Валютын нөөцөө гөвөх эрсдэл ойрхон байна

233975-13122018-1544694865-1702988971-c95ca6_384573482_x974ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨС ИЛҮҮ ЧУХАЛ БОЛООД БАЙНА

Валютын ханш өнөөдөр манай улсын эдийн засгийн бодит тусгал болж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын нэрлэсэн албан ханш лхагва гарагт 2634.26 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн сар гаруйн хугацаанд ам.доллар даруй 140 гаруй төгрөгөөр өсөж, огцом чангарлаа.

Түүнчлэн энэ сар гарснаас хойш ам.доллартай зэрэгцээд юанийн ханш цочир нэмэгдлээ.

Хэдий мөнгөний бодлогын хүүгээ Монголбанкны Н.Баяртсайхан ерөнхийлөгч нэг хувиар нэмэгдүүлсэн ч ханшийн зах зээлийн өсөлтийг энэ удаагийн шийдвэр хазаарлаж дөнгөсөнгүй.

Валютын ханш “халуун”-тай хэвээр. Энэ он гарснаас хойш төв банк ам.долларын ханшийн огцом өөрчлөлтийг хумих гэж 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн боловч нөхцөл байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дорджээ.

Ханш савлах хэрээр импортын бараа, бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, инфляцын дарамт мөнгөний бодлогыг дахиад л сорьж мэдэхээр байна. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд ДНБ-ий өсөлтөөс илүү ам.доллар болон юанийн ханш тогтвортой байх нь илүү чухал боллоо.

Үндэсний статистикийн хорооны энэ оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтээр, мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 25.9 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Жилийн хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш 5.4 хувиар суларчээ. Мөнгөний нийлүүлэлт хэт өндөр байна гэж эдийн засагч С.Болд үзсэн юм.

Одоогийн мөнгөний бодлогыг зэмлэх эдийн засагчдын байр суурь ч ширүүн байна. Эдийн засагч Ч.Отгочулуу төгрөгийн нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь валютын ханш чангарах ээлжит шалтгаан болж байгааг дурдсан. Түүний хэлснээр төв банк ам.долларын ханшид тойруу замаар нөлөөлж байгаа гэх.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрээд буй. Үүнийг таван тэрбумаас давуулахаа төв банк зарласан. Нөгөө талдаа, энэ нь ам.доллар зах зээлд ховордох, иргэд хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх сонирхлыг нэмэгдүүлжээ.

Тухайлбал, сүүлийн хоёр сарын хугацаанд гадаад валютын хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өссөн байна.

Инфляц энэ оны турш харьцангуй тогтвортой байгаа боловч валютын ханш хамгийн тогтворгүй байна.

Эдийн засаг 6.4 хувиар өссөн боловч ам.долларын ханш бүтэн жилийн хугацаанд 150 төгрөгөөр нэмэгджээ.

Валютын ханш чангарсан ч иргэдийн цалин, орлого энэ онд нэмэгдсэнгүй. Үүнээс улбаалан өрхийн зардал нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байна.

Манай улсын гадаад валютын нөөц 2016 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. Гэвч гадаад өрийн хэмжээ 27.9 тэрбум ам.долларт хүрсэн нь валютын одоогийн нөөцөд бардах үндэслэл болж чадахгүй билээ.

Азийн хөгжлийн банк болон дэлхийн банк манай улсын ирэх оны ДНБ-ий өсөлтийг 4-5 хувиар таамагласан. Хөтөлбөр хэрэгжүүлж буй ОУВС үүнээс харьцангуй өөдрөг буюу 6.3 хувийн өсөлтийг 2019 онд хүлээж буй. Харин Засгийн газар ДНБ-ий өсөлтийг найман хувиар төсөөлж, төсвөө баталсан.

Энэ өсөлтөд валютын ханш томоохон сорилт болж мэдэхээр байна. Ханш ийнхүү долоо хоног тутам өсөөд байвал эдийн засгийн өсөлт гэж яриад ч нэмэргүй. Иргэдэд энэ өсөлт наалдахгүй байх талтай.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоёр сард 200 орчим төгрөгөөр суларсан байна. Гадаад валютын албан нөөц харьцангуй өндөр түвшинд хүрсэн ч төгрөгт итгэх иргэдийн итгэл сул байгааг харж болох юм. МУИС-ийн шинжлэх ухааны сургуулиас 2009 оноос хойш хийж буй “хэрэглэгчийн итгэл индекс” судалгааны энэ оны гуравдугаар улирлын дүнгээр иргэдийн 40.4 хувь нь ирэх зургаан сарын хугацаанд ам.долларын ханш өснө гэж хүлээж байна.

Иргэдийн 23 хувь нь ам.долларын ханш өөрчлөгдөхгүй гэж хариулжээ

Харин 23 хувь нь ам.долларын ханш өөрчлөгдөхгүй гэж хариулжээ. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан төв банк валютын ханшийн хойноос хэт хөөцөлдөх аваас байгаа нөөцөө барах эрсдэлтэйг анхааруулсан юм.

Монголбанк нөөцөө зузаалах алхам хийсээр байгаа боловч нөгөө талд зах зээл дээр үүссэн ханшийн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор өнгөрсөн сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлж, интервенц хийжээ.

Сар гаруйн хугацаанд дээрх хэмжээний валют зах руу нийлүүлсэн ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан хэвээр байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л 130 орчим сая ам.доллар арилжаалсан боловч ханшийн өсөлт намжсангүй.

Байдал энэ чигээрээ үргэлжилбэл эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болж буй валютын нөөцөө гөвөх эрсдэл ойрхон байна.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих