Н.Алтангэрэл: Онон мөрний эхийг сүйтгэвэл олон улсын өмнө хариуцлага хүлээнэ

3fd2d7_9103391304_5039f4bf1d_b_x974Хэнтий, Дорнод аймгийг хамарсан найман сумын газар нутаг, тодруулбал Гутайн даваа, Онон мөрний сав газар алт олборлож байгаа нь  байгаль орчин, гол усны эх, түүхэн бүс нутгийг сүйтгээд зогсохгүй цаашлаад олон улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж нутгийн иргэд мэдэгдээд байна. Энэ талаар “Онон мөрөн” хөдөлгөөний зохицуулагч  Н.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Канадын хөрөнгө оруулалттай компани анх Гутайн даваанд зөвшөөрөл авч алтны хайгуул эхэлснээр асуудал үүссэн. Одоо тэнд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Сүүлийн 10-аад жил Онон  мөрний  сав газрын дагуу  Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумын зааг  Гутайн даваанд алтны  хайгуул олборлолтын ажил явагдаж  байна.  Үүнийг эсэргүүцэж нутгийн иргэд, малчид хөдөлгөөн өрнүүлж ирсэн ч хүчин мөхөсдөж байна. Тиймээс нийслэлийг зорьж ирж хэвлэлийн хурал хийж мэдэгдэл, шаардлагаа төр, засгийн өндөрлөгүүдэд хүргэлээ. Онон мөрөн бол дэлхийн 10 том мөрний нэг, түүний цутгал  нь Гутай, Шургадагийн гол юм. Энд Пегматик Майнинг,”Ю энд Би” , “Айвуун Тэс”  компаниуд алт олборлож  байгаа. Энэ нь  Онон мөрний сав газрын байгалийн унаган төрхийг эвдэж, гол усыг хордуулж бохирдуулж байгаа нь түүхэн бүс  нутгийг сүйтгээд зогсохгүй Онон мөрний сав газар, улмаар олон улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөр түгшүүр төрүүлэх боллоо. Иргэд тэмцээд дийлэхгүй байгаа тул арга буюу нийслэлд ирээд байна.

-Та бүхэн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлсэн гэсэн. Ямар асуудлыг дэвшүүлэв?

-Мал аж ахуй, уул уурхай хоёр зэрэгцэн орших ямар ч боломжгүй. Үүнийг үүссэн нөхцөл байдал батлан харуулсаар байна. Малчид, иргэд төрсөн нутагтаа амьдрах, мал аж ахуйгаа эрхлэх аргагүй болж хавчигдаж шахагдаж байна. Энэ  байдалтай малчин, иргэд  хэзээ ч  эвлэрэхгүй. Бид уугуул нутагтаа ажиллаж, амьдарч ирсэн. Цаашид ч амьдарч, үр  хүүхэддээ нутаг усаа бэүрэн бүтэн үлдээх учиртай. Тиймээс  Гутайн давааны цогцолбор газрыг төрийн тусгай хамгаалалтад авахыг шаардаж байгаа. Шаардах бичгийн гол  утга энэ. Уул уурхайг зогсоох ёстой.

-Та бүхнийг дэмжиж байгаа төрийн болон ТББ-ууд байна уу?

– Гутайн даваан дахь алтны орд нь  Хэнтий аймгийн  нутаг Онон голын сав газар дагуух Биндэр, Батширээт, Дадал, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул  зэрэг нйаман сумын нутгийг хамардаг.  Нутгийн иргэд эвлэлдэн нэгдэж байна. Сая нийслэлд ирэхдээ 2600 хүний гарын үсэг бүхий шаардах бичгийг авчирч төр, засгийн тэргүүнүүдэд хүргүүллээ. Манай нутгийнхан, Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очир , Монгол Улсын зөвлөх геологич Д.Энхбаатар, Батширээт сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүн П.Эрдэнэбаяр, Онон багийн харъяат Н.Баатар, “Гал нэгдэл” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай, “Онон  мөрөн” хөдөлгөөний тэргүүн П.Ононбаяр нар идэвхтэй оролцож байгаа.  Бидний зүгээс эх орончдоо, төрийн болоод ТББ-ууд, монголчуудаа  энэ тэмцэлд уриалан дуудаж байна. Хэнтий аймгийн нутаг бүхэлдээ, Онон мөрний сав газар тэр чигээрээ язгуурын монголчууд, Эзэн Чингис хааны түүхт газар, төрт улсын  маань гал голомт нутаг  шүү дээ. Бид гал голомтоо самарч болохгүй шүү дээ. Уул уурхайгаар ухуулж төнхүүлж болохгүй эрхэм нандин юм гэж бидэнд бий.

Эх сурвалж: polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.