Монголоо голсон халаасчид харийг зорих болжээ

Монголын харьяат гурван залуу Сингапурт гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлжээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гадаад, дотоодын сайтуудад тавигдаж сониуч нэгний сонорыг мялаав. Сингапурт амьдарч, хулгай хийн амь зогоодог гурван залуу байдаг аж.

Бас ч үгүй дэл сул юм тоншихын хажуугаар нутаг нэгт бүсгүйчүүдээ хууран мэхэлж, орон байраар ханган, биеийг нь үнэлүүлж байсан нь тогтоогджээ. Тэд нэгэн эмэгтэйн халаасыг ухаж байгаад баригдсан байна. Т.Эрхэмбаатар, Х.Хашбат, В.Баярсайхан нар 2001 оноос харийнхны халаасыг тэмтрэх ажлаа эхэлсэн гэнэ.

Тэдэнд Сингапурын шүүхээс 4.6-6.5 жилийн хорих ял оноосон байна. Нэгэн үе манай улсын иргэд БНХАУ, Макао, Сингапур зэрэг улсууд руу зорчихдоо хар тамхи мансууруулах төрлийн бодис авч яваад саатуулагддаг байсан. Харин сүүлийн үед монголчууд гадаадад хулгайн хэрэгт холбогдох нь ихсэв.

Дээрх гурван залуугийн тухай мэдээлэл цацагдахаас өмнө ОХУ-д нэгэн монгол залуу дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан хэрэг гарсан. Тэр ч бүү хэл дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн хулгай хийж буй бичлэгийг нь сайтад тавьсан байв.

Түүнийг хэн болохыг тогтооход Монгол улсын харьяат 39 настай н.Цогбадрах байсан аж. Харин уржигдархан буюу энэ сарын 25-нд солонгосын Чежү арлаас БНХАУ-руу нисэх гэж байсан хоёр монгол иргэнийг тус улсын цагдаагийнхан саатуулжээ. Учир нь тэд Чежү арлын нэг дэлгүүрээс дөрвөн ширхэг булган дээл туусан байв. Энэ үйлдэл нь мөн л дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байжээ.

Үүнийг нь цагдаа нар шалгаад хулгайч нарыг ганцхан цагийн дотор нисэх онгоцны буудлаас баривчлах нь тэр. Хоёр монгол иргэнийг шалгахад эгч дүүс болох нь тогтоогджээ. Түүнчлэн булган дээл хулгайлахаар урьдаас төлөвлөж, бэлдсэн байсан гэнэ. Эгч дүүсээрээ хилийн дээс алхан, үсэн тохирч хулгай хийж байхыг бодоход зөвхөн “сайн эрчүүд” л хил даван хулгай хийдэг биш бололтой.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-д хоёр монгол залуу согтуугаар машин барьж яваад саатуулагдсан. Тэднийг шалгахад нэг нь олон удаа гэмт хэрэгт холбогдон, улмаар шүүхээс зугтаж, америкийн хотуудаар хэсүүчилж явсан нь тогтоогдсон байдаг. Олон удаагийн гэмт үйлдлийн дотор хулгайн хэрэг ч байсан.

Ямар учраас манай улсын иргэд гадаадад хулгай хийсэн хэрэг шил шилээ дарах гарах болов. Цалингаас цалингийн хооронд амьдардаг ядруухан нутаг нэгтнүүдийнхээ халаасыг ухлаа ч ганц хоёрхон удаа автобусанд суух мөнгө хумсалдаг болохоор хил даван “том хөдлөхөөр” шийдээ юм болов уу.

Үнэхээр ч манай хуулийн байгууллагын нэгэн хариуцлагатай албан тушаалтан “Жараахайнууд л энд халаас ухдаг. Харин “том гар”-ууд нь аль хэзээний хил даваад гарчихсан. Хойд, урд хөрш, европд “ажлаа амжуулж яваа” хэмээн ярьж байсан. Энэ ч үнэний ортой байх. Гадаадад амьдардаг гэхийг нь сонсоход сайхан гуншинтай ч хар ажил хийж биеэ зовоолгүй хулгай хийж, халаас тэмтэрч амьдардаг монголчууд цөөнгүй байдаг бололтой.

Үүний нэг жишээ бол албан байгууллагуудаар хэсэн “Ориг” франц сүрчиг зарж байна. Аваарай” хэмээн зарлаж явдаг үүргийн худалдаачид. Европод амьдарч байгаад ирсэн монголчууд тэдний зарж байгаа үнэртэн, гоо сайхын бараа ямар замаар ирсэнийг андахгүй. Томоохон дэлгүүрүүдээр хэсэн ихэвчлэн гоо сайхын бараа тоншиж, түүнийгээ илгээмжээр монгол руу явуулдаг сүлжээ бий болоод удаж байгаа гэнэ.

Харин дээр дурьдсан үүргийн наймаачид европоос ирсэн илгээмжийг нь тосч аваад байгууллагаас байгуулага хэсэн, худал ярьж, зарж явдаг байна. Ийм замаар ирсэн үнэртэн, гоо сайхны бараа дэлгүүрийн лангуун дээр зарагддагаас хямд байх нь мэдээж. Худалдан авсан хүн ч тансаг хэрэглээний барааг хямд авлаа хэмээн баярлахаас биш тив алгасуулан хулгайлсан бараа гэж яаж мэдэх вэ.

Хулгайн хэргээр саатуулагдан, ял шийтгүүлсэн иргэдийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Энэ мэдээлэл манайд ирээгүй байна. Тиймээс мэдээлэл өгөх боломж алга” хэмээн өнөөх л хэдэн “халаасны” хариултаа өгнө.

Харьяат иргэн нь харь оронд гэмт хэрэг үйлдэн саатуулагдаж, зарим нь аль хэдийнэ хуулийн дагуу шийтгүүлсэн байхад мэдээлэл ирээгүй гэсэн ганцхан хариутай сууж байх. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг дээ. Төр засаг нь иргэнээ тоохгүй байхад цацсан шагай шиг хаа сайгүй тарсан монголчуудыг хэн өмгөөлж хамгаалах болж байна аа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.