ХУУЛИЙН ТӨСӨЛ ТАТВАРЫН АСУУДЛААС БОЛЖ ГАЦЖЭЭ

Газрын тосны бүтээгдэхүүн нь эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн учир түүний эрэлт хэрэгцээг тасралтгүй хангах, улмаар им­пор­тын хараат байдлаас гарах, газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлд­вэр барьж, байгуулах зайлш­гүй шаардлагатай байгаа билээ.

“Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх үед энэ талаар гишүүд хөндөж ярьсан юм.

Газрын тос боловсруулах үйлд­вэр барих олон санал, техник, эдийн засгийн үндэслэл ирүүлсний ихэнхийг нь хянаж тусгай зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд тэдгээрт, ялангуяа жижиг үйлдвэрүүдэд төрийн оролцоо байх шаардлагатай эсэх, газрын тосны хайгуул, олборлолт хийх компаниудад ямар нэгэн хязгаарлалт тавих эсэх талаар Э.Бат-Үүл гишүүн асуусан юм. Харин П.Алтангэрэл гишүүн “Энэ салбарт төрөөс баримтлах бодлого, эдийн засгийн зохицууулалт нь салбарын­хаа хөгжлөөс хоцроод араас нь дагаж явна, Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг 2015 он бус 2017 оноор тогтоохдоо төдөн онд төчнөөн хэмжээний олборлолт хийж, төдөн онд нийт хэрэгцээгээ хангах нөөцтэй болсон байна гэсэн бодлогын чанартай тооцоо хийсэн зүйл алга” гэж шүүмжлээд “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хаана байна? Энэ салбарыг хөгжүүлье гэвэл эрхзүйн орчноо сайжруулах ёстой. Элдэв баримт бичиг гаргасаар байтал газрын тос маань гадагш урсаад дууслаа шүү дээ! Яг хэзээ энэ хуулийг оруулж ирэх вэ?” хэмээн шавдуулж байв. Энэ асуултанд ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт “Үүнийг Сангийн яамнаас асуух хэрэгтэй. Татварын асуудлаа эцэслэн шийдвэрлэхгүй байгаагаас гацчихаад байгаа” гэснээр “Нэг засгийн газрын яамд байж хоёр өөр улсын яамд шиг ярьж байна” хэмээн шүүмжлүүлэхэд хүрсэн юм.

Эцэст нь газрын тосны үйлдвэр барих асуудал дээр аль болохоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийг гишүүд Засгийн газарт үүрэг болголоо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих