Мадоннагийн шинэ дууг интернэтэд хулгайлж тавьсан этгээд баригджээ

Дуучин Мадоннагийн цоо шинэ уран бүтээлийг интернэтэд хууль бусаар байрлуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг Испанийн цагдаа нар баривчилжээ. Түүнийг уржигдар тус улсын умард хэсэгт байх Сарагоса хотод саатуулсан байна. Саатуулагдсан этгээдийн нэр усыг нууцалж байгаа бөгөөд цагдаа нар зөвхөн түүний нэрний товчлолыг дэлгэсэн аж. J.M.R нэртэй 31 настай энэ эр Америкийн поп одын шүтэн бишрэгч нэгэн гэнэ.

Мадоннагийн сүүлчийн бүтээл болох “Give Me All Your Love” дууны демо хувилбар 2011 оны 11 дүгээр сард интернэтэд тавигдсан билээ. Энэ дуу сүүлийн таван жилийн хугацаанд дуучин эмэгтэйн бүтээгдэж буй анхны цомгийн эхлэл дуу болох учиртай байсан юм. Худалдаанд гаргаж хараахан амжаагүй байгаа цомгийнх нь эхлэл дуу ийнхүү хууль бусаар интернэтэд тавигдсанд дуучин эмэгтэй ихэд уурссан гэдэг. Тэрээр үүнийг мөрдөн шалгахыг шаарджээ. Саатуулагдсан испани эрийн гэрт нэгжлэг хийсэн цагдаагийн ажилтнууд түүний компьютерээс Мадоннагийн дууны бичлэгийг илрүүлсэн байна. Энэ бичлэг түүнд ямар замаар очсоныг тодруулахаар ажилалж буй аж. Хулгайч эрийг батлан даалтад гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих