Генийн өөрчлөлттэй, хордсон нутагтай хоцормооргүй байна

Японы цөмийн эрчим хүчний “Фукушима1” станцад болсон ослын дараахан манай зарим нэг мэдээллийн хэрэгслээр уран бол аюулгүй, цөмийн эрчим хүч хөнөөлгүй гэсэн санааг үе үе цухалзуулж байв. Тухайн үед хүн төрөлхтнийг сандралд оруулсан тэрхүү үйл явдалтай давхцуулах нь амжилт олохгүй гэж үзэж байсан уу ёстой цухалзуулаад л өнгөрдөг байсан. Харин сүүлийн үед шар нунтгийн талаарх мэдээ нийтлэлүүдийн ан эхлэв үү гэлтэй энэ сэдвээр бичих нь олширлоо.
Тэр хэрээр та бид ураны баяжмалыг шар нунтаг гэдгийг мэддэг болсон. Сонирхуулахад “2010 онд дэлхийн 60 улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг судалж буйгаа Олон улсын атомын энергийн агентлагт мэдэгдсэний ихэнх нь хөгжиж буй орнууд байжээ” гэж бичсэн байсан. Бодит байдал дээр хөгжиж буй орнууд л цөмийн эрчим хүчний салбар руу хошуурдаг. Энэ орнуудын дунд манайх ч бас бий. Тийм учраас бидэнд тун түгшүүртэй санагдаж байгаа юм. “Мууг дагавал могойн хорлол” гэж үг бий дээ. Манай улс заавал тэр улсуудын жишгийг дагаж яах юм бэ. “Сайныг дагавал сарны гэрэл” гэдэг шиг цөмийн эрчим хүчнээс татгалзаж буй орнуудын жишгийг дагах хэрэгтэй гэж би үздэг. Цаашлаад “Энэ зууны дунд үеэс уран дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болох хандлагатайг мэргэжилтнүүд тэмдэглэж байна” гэж гэх үзэл ч бас бий.

Хоёр сарын өмнө бол тийм байсаан. Харин одоо дэлхийн олон улс орон огт өөр хандлагатай болсныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс бид олж мэдсээр байгаа. Тиймээс шуудхан хэлэхэд энэ бол хоцрогдсон мэдээлэл. Герман, Итали, Швейцари гээд Европын олон орноос гадна Филиппин хүртэл цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Тус орнуудын цөмийн салбарын тэргүүлэгч мэргэжилтнүүд эрх баригчдынхаа ийм шийдвэрт нь талархаж байгаагаа илэрхийлэх болсныг юу гэж ойлгох вэ. Хятад, ОХУ хоёр л татгалзах бодолгүй байна. ОХУ-ын хувьд нутаг дэвсгэрээ газар хөдлөлтийн аюулгүй гэж үзэж байгаа учраас цөмийн эрчим хүчнээс татгалзахыг хүсэхгүй байна. Тэгвэл Хятадад газар хөдлөлтийн аюултай олон газар бий. Сычуань мужид ямар гамшиг учирсныг бид мартаагүй. Гэтэл цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй гээд байдаг. Тэгж ярьвал манай улс хил залгаа оршдогийнхоо хувьд газар хөдлөлтийн аюултай олон бүс нутагтай Хятадыг цөмийн эрчим хүчнээсээ татгалзахыг уриалах бүрэн эрхтэй ч юм шиг.
Мөн нэг нийтлэлд “шар нунтаг” гэх энэхүү баялгийг өнөө үед цөмийн зэвсэг үйлдвэрлэх бус, энхийн зорилгод, хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө ашиглахыг илүүд үзэх болсон билээ. Тэр ч утгаараа цөмийн эрчим хүчний салбарт техник, технологийн дэвшил байнга гарах болов. Ослын үед автоматаар унтардаг, газар хөдлөлтийг мэдрэх тоног төхөөрөмжтэй технологи нэвтэрч байгаа бөгөөд цаашид үүнээс ч илүү сайжрах төлөвтэйг мэргэжилтнүүд мэдэгдэж байна” гэж бичсэн нь мөн л хуучирсан үзэл.
Энхийн зорилгоор ашиглана гэдэг нь мэдээж. Гэхдээ манай улс хамгийн бага хүчин чадалтай станц барьтлаа олборлосон уранаа хэнд зарах вэ гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тийм ээ, дэлхийн тэргүүлэгч орнуудын зэвсгийн үйлдвэрлэлд л нийлүүлнэ шүү дээ. Энэ бол ерөөс нууц биш.
Шинэ техник, технологи нэвтэрч ослын үед реакторуудыг автоматаар унтардаг болгосон л гэнэ. Эрдэмтэд мэдээж хэрэг зүгээр суулгүй, шинэ бүхнийг туршин нэвтрүүлж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Японы цөмийн эрчим хүчний станцуудын реакторууд ослын үед тэр дороо автоматаар унтарч чадаагүйг юу гэж ойлгох вэ. Энэ аюулаас үүдэн гарах үр дагаврыг арилгах тал дээр ямар шинэ технологи санаачилж нэвтрүүлсэн бэ гэдэг нь лав л Японы станцууд дээр харагдсангүй. Уг нь баян орон хамгийн сайн төхөөрөмжүүдийг нь тавьсан л байж таараа. Гэсэн ч цөмийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээнүүд байнгын өндөр хэм, хүчтэй цацрагийн нөлөөнд байдаг учраас хурдан элэгддэг онцлогтой. Энэ асуудал цөмийн эрчим хүчний салбарт хамгийн чухалд тооцогддог гэсэн.
Бас нэг нийтлэлд “Нэг фунт уран 20 мянган фунт нүүрсний гаргах эрчим хүчийг ялгаруулдаг гэсэн тооцоо бий” гэжээ. Энэ тэнцэтгэл яах аргагүй үнэн л дээ. Гэхдээ ийм тархи угаасан аргыг өдгөө хүлээн зөвшөөрмөөргүй байгаа юм. Энэ тооцоог дэлхийн тэргүүлэгч орнууд бүгд мэднэ. Гэсэн ч татгалзаж байгааг бодоход дээрхтэй дүйцэхүйц бас нэг тэнцэтгэлийн хариуг олсон байж таарах нь. Ард түмэн+Ашиг гэсэн тэнцэтгэлийн хариуг тэд олж. Харин тэр хариу нь байгалийн хий, салхи, нар уу, эрчим хүчний ямар эх үүсвэр юм бол доо гэдгийг л судлах хэрэгтэй байна. Ийм л зүйлийн талаар яг өнөөдөр ярилцах хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Манай улсын эрдэмтэд дунд үүнийг шийдэж чадах чадалтай хүмүүс олон бий гэдэгт итгэдэг. Тэд одоо л үгээ хэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Монгол Улс 2020 онд цөмийн эрчим хүчний станцтай болно гэдгээ дэлхий дахинд зарлачихлаа шүү дээ. Манай орны цөмийн салбарынхан үнэндээ цөмийн эрчим хүчээ илүүд үзэн аюулгүй гэдэгт итгүүлэхийг хүсэх болсон. Үүнийг хүлээн зөвшөөрөлгүй эх орноо сайн бүхнийг дагадаг үлгэр жишээ орон болоосой гэж хүсдэг.
Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаагийн бас нэг чухал, бүр нэн тэргүүний шалтгаан нь цөмийн хаягдлаа хаана булж далд оруулах вэ гэдэг дээр гацчихаад байсан явдал юм. Энэ асуудал цөмийн эрчим хүчний станцуудтай оронд ёстой л толгойны өвчин нь болчихоод байгаа. Цөмийн хаягдлыг газар зүгээр ч нэг булаад хаядаггүй юм байна. Тусгай сав, торхонд хийж хэдэн арав, бүр хэдэн зуун жил тэдгээрийг хянаж шалган манадаг аж. Тэгвэл бид цөмийн эрчим хүчний станцтай болчихвол хаягдал шаарыг нь яах вэ. Уудам газар нутагтай юм чинь хаа нэг газар нь булчихна гэж хандаж болохгүй л байх. Хойч үеийнхэндээ эрүүл газар нутаг үлдээмээр байна шүү дээ. Шар нунтгийн талаарх монгол мэдээнүүдээр тархиа угаалгаж эцэст нь генийн өөрчлөлттэй, хордсон нутагтай хоцормооргүй байна.

Б.Халиан


URL:

Нэр: Shiloh Mollica Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих