КУБЫН 3000 ОРЧИМ ХОРИГДОЛД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ГАВАНА. /ПРЕНСА ЛАТИНА/. Кубын Төрийн зөвлөл хүмүүнлэгийн үүднээс 2900 хоригдолд өршөөл үзүүлснээ зарлав.

Жараас дээш настай болон янз бүрийн өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, залуус, давтан хэрэг үйлдээгүй хүмүүс, хоригдож байх хугацаандаа мэргэжилтэй болсон болон соёлын түвшин хийгээд нийгэмших боломжоо дээшлүүлж чадсан хоригдлууд өршөөлд хамрагдсан байна.

Харин тагнуул болон терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдэгсэд, хүний амь хөнөөсөн, мансууруулах бодис наймаалсан, хүчингийн хэрэг үйлдсэн, орон байрны хулгай хийсэн, бага насныхны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүд өршөөлд хамрагдахгүй аж.

Өршөөлд хамрагдсан хүмүүс ойрын өдрүүдэд суллагдана.

Суллагдах хүмүүсийн тоонд гадаадын 25 улсын 86 иргэн багтжээ. Харин тэдний дотор Хаванад хиймэл дагуулын тоног төхөөрөмжийг хууль бусаар түгээсний учир 15 жилийн ял авсан, АНУ-ын иргэн Алан Гросс байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Алан Гросс нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн гэрээт байгууллага болох “Development Alternatives” компанийн ажилтан бөгөөд 2009 оны 12 дугаар сард Кубад баривчлагджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих