Б.Баатархүү: Талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдох нотлох баримтууд алга болоогүй

news_78352_1Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл өглөө. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ХУД-ийн нутаг дэвсгэрт иргэн Ч нас барсан хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Олон нийтийн сүлжээгээр гадаад улсад байгаа иргэнээс “Цагдаагийн байгууллага баримтуудыг шалгахгүй байна. Хэрэгт авагдсан материал баримтууд солигдсон” гэх худал ташаа мэдээллүүд явуулж байгааг албан ёсоор няцааж байна. Цагдаагийн байгууллагаас иргэнээс ирүүлж байгаа бүхий л мэдээлэл дээр шалгалтууд явуулж байгаа.

Тухайн иргэнээс ирүүлсэн лифтний бичлэгт байгаа хоёр иргэнийг олж тогтоогоод шалгалтын ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт холбогдолгүй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Тухайн иргэд өөрсдийг нь олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтэн мэтээр гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад шалгуулж байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан гутал, хувцас өөрчлөгдсөн, эд материал, нотлох баримт алга болсон гэх ташаа мэдээлэл явж байгааг албан ёсоор мэдэгдье. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн баримтуудаас ямар нэгэн зүйл алга болсон юм байхгүй. Үнэхээр хэргийн явцад шаардлагатай гэж үзэж байгаа баримт байвал цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулахыг хүсч байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хэргийн мөрдөн шалгах явцыг удаашруулсан, хойшлуулсан зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор явдаг. Ажиллагаа дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл мэдээлэл хийнэ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих