Чин ван М.Ханддоржийн хөшөө сүндэрлэлээ

Монгол улсын анхны гадаад харилцааны яам буюу Монгол улсын гадаад хэргийн бүгд эрхлэх шийтгэх яамны тэргүүн М.Ханддоржийн хөшөөний нээлт  өнөөдөр болов. Хөшөөний нээлтэд Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон ахмад дипломатчид, залуу үеийн  төлөөлөл иржээ. Хөшөөг Чин ван М.Ханддоржийн сангаас Монголд дипломат алба үүссэний 100 жилийн ойд зориулан бүтээсэн аж. Уран барималч н.Энхтөрийн урласан эл хүрэл хөшөө 160 сая төгрөгийн хөрөнгөөр бүтжээ.

Чин ван М.Ханддорж бол 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг,  манай улсын гадаад харилцааны ууган сайд юм. Тэрээр  туурга тусгаар Монгол орноо сэргээх эхлэлийг тавьж, нөр их үйл хэргийн ачааны хүндийг үүрэлцэж явжээ.  Тухайлбал 1912-1913 оны заагт  хаант Орос улсад төлөөлөгчдийг тэргүүлэн очиж Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө дипломат үүргээ бахархалтай гүйцэтгэсэн байдаг. Мөн 1912 оны гуравдугаар сард 47 сурагчтай орчин цагийн анхны бага сургуулийг байгуулжээ. Түүнчлэн Орос улсаас хэвлэлийн машин, үсгийн хэв захиалан авчирч Гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэх үйлдвэр байгуулсан байна. Үүгээр манай улсад анх удаа тогтмол сонин, сэтгүүл хэвлэдэг болсон түүхтэй аж.

Б.Ариунтуяа

URL:

Сэтгэгдэл бичих