Хөлөг чинь ард түмэнтэйгээ хөмөрчих вий

HGMJӨдгөө төрийн хамгийн өндөр дээд албан тушаалыг хашицгааж буй МАН-ын бага хурал, удирдах зөвлөлийн гишүүдэд хандаж хэлье, одоо болно. Танай намын зовлон танай намынх биш, ард түмнийх, Монгол Улсынх болоод удаж байна.

Засгийн газар огцрох уу, УИХ тарах уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү, Үндсэн хуулийн өөрчлөлт хийх үү, үймээн самуунд хүрэх үү гэсэн асар том системийн асуудалд тултлаа монголчуудыг хоёр хуваалаа, та нар. Хэн нь тамга атгах, хэн нь явах одоо чухал биш. Албан тушаал, улс төрийн хариуцлага нэрээр халхавчилдаг халаа сэлгээ чинь хэнд ч сонин биш байна. Парламентын үйл ажиллагаа гацсан, Засгийн газрын хувь заяа дэнжигнэсэн эдгээр өдөрт олон муу мессэж гадагшаа цацагдлаа.

Хамгийн сүүлд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан тайлангаар Монголын улс төрийн тогтворгүй байдал нь бизнесийн гол эрсдэл хэмээн үзсэн. Энэ нь бослого үймээн гэсэн үг биш. Харин Монголын нөхцөлд төрийн эрх барих парламент, гүйцэтгэх Засгийн газар нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон буюу нэг ёсондоо “төрийн уналт” гэж дүгнэснийг манай сонин өмнөх дугаартаа нийтэлсэн.

Дотоод нөхцөл ч амаргүй байна. Шатахууны болон валютын ханшийн өсөлт иргэдийн олсон орлого, бизнесийн байгууллагуудын ашгийг ч үгүй хийж байна. Харин ч гадаад өр өдөр өдрөөр өсөн нэмэгдэж буй шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлт болчихсон байхад бодлого тодорхойлогчид тоож байгаа ч юм алга.

Өнөөдрийн УИХ, Засгийн газрыг бүрдүүлж буй үнэмлэхүй олонхыг 2016 оны сонгуулиар бүхэл бүтэн 65 суудал авахад ард түмэн асар том эрх мэдэлтэй цуг асар их итгэл найдвар өгсөн. 2004 оноос хойш буюу сүүлийн 15 жилийн хугацаанд сонгуулийн циклээр нэг нам дангаараа Засгийн газар байгуулах боломжийг сонгогчид аль ч улс төрийн хүчинд олгоогүй. Гагцхүү энэ удаа өнөөгийн эрх баригчдад тэр эрх  мэдлийг өгсөн юм. Өгөх өгөхдөө дангаараа үндсэн хуулийг өөрчлөх, том төслүүдийг хөдөлгөх, тогтолцооны шинэчлэл хийх хэмжээний том эрх мэдлийг тэдэнд өгсөн.

Гэвч бүрэн эрхийн хугацааных нь талаас илүү нь өнгөрчихөөд байхад эрх баригчдын дотоод хагарал төрийн ажлыг түгжиж, гацаасан байдалтай байна. Юун нөгөө хөгжлийн дээдэд хүргэж, аж амьдралыг өөд татах вэ. Засагласан шиг засаглаж, зассан шиг засаад улс орны эдийн засаг, ард олны амьдралыг өөд нь татаад өг гэж өгсөн үүргийг улсаа яаж уруудуулах уу гэсэн уралдаан болгох  гээгүй юм бол ингээд зогсъё, улстөрчид өө. Парламент нь хуулиа тогтоож, хяналтаа тавь, Засгийн газар нь ажлаа хийж, амлалтаа хэрэгжүүл. Ямбыг нь та нар хангалттай бүр хэтрүүлэн  хэрэглэж байгаа, ялыг нь ч гэсэн давхар үүр. Төр гэдэг өндөр босго, үүрэг хариуцлага байдаг. Түүнээс биш та нарын боддог шиг түр хашиж байгаа албан тушаал андуурах хэрэггүй тул дараагийн сонгуулиа бодоод ч болтугай төрийн ажилдаа анхаарлаа хандуулаач.

Эрх баригчдын зовлон ард түмнийх болоод удаж байна

Монголчууд эрх баригчдыг олонх болгож, засгийн эрх мэдлийг өгөхдөө Монгол улсын хөгжлийг гацаа, бие биенээрээ туг тахь гэж сонгоогүй.

Гэтэл төрийн ордонд толхилцож толхилцож болохоо байгаад тусгаар тогтнолын ордон руу шилжсэн ч, хагарлын хайнаагаа хагалсангүй. 19-нд үүр шөнийн 04.00 цаг хүртэл хуралдсан бага хурлаас гарсан шийдвэрийг тус намын намын байгуулалтын газрын дарга мэдээлэхдээ “УИХ-ын даргыг спикерийн албан тушаалаа өгөхийг хүссэн намын даргын хүсэлтийг удирдах зөвлөлийн 95 хувь нь дэмжсэн” гэлээ.

Харин Төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболд мөн л мэдээлэл хийж “Хуулийн хүрээнд огцруулах үндэслэл бүрдвэл албан тушаалаа өгөхөд бэлэн” гэсэн юм. Гэхдээ намын бага хурлын шийдвэр хууль бус хэмээн тэрбээр онцолсон. Эндээс харахад үүр цайтал хуралдсан бага хурлаас ямар ч үр дүн гарсангүй, улс төрийн талцал тэмцэл бахь байдгаараа буйг нотолж байна.

Хэзээ дуусах хэрүүл тэмцэл вэ. Хэрэв энэ намаас сонгогдсон 64 гишүүн хоорондоо талцаад зогсохгүй, үүндээ нам, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг чирж оруулсаар байвал ард түмний дургүйцэл туйлдаа хүрч, парламентын тогтолцоог ч ганхуулж мэдэх нь.

Зөвхөн эрх мэдэл, албан тушаал, шинэ хуваарилалтын төлөө тэд Монголын улс төрийг зохиомол хямрал руу түлхэж буйгаа ухаарах сөхөө алга. Товчхондоо, Монголын түүхийн 100 жилийг бичилцсэн энэ нам зүгээр л нурж байна. Та нарыг хөлгийн ахмад хэн болохоо үзэж, залуураа булаацалдах зуур хөлөг чинь ард түмэнтэйгээ хамт хөмөрчих вий.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих