Махны экспорт малын тоо толгойг бууруулна гэж үздэг мэргэжилтнүүд ичих хэрэгтэй гэв

мах

ХХААХҮЯ, Мал эмнэлгийн хүрээлэн, Мах Маркет ХХК, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, Инвест Ко-оп Монгол төсөлтөй хамтран “Хонины махны ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт бага хурал зохион байгууллаа.

Зорилго нь Монгол Улс хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хүнс экспортлогч орон болох” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт голлох үүрэг гүйцэтгэх бодлогын талаар хэлэлцэх. Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар зарласан. Аяны хүрээнд махны салбарын тогтвортой хөгжих эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Өнгөрсөн онд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталжээ. Тус хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр байгуулсан юм. Гаалийн мэдээгээр энэ оны эхний арван сард 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 43.2 мянган тонныг тус тус экспортолжээ. Бага хуралд малчид, эрдэмтэд төрийн албаныхан оролцов. Төрийн албаны төлөөлөгчийн ярьж буйгаар бол шинэ хуулиуд батлагдсанаар оны эхнээс малын үржил, эрүүл мэндийг хариуцсан төрийн хоёр албан хаагч сум бүрт ажиллаж эхэлнэ. Мөн хувийн мал эмнэлгүүд малд үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрийг төрөөс авна. Өнөөгийн малын эмч нар өвчин гарсан тохиолдолд мэдээлэх, тоолох, нөхөн олговрын хэмжээ тогтоох гэх мэт ослын ажиллагаа л явуулдаг аж. Харин төрийн ивээлд орсноор урьдчилан сэргийлэх, мал, малчин хоёрыг соён гэгээрүүлэх ажиллагаа явуулна. Ингэснээр мал эрүүлжих үндсэн нөхцөл бүрдэнэ. Монгол мал эрүүлжсэн тохиолдолд дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Аль ч орон монгол малыг сонирхдог зөвхөн малын элдэв өвчин л хамгийн том саад болдог аж. Энэ талаар хурал зохион байгуулагч, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв захирал, академич А.Бакей сонирхолтой илтгэл тавьсан юм. Малаа эрүүлжүүлсэн тохиолдолд хурга, төлөггүй шажигнатал зарна гэнэ. Лалын шашинт баян орнууд их хэмжээгээр хурга, төлөг авахад бэлэн. Гэхдээ тэдний тавих шаардлага бас амар биш. Хонийг цус юүлэх буюу халаал аргаар бэлдэнэ. Адуу, гахай, загасны мах боловсруулдаг үйлдвэрт халаал аргаар мах бэлтгэхийг хориглоно гэх мэт өндөр шаардлагатай. Одоохондоо хятадууд арай ахиу мах авч байгаа юм байна. Гэхдээ мэргэжилтний ярьж буйгаар бол энэ худалдаа ямар ч баталгаагүй. Учир нь манайд махны түүх гэж байдаггүй. Зүй нь олон улсын хүнсний бүтээгдэхүүн төрснөөсөө эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ түүхтэй байдаг. Гэтэл манайхан гэрээ хэлцэл ч байхгүй гуйлгаар наймаа хийдэг. Энэ худалдан авагч дуртай үедээ худалдааг зогсоох үнэ буулгах боломж хятадуудад олгодог аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хөдөөгийн бодлогын яам малын гаралтай түүхий эдийн үнийг байнга өсгөх бодлого барих үүрэгтэй. Махны экспорт малын тоо толгойг бууруулна гэж үздэг мэргэжилтнүүд ичих хэрэгтэй гэнэ. Учир нь малчид малаасаа ашиг олох тусам малаа өсгөнө. Индонезийн жишгээр бол мал экспортлох тусам мал нь чанаржиж, малчдын амьжиргаа сайжирч, төрд тушаах татвар нь хэдэн арав дахин нэмэгдсэн гэдэг.

Харин малчид махны үйлдвэрүүдэд махаа тушаахдаа жаахан гомдолтой байдаг бололтой юм. Улсын хэмжээнд 50 гаруй махны үйлдвэр бий. Өнөөдөр яригдаж байгаа хурганы мах нийлүүлэхэд малчид бэлэн. Гэхдээ яригдаж байгаа насны мал 50 мянган төгрөг. Гэтэл малчид нэг толгой малаа 200 мянга орчим төгрөгөөр зарах хүсэлтэй. Дээр нь үйлдвэрүүд хонь авахдаа сүүл, ууцны өөхийг шулчихдаг гэнэ. Малчид махны жингээ нэмэх сонирхолтой. Харин үйлдвэр зөвхөн зах зээлд захиалгатай мах бэлдэх сонирхолтой.

Сонирхолтой нь нэг доктор “Махыг монгол ёс заншлаа бодож, уламжлалт аргаар бэлдэж, гаргах хэрэгтэй” гэв. Харин миний ард сууж байсан эмэгтэй “Манайхан ингэж элийрсээр байгаад өнөөг хүртэл экспорт хийж чадахгүй байгаа юм. Гадныханд нэртэйгээр ууц хийгээд явуулаад үз, нөгөөдүүл нь шиншлэх ч үгүй” гэх нь дуулдав. Сурвалжлагын дараа махны үнэ сонирхвол төлөг 70, эр хонь 120 мянган орчим төгрөгөөр зарагдаж байгаа гэнэ. Бага хурлын дараа зохион байгуулагчдын нэг “Мах маркет” компанийн төлөөлөгч Н.Анхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Н.АНХТУЯА: БИД МАЛЧДААС МАХЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 500 ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ ҮНЭЛЖ АВДАГ

-Хурга, төлөгний махыг гадагшаа гаргах хэр боломжтой вэ?

- Манай компани судалгаа хийж байна. Ямар орнуудад, ямар хэмжээний зах зээл байгааг тодорхойлно.

- Өмнө нь танай компани Иранд хурга гаргасан туршлагатай гэсэн.

-Бид 2010-2011 онд Иранд хурганы мах гаргасан. Гэхдээ тэдний хүсэлтийн дагуу халаал аргаар нядалж гаргасан. Өнөөдөр энэ орнуудын зах зээлийн тухай мэдээлэл хүргэлээ.

-Манайхан их хэмжээгээр тэдний тавьсан шаардлагаар хурга, төлөгний мах гаргаж чадах уу?

-Хурганы махны зах зээл Ойрхи Дорнодод маш их байгаа. Энэ бүсэд 17 орны 400 гаруй сая хүн байдаг. Энэ орнууд руу жилд 3.7 сая тонн мах ордог. Хурганы махны 69 хувийг Австрали нийлүүлж, удаад нь Энэтхэг, Шинэ Зеланд орно.

-Заавал хурганы мах авах уу?

-Хонины махыг нийтэд авна. Гэхдээ хурганы мах илүү үнэ цэнэтэй.

-Манайхан хурга нийлүүлэх боломжтой юу?

-Манай улс жилд арав гаруй сая төл авдаг монголчууд төл малыг хүнсэндээ ихээр хэрэглэдэггүй учраас боломжтой.

-Яг ямар малын мах илүү үнэлэгдэх вэ?

-Хурга, төлөг нь хамаагүй эр байх хэрэгтэй. Тэгээд 12-21 кг татаж байхад шаардлага хангана. Бид 2016 онд Иран руу экспортоо сэргээсэн.

-Хэр хэмжээгээр гаргадаг вэ?

-Энэ жилийн эхний арван сарын байдлаар 1260 тонн мах гаргасан.

-Малчдаас махаа ямар үнээр авдаг вэ?

-Малчдаас мах авахдаа зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү үнэ төлдөг.

-Малчдаас малын махыг ямар хэлбэрээр авдаг вэ?

-Малчид амьдаар болон манай үйлдвэрт нядлуулж гулуузаа өгдөг.

-Гулуузны сүүл, нурууны өөхийг хасдаг гэсэн малчдын шүүмжлэл гарлаа.

-Буруу ойлголт байж магадгүй. Манайх бүгдийг жинлээд төлбөртөө тооцож авдаг. Харин захиалагч өөхгүй мах авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд мэдээж өөхгүй мах өгнө. Махнаас салгаж авсан өөхөө бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх дээ ашиглана.

- Жилд хэр хэмжээний мах авдаг вэ?

- Өнгөрсөн онд 100 мянган толгой мал авсан. Энэ жил 60 орчим мянган толгой болсон.

-Яагаад экспорт буурав?

-АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай холбоотой. Төлбөр тооцооны асуудал гарсан. Үүнээс болоод бэлтгэн нийлүүлэх ажил хугацаа алдсан. Гэхдээ ирэх жил арай их 200 мянган толгой малын мах бэлтгэнэ.

-Ирэх жил америкууд хоригоо цуцлах юм уу?

-Үгүй ээ. Бид зөвхөн Ирантай харьцдаггүй шүү дээ.

Эх Сурвалж: Dnn.mn


URL:

Сэтгэгдэл бичих