МАН-д гэр бүлээрээ элсвэл 100 мянган төгрөгөөр гар цайлгана

Ийм нэг амлалт гэх үү, арга чаргаа барсан ажил гэх үү, авлига гэх үү… мөнгийг Ардын намын зүгээс айл өрх, хот дүүрэг, баг хороодод төсөвлөсөн байна. МАН-д гэр бүлээрээ, отог омгоороо хөтлөлцөж очоод элсвэл 100 мянган төгрөгөөр шагнуулахаар болжээ. Энэ нь тус намын ирэх сонгуулийн тактик гэнэ.

МАН-ын зүгээс нийгмийн дийлэнх хэсэг болох бага орлоготой иргэд, эмзэг бүлгийнхэн, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдтэй тулж ажиллахаар ийнхүү сонгуулийн төлөвлөгөөндөө тусгасан нь биеллээ олоод эхэлчихэж. Бас болоогүй хэрэгжүүлэх үйл явцаа шинэ жилийн арга хэмжээнүүдтэй давхцуулан ашиглахаар боловсруулсан байх юм. Эхний удаад гэр хороолол хамгийн ихтэй Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн МАН-ын хороод нь ажилдаа идэвхтэй орсон байна. Тус хоёр дүүрэгт гэр бүлээрээ МАН-д элсэх үзэгдэл хүчээ авчээ. МАН-ынхан энэхүү кампанит ажлаа нууцлахыг хичээж байгаа ч одоо нэгэнт ил болжээ. Өнөөдрийн байдлаар Дамбадаржаад гэр бүлээрээ энэ намд элсэж гишүүний батлахаа нийтээрээ авах үзэгдэл их эрчимтэй байгаа гэнэ.

Ялангуяа настайчууд үр хүүхэд, ач зээгээ МАН-д элсүүлэх гэж хичээж, шахалт дарамт, гоморхол, тунирхлыг ихээр үзүүлэх болжээ. Энэ ажиллагаанд зориулж Сүхбаатар дүүргийн МАН-ын хороонд гэхэд төв намаас нь 10 сая төгрөг өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Сүхбаатар дүүргийн МАН-ынхан Зайсангийн тэнд байдаг нэгэн ресторанд шинэ жилээ тэмдэглэхдээ үр хүүхдүүдээ бөөнөөр нь намын гишүүнээр элсүүлж чадсан 15 ахмад настан тус бүрт 100 мянган төгрөгийг баяр ёслолын байдалтай гардуулж илүү амжилттай ажиллахыг ерөөсөн байна. Шинээр элссэн гишүүн бүртээ 100 мянган төгрөг өгч буй хэмжээлшгүй баян энэ нам сонгуульд шударга оролцож чадах уу. Сонгууль болоход хагас жил дутуу байхад л худалдаж аваад эхэлчихлээ шүү дээ.

П.ХАШЧУЛУУН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих