Шилдэг энхийг сахиулагчдын нэг гэдгээрээ бахархдаг

712-154526688648396163_1988431287909530_5819016744265580544_n

Мэс заслын клиникийн Цээж, хэвлийн мэс заслын тасгийн боолтын сувилагч Ц.Түмэндэлгэр 1990 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмчийн мэргэжлээр төгссөн. 1990-1991 онд Улаанбаатар хотын Сувилагчийн дунд сургуулийн нарийн мэргэжлийн хагалгааны сувилагчийн курсийг төгссөн. 2015 онд ахлах зэрэгтэй сувилагч болсон ба цаашид тэргүүлэх зэрэгтэй сувилагч болох зорилго, эрмэлзэл дүүрэн хөдөлмөрлөж яваа тус тасгийн тэргүүний ажилтнуудын нэг болохыг тасгийн дарга, хошууч Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм. Тэрбээр 1990 оноос Цэргийн төв эмнэлэгтэй өөрийн ажил, амьдралаа холбож, хагалгааны сувилагч, ахлах сувилагчаар ажилласан бөгөөд тус эмнэлэгт сувилахуйн албыг анхлан байгуулахад мэс заслын арга зүйчээр дэвшин ажиллажээ. Энэ хугацаанд 2005-2007 онд ЭМШУИС-ийн Сувилагчийн сургуульд суралцаж, баклавр зэрэгтэй арга зүйчээр төгссөн аж.

Сувилагч Ц.Түмэндэлгэр өөрийн мэргэжлийн дадлага, ур чадвараа улам ахиулахыг эн тэргүүний зорилго болгон 2012-2013 онд Хойд Судан улсад цэргийн багийн бүрэлдэхүүнд хагалгааны сувилагчаар үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын ажилтнууд, цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон орон нутгийн иргэдэд үйлчлэх, хагалгаа, боолт хийх ажилд идэвхийлэн зүтгэсэн байна. Түүний гадаад оронд үүргээ үлгэр жишээ гүйцэтгэснийг нь сарын тэргүүний ажилтнаар хоёр удаа шалгарсан өргөмжлөл гэрчилнэ. Ц.Түмэндэлгэрийн хувьд хавдрын, бүдүүн, шулуун гэдэсний, цээж, хэвлийн хагалгааны дараах боолтыг стандартын дагуу хийх, өвчтөний сэтгэл зүйг засах, тэдний санал хүсэлтийг судалж уламжлах, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхийлэн оролцож, өнгөрсөн хугацаанд 1450 удаагийн мэс засал, хагалгаанд биечлэн оролцож, олон мянган удаагийн боолт хийсэн тоон үзүүлэлт гарчээ. Ц.Түмэндэлгэр 2015 онд байгууллагын тэргүүний ажилтнаар шалгарч, 2007 онд Эрүүлийг хамгаалах яамны Жуух бичиг, 2012 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2013 онд Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг хүртсэнээрээ бахархаж явна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналаа БХЯ-ны удирдлагаас 2018 оны ажлын эхний өдөр гардан авснаа ихэд бэлгэшээж, ажил, албандаа илүү чармайлттай, идэвх зүтгэлтэй ажиллаж явааг хамт олон нь онцолсон. Түүнд хийж бүтээхийн эрмэлзэл дүүрэн байна.
ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭНЭ
ЦТЭ-ийн цээж, хэвлийн мэс заслын тасгийн сувилагч Ш.Цэрмаа:
-Би 1997 оноос Цэргийн төв эмнэлэгт гал тогооны үйлчлэгч, асрагчаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 2005-2008 онд Сувилахуйн их сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж, 2009 онд Улсын хоёрдугаар эмнэлэгт хагалгааны сувилагчаар нарийн мэргэжил эзэмшсэн. 2008 оноос цээж, хэвлийн мэс заслын тасагт сувилагчаар 10 дахь жилдээ, тус эмнэлэгт нийтдээ 20 гаруй жил бүтээлчээр хөдөлмөрлөж явна. Энэ хугацаанд сувилахуйн ур чадвараас гадна өөрийн урлаг, спортын авьяас, чадварыг хөгжүүлж “Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн үзлэгт эхний гурван байрт шалгарч, мөн спортын төрлүүдээр тодорхой амжилтыг үзүүлж байсан.
Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудын дадлага, туршлагаас суралцахын зэрэгцээ цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн шаталсан сургалтуудад хамрагдсанаар чамгүй туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулсан гэж ойлгодог.
Мөн сүүлийн жилүүдэд дадлагажихаар ирж байгаа сувилахуйн оюутнуудын ур чадвар тун сайжирсан. Жилдээ 60 гаруй сувилахуйн оюутнууд тус клиник, тасагт дадлагаждаг. Тэдгээрээс “миний гараар орж”, ур чадвар эзэмшсэн цөөнгүй оюутан байдаг бөгөөд ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ер нь оюутнуудыг чадваржуулж, чанаржуулах нь өөрийгөө шинээр нээж, хөгжүүлэх өргөн боломжийг олгодог онцлогтой. Тогтвор суурьшил, амжилт, үр бүтээлтэй ажилласныг маань төр, засаг өндрөөр үнэлж энэ жил “Сувилагчийн өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдэг хүртээсэнд ихэд урамшсан. Ирэх онуудад амжилтаа бататгаж, тасгийн өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бодит ажил хэрэг болгохын тулд хамт олноороо хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.
ХАМТ ОЛНЫХОО ДУНД 25 ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨЖЭЭ
Ж.Батчимэг 25 дахь жилдээ тасгийн асрагч, үйлчлэгчээр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний ажилтны нэг юм. Тэрбээр гэмтлийн мэс заслын, яаралтай мэс заслын хагалгааны асрагчаар ажиллаж байгаад сүүлийн 5 жилийн хугацаанд цээж, хэвлийн мэс заслын үйлчлэгчийн хариуцлагатай албыг хашиж яваа. Мэс заслын хагалгаа хийж байгаа эмч, сувилагч нар “ариун бээлий”-тэй байдаг учраас тэрбээр хагалгааны үед эмч нартай ойр байж, гэрэл, цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулах, ойртуулж, холдуулах зэргээр өндөр ачаалалтай, нягт нямбай ажилладаг. Өнгөрсөн хугацаанд 3500 гаруй удаагийн мэс заслын хагалгааны бэлтгэл ажлыг хангаж, оролцсон тоон үзүүлэлт бий.
Түүнчлэн хагалгаанаас хагалгааны хооронд буюу тодруулбал, 10-15 минутын богино хугацаанд мэс заслын өрөө болон тоног төхөөрөмжийг угааж, цэвэрлэх, кварцаар ариутгах ажлыг шуурхай гүйцэтгэж, дараагийн мэс засал хийх бэлтгэлийг хангадаг нь түүний үндсэн ажлын нэг юм. Тус тасгийн үйлчлэгч нар бүгд л өндөр ачаалалтай ажиллаж, шаардлагатай зарим үед илүү цагаар ч ажиллах тохиолдол их гардаг нь ойлгомжтой. Цаг ямагт “ариун” байх шаардлага тавигдаж, коридор, албаны болон өвчтөн бүрийн өрөө, ариун цэврийн өрөөг шил толь мэт арчлах ажээ. Ж.Батчимэг 1997, 2009 онд байгууллагын хөдөлмөрийн аваргаар шалгарч, Эрүүлийг хамгаалахын болон МҮЭ-ийн тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны болон МҮЭ-ийн Хүндэт жуух бичгээр шагнуулжээ. Ажил, албандаа эзний ёсоор ханддаг тэргүүний ажилтны нэг Ж.Батчимэг нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний хань Ч.Ганбаатар нь Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд ажилладаг.
Тэрээр нийт үйлчлэгч (асрагч)-ийн зүгээс ахлах сувилагч, ээлжийн сувилагч нарын зөвлөмж, шаардлагыг сайтар биелүүлж, нийтийн болон их цэвэрлэгээнд байнга хамрагдаж, албандаа чин сэтгэлээсээ ханддагаа илэрхийлж, олон эмч, сувилагч, үйлчлэгч нартай хамтран гар, сэтгэл нийлэн өнөөг хүртэл ажиллаж ирснээрээ бахархдагаа хэлсэн юм. Тэрээр Цэргийн төв эмнэлгийн болон тасгийн хамт олондоо удахгүй болох шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж, ирэх оны ажилдаа улам их амжилт олохын ерөөлийг дэвшүүлсэн юм.
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих