”Нийслэлийн” оны онцлох үйл явдал

Өглөөний 8.00 цагаас ажил эхэлдэг болов Нийслэлийн авто замын хөдөлгөөнийг сааруулах, иргэдэд нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын цагаа өглөөний 8.00 цагаас эхлүүлэх болов.

Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэв

Гурван жил гаруй дуншсан Сонгуулийн тухай хууль шинэ онтой зэрэгцэн батлагдав. Шинэчилсэн хуулиар 2012 оны УИХ-ын сонгуулийг можаритори давамгайлсан 48:28 тогтолцоогоор хийх бөгөөд 48 суудлыг нь можаритори, 28 суудлыг нь пропорцианалиар сонгохоор болж байна. Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1, 27.4-т зааснаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулах юм. Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор сайн, муу шүүмжлэл сонсогддог нь жам хойно. Одоо гол анхаарал татаж буй асуудал бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах эсэх. УИХ-д сонгогдож чадаагүй нь дараа нь орон нутагт нэр дэвших боломжтой байж ирсэний хувьд энэ жил хэрэв сонгуулийг зэрэг явуулвал яах аргагүй содон өөрчлөлтийн нэг болох нь дамжиггүй. Хоёр сонгуулийг зэрэг явуулах эсэх ирэх 2012 оны эхний сонирхол татах асуулт болон үлдлээ.

Цөмийн хаягдал булах тухай олныг сэртхийлгэв

Цөмийн хаягдал манай улсад хаяхаар нууц хэлэлцээр хийж байна гэсэн сэртхийм мэдээлэл энэ оны хамгийн дуулиан дагуулсан үйл явдлын нэг байв. АНУ, Япон улстай Гадаад харилцааны яамны эрх бүхий хүмүүс нууц хэлэлцээр хийж байгаа тухай яригдаж байсан боловч энэ кь батлагдаагүй. Нэг талаар манай улс уранаа түүхий эд байдлаар нь экспортлохгүй боловсруулж цөмийн түлш бэлтгэх том эрх ашгийг олон улсын тавцанд илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор цөмийн хаягдал булах тухай гүтгэлэгт яриаг зориудаар тархаасан байж болзошгүй гэсэн хардлага ч дуулддаг. Ямартаа ч Японы “Майничи” сонин Монголд цөмийн хаягдал булах тухай анхлан олон нийтэд ил цацсан. Цөмийн хор хөнөөлийг Японд болсон цунамигаас сайтар ойлгосон монголчууд тэр дундаа нийслэлийнхэн цөмийн хаягдал булахыг эрс эсэргүүцэж жагсч байсны эцэст энэ асуудал нэг мөр цэг тавигдсан. Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс цөмийн хаягдал булах улс орон биш гэдгийг дэлхий нийтийн өмнө зарлан тунхагласан билээ.

АТГ-ын удирдлагууд өөрчлөгдөв

АТГ-ын дарга нар шоронд ачигдав. Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар шоронд багагүй хугацааг өнгөрүүлж, төрд төмөр нүүрээ харуулахаараа хэнийг ч ялгалгүй шүүж чаддаг гэдгийг харуулав. АТГ-ын даргын оронд цагдаад өндөр албан тушаал хашиж явсан Н.Ганболд очив. Хүн хулгайлсан хэргээр Лондонд саатуулагдсан Б.Хурц эх орондоо нэг л өдөр гэнэт ирээд, АТГ-ын дэд даргаар томилогдсон нь олны анхаарлыг татав. АТГ удирдлагуудаа сольж байх зуур авли-ал улам нэмэгдэж Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 120-т бичигдсэнийг “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас зарлалаа. АТГ-ын удирдлагууд солигдож байх зуур Еренхийлөгч асан Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хувийн шинжтэй өсөрхөл олон нийтэд ил болов. Тэд нэгнээ АТГ-аар шалгуулах хүсэлтээ илэрхийлж хэвлэлээр “дайтах”-ын зэрэгцээ хэн хэн нь авлигалын хэрэгт холбоотой байж болзошгүй нь олны сонирхлыг татав.

Багш нарын ажил хаялт

Ард түмэндээ “Ардын багш” гэж нэрлэгдэх Төрийн албаны гүйцэтгэх ажилтан гэгдэх багш нар ажил хаяж гурван талт хэлэлцээрийн үр дүнд амжилтад хүрэв. Ажил хаясан долоон хоногийм хугацаанд сурагчид хичээл нь цалгардсан юм.

Хашаа 70 сая хүрэв

Орон сууцжуулах хүрээнд долдугаар хорооллын бүтээн байгуулалт төр, иргэн хамтран ажиллах сайн жишгийн эхлэл болов. Долдугаар хороолол буюу зуун айл III сургуулийн ар дахь гэр хороолол долдугаар хороолол нэртэй болж энд нийт 210 га газарт 10 мянган айлын буюу дунджаар 40-50 мянган иргэнийг орон сууцаар хангах том хэмжээний төсөл хэрэгжиж эхлэв. Энэхүү газарт 2100 өрх оршин суудгаас ихэнх нь нүүж газраа чөлөөлсөн. Нэг айлын 0.7 га газрыг төрөөс 70 сая төгрөгөөр үнэлж авсан нь оршин суугчдад сэтгэл ханамжийн баталгааг өгсөн нь мэдээж. Мөн өөр хэд хэдэн байршилд газар чөлөөлөх ажил эхэлж байна. Дашрамд дурдахад Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн 40 мянган айлын орон сууцны төсөл дуусах шатандаа орж 100 мянган айлын орон сууц төсөл эхлэв.

Анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийв

Анагаахын шиңжлэх ухааны дэвшил, хөгжил эрхтэн шилжүүлэн суулгаснаар тодорхойлогддог. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УКТЭ-ийн эмч мэргэжилтнүүд өнгөрсөн есдүгээр сарын 24-нд БНСУ-ын “АСАН” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран гурван хүнд хийлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа. Энэ төрлийн хагалгаа хийлгэх хүмүүс цаашид их хэмжээний мөнгөний эрэлд гарч, гадны орныг зорих шаардлагагүй болжээ. Тиймээс элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголын энэ оны онцлох үйл явдлаар нэрлэлээ.

Улаанбаатар дэлхийн бохир хотын жагсаалтад оров

Бохир хотуудын жагсаалтад багтсан Улаанбаатар хотод Монголын нийт хүн амын 1.3 хувь нь амьдардаг. Агаарын бохирдлыг стандартаар нь аваад үзвэл байх ёстой хэмжээнээс тав дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Улаанбаатар хотын газрын хөрснөөс дээшээ нэг метрийн түвшинд хар тугалга, хүнд элементүүд маш их байдгийг ЭМЯ-ныхан тоггоосон. Хөрсний бохирдол хэрээс хэтэрч байгаа нь гэр хорооллын жорлонтой бас холбоотой хэрэг юм. Хөрсний бохирлоос гадна нийслэлийн авто замын түгжрэл өдөр ирэх тусам ачаалж буй нь хоёр жилийн дараа Улаанбаатар хотын зам таг түгжрэхийг гэрчлээд байгаа юм. Нөгөө талаар Монгол Улс энэ онд ОХУ-ын үйлдвэрт хийгдсэн шинэчлэлээс болж шатахууны хомсдлыг амсав. Шатахуунгүй бол улс орон хөлгүйтэй адилхан болдогийг тод харуулсан. Шатахууны хомсдлын үеэр нийслэлийн авто замын түгжрэл өмнөхөөсөө харьцангуй саарсан билээ.

Энэ оны хот бүтээн байгуулалт

Хонгилын систем буюу дулааны шугам сүлжээг дэлхийн хотуудын жишигт нийцүүлсэн төсөл хэрэгжсэн нь Улаанбаатар хотын хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулав. Энэ нь Улаанбаатарт “Метро” тавигдах боломжтойг харууллаа.

Нийслэлийн нийтийн тээвэр

Энэ онд их багтаамжийн автобусны 6 чиглэл шинээр нэмэгдэж, 8 чиглэлийг сунгах, Мөн 14 чиглэлд өөрчлөлт оруулан автобусны тоог 43-аар нэмэгдүүлж, 26 автобусны зогсоолд тэмдэг тавьж баталгаажуулах зэрэг ажлыг зохион байгуулав. “Эрдү” ХХК том оврын автобус угсарч ашиглалтад оруулав. Мөн “Автобус -3″ компани хийн газийн түлш автобусанд угсарч туршив.

Авто зам

Энэ онд нийслэлийн “Ангар”-ийн гудамжинд 70 км хатуу хучилттай авто зам тавьж ашиглалтад оруулав. Энэ зам нь авто замын урсгалыг чөлөөтөй нэвтрүүлдэгээрээ онцлог боллоо.

Төрийн шагнал хүртэгсэд

Саяхан түүхийн шинжлэх ухааны доктор Г.Батсайхан төрийн шагнал хүртсэн билээ Тэрээр VIII Богд Жавзандамба хутагтын тухай судалж байгаа нэгэн. Эрдэмтний судалгааны ажил нь Монгол Улс тусгаар тогтносны 100 жилийн ойд зориулагдсанаараа онцлогтой. Дуучин Д.Болд төрийн ордонд анх поп дуу дуулж түүнийгээ монгол урсгалаар гаргаж ирснээрээ бусдаасаа онцлог байлаа. Мөн Д.Болд Төрийн шагнал хүртсэн нь түүнийг ийм залуугаараа дэндүү эрт авлаа даа гэх яриа олныг тойрсон юм. Харин Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар нь М.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр эзлэн дэлхийд данстай дуучин болсныг онцлохгүй байх аргагүй. Урлагийн салбарт ийнхүү залуу дуучид тодорсон бол Монголын спортын түүхэнд Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд гарснаараа Монголын анхны эмэгтэй тамирчин гэдгээрээ нэрээ дуурсгууллаа.

niislel times


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих