан. Манай Доржсүрэн багш өвлийн өвгөн болно. Хүмүүс волейболын Доржсүрэн гэхээр сайн мэднэ. Мундаг дасгалжуулагч багш. Өвлийн өвгөн байдаг гэдэгт одоо ч гэсэн би итгэдэг. Хотод шилжиж ирээд Г.Гомбосүрэн агсныг өвлийн өвгөн гэдгийг мэдэж байлаа.

-Та өвлийн өвөөгийн ажлаа хэдий хүртэл хийнэ гэж боддог вэ?

-Цаг хугацаа л харуулна байх. Олон мянган хүүхэд багачуудтай баясаж цэнгээд шинэ жилийг өнгөрөөнө гэдэг бол гайхалтай. Өвлийн өвгөний хэлж буй ерөөлийн үг болгон чин сэтгэлээсээ гарч байдаг. Өвлийн өвгөний хэлсэн үгийг хүлээж авч байгаа том хүн ч бай, хүүхдүүд ч бай хүн болгон ухаарал авч байдаг. Үүнийг харах үнэхээр сайхан санагддаг. Өвлийн өвөө болдог нас маань жил ирэх тусам л надад дөхөж байх шиг санагддаг. Ач зээтэй ч болчихсон учраас жинхэнэ утгаараа өвөө болчихсон явж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Г.Гомбосүрэн агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Г.Гомбосүрэн агсны 100 жилд зориулсан театрын бүх л уран бүтээлчид оролцож буй уран бүтээлийн үдэшлэг театрт маань болох гэж байна. Энэхүү үйл ажиллагаан дээр би агуу хүнээ хүндэтгэж өвлийн өвгөний хувцастай оролцоно. Мөн бусад ахмад уран бүтээлчдийн “Бид мартахгүй” уран бүтээлийн цэнгүүн болно. Манай театрын ардын жүжигчин П.Цэрэндагва, ардын жүжигчин Н.Сувд гуай нарын 70 насны ой тохиож байгаа. Энд зориулсан үйл ажиллагаануудад мөн оролцоно. Хувь уран бүтээл талаасаа ажил ихтэй байна. Гэр бүлийнхээ хүнтэй хамт төрийн бус байгууллага байгуулсан. Түүнийхээ хажууд Хангарьд гэсэн театртай. Театрын залуучууд маань он гаргаад шинэ уран бүтээлд орно. Уран бүтээлийн хоёр, гурван ажил маань эхэлчихсэн явж байна даа.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлээс алинд нь түлхүү тоглохыг боддог вэ?

-Тухайн киноны ач холбогдол, үзэгчдэд өгөх мэссэж юу байгааг хамгийн түрүүнд олж хардаг. Дүр их, бага нь сонин биш. Гол нь массаараа энэ кино яаж үзэгчдэд хүртээлтэй байх вэ гэдэг талаас нь хардаг. Ялангуяа өнөөгийн нийгэмд кино зохиол их чухал байна. Кинонуудад хяналт цензур бага болчихсон гэж боддог. Жишээ нь, америк киног үзэхээр л цаанаасаа америк гэдгийг нь мэдэрдэг дээ. Түүний адил манай кино уран бүтээлчид өөрийн гэсэн Монгол киноны дүр төрхийг бий болгоосой гэж хүсдэг.

-Та Хасар Жагаа нэрээр олноо танигдсан. Энэ талаар дурсвал?

-Хасар Жагаа гэдэг нэр жүжигчин мэргэжлийг эзэмшсэний минь бас нэг бахархал. Жүжигчин болгон өөрийн тоглосон дүрээр овоглоод байдаггүй. Үүн дээр өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Тайз болон дэлгэцийн уран бүтээлд намайг сонгож тоглуулж байсан бурхад болсон найруулагч болоод одооны найруулагчдад баярлаж явдаг даа.

Базаррагчаа Номин-Эрдэнэ

Dnn.mn


URL:

Сэтгэгдэл бичих