Монголын хөдөө дэх Хятад малчид

“Шаахайн мөр гаргахгүй” энэ тэр ч бүр яамай болсон дог оо. Аль ч улс оронд байдаг жишгээр манайд ч мөн хятад хороолол буй. Манай хотын Зуун айл хэмээх хятад хороолол хүрээгээ тэлж, салбараа өргөжүүлсээр нийслэлийн маань өнцөг булан бүрт хятадууд бөөн бөөнөөрөө аж төрөн амьдардаг болжээ. Энэ нь даяаршиж буй Монгол төрх юм байлгүй гэж үзье.

Оймсоо хүртэл урд хөршөөс зөөдөг манайхны хувьд хятадын хил хаавал бараг л бүх зүйл зогсоно гэсэн үг. Эрээн хотын хятад наймаачдын түншүүд “Нарантуул” хэмээх томоохон худалдааны төвийн бүхий л худалдаачид. Энэ захын үүд хаалгаар өдөртөө л хэдэн арван мянган хүн орж, гарахдаа “Made in Сhina” гэсэн хаяг шошготой гутал хувцас, тогоо шанага, алим жимс, ялаа жоомны хор гээд ер юу эсийг авсан байх вэ? Бум бужигнасан энэ газар урд айлтай “хүйн” холбоотой томоохон төв байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх. Дараалан тоочвол “Хятад зоогийн газар” гэсэн хаягтай үй олон газрууд жан цууны үнэрээр хотынхны маань хамрыг сэтлэх шахан хаяа дэрлэцгээнэ. Тэдний хоолны чанар эрүүл ахуйд хэн бугай нь хэрхэн яаж анхаардаг нь тун бүрхэг. Хааяахан “тийм нэртэй тэр хятад зоогийн газрыг тийм заваан бохир орчинд тэгж тэгж хоол хийсэн учраас хаалаа” гэж зурагт радиогоор ярих боловч удаж төдөлгүй өнөөх “болдоггүй” хоолны газар нь бахь байдгаараа ажиллаж л байдаг. Тэд ямар мах, ногоогоор яаж хоол хийж бидэнд үйлчилдэг нь тун бүрхэг. За, энэ мэт ч одоо бидэнд бараг асуудал биш болж дээ. Асуудал үүсгэж яримгүй бол болохгүй өч төчнөөн үйл явдал өдөр ирэх тусам олширч байна. Манай барилгын компаниуд хятадуудаар ажил хийлгэх тун дуртай гэсэн. Сайн тал байдаг л биз. Гэвч танхай хятад барилгачид төрийн цагдааг маань хүртэл зодчихсон удаатай. Мөн л үүнийг багахан асуудал гэж үзээд дэлгэрүүлэн ярихаа зогсооё.

Бид хятадуудаар юу хийлгэж болох, ямар ажил хийлгэж болохгүй вэ гэдгийг тун дорвитойхон тооцоолж, үндэснийхээ хэмжээнд хэлэлцэхгүй бол оройтоод байна. Хятад ажилчид манайд барилга барьж, ногоо тарьж, хоол хийж,  хувцас оёж болно гэж үзье. Баялаг бий болгох, баялгийг бүтээж болох салбарт хятад ажилчдын хүчийг ашиглаж болох юм.  Харин хятад хүн манай нутагт, манай малчдыг орлон, манай монгол малыг маллан, малчин болж болох уу? Эзгүйрэн үлдсэн хөдөө нутагт маань хятад малчид бий болж байна гэв үү. Манай малчид мал хуй нь өсөж үржээд хүн хүчээр дутаж, хөлсний малчнаар хятад хүнийг сонгож байвал бас болдог л хэрэг. Монгол малчин биеийн хүч шаардах ажлыг хятад ажилчнаар хийлгээд өөрөө арай илүү түвшний ажилд шамдан нэг ёсондоо оюун ухаан шаардсан зүйлд хүчээ зарцуулвал боломжийн л юмсанж.

Гэхдээ энэ тийм өөдрөгөөр бодоод байх зүйл биш бололтой дог оо. Хятад малчдын тоо өдрөөс өдөрт өсөж, тэд бүр мянгат малчин ч болж байгаа гэнэ. Дотор хүний дотор санаа юу юугүй бидний гол түшиг тулгуур болсон мал аж ахуйн салбарлуу шунган орж буйн жишээ энэ бус уу. Тун удахгүй Монгол улсын сайн малчин Ли овогт хэмээн цоллох шинжтэй. Хятад хүн монгол мал маллавал юу болохыг таамаглаад үзье. Эзэн хүнийхээ дуу хоолойн өнгө хийгээд бараг л ярьж хэлж байгааг нь ойлгох шахдаг монгол малыг хашгирч гуугачин, шулганасан хятадууд хариулж маллаад эхэлж байгаа нь “аймаар”. Монгол хүний малч ухаан гэж бараг л бие даасан шинжлэх ухаан. Мал маллах арга ухаанд хэдэн үеэрээ суралцан, сурсан мэдсэнээ үр хойчдоо хэдэн үе дамжуулан өвлүүлдэг монгол заншил хөдөө нутагт, малчин ардад арай ч унтралгүй байсаар байгаа. Цаг цагийн хахир хатуу, халуун бүлээнд хүн малтайгаа дасан зохицсон монгол малчны ахуйд хятад шаахай, богино хүрэмтэй урд зүгийнхэн орж ирэх арай л санаанд буумгүй зүйл аж. Тэр тусмаа үндэснийхээ гол баялаг болсон мал аж ахуйг ийн төсөөлж эргэцүүлэхэд бэрх юм. Монгол мал түүх болон үлдэх цаг хаяанд ирсэн юм биш биз.

Хятадуудад алдалгүй хоцорсон зүйл бидэнд байна уу. Баталгаагүй хүнсээр нь эрүүл мэндээ алдаж, чанаргүй бараанд нь хэдэн бор төгрөгөө өгч, охид бүсгүйчүүдээ хүртэл хэсэг бусгаар нь бэр оруулчихсан. Тоочвол барагдахгүй зүйлээ бид урд хилээр гаргаж байгаа даа.   Хятад газрын мөнгөжсөн нэгэн нь бидний газар нутагт эзэн сууж, эрдэнэс баялаг газар шороог маань хэтэвч нь зузаарч тархи нь хоосорсон эрх мэдэлтнүүдэд боодол боодол юань атгуулаад амархан шиг худалдаад авдаг болж. Эцэст нь  мал ахуйгаа хятад иргэдэд худалдаж барах үлдсэн нь энэ байж. Бадарчин явсан газар балагтай гэдэг дээ. Хятадууд монголын хаана л очно тэндээ эзэн сууж, монголчууд өөрсдөө өөрийн газар нутагт хятад иргэний зөвшөөрлөөр алхдаг болсон. Одоо бид малын махаа хятад малчнаас худалдан авах боллоо. Ийм зүйл байж болох уу. Одоо яах вэ? Хятадуудад малаа худалдаж буй малчид энд алдаа гаргав уу? Ямар зорилгоор юу хийхээр монгол нутагт тэмүүлэн ирж байгаа нь тодорхой бус харийнханд юу юугүй хошуу дэвсэн хамаг байдгаа зарах гэж зүтгэдэг манайхан чухам юу л хийж байна даа. Өнөөх ердөө л Улаанбаатар хотын зуун айл орчимд нутагшсан хятадуудын талаар ярьдаг байсан цаг аль эрт үеэ өнгөрөөж, Дорноговь, Өмнөговь, Увс, Сүхбаатар аймаг гээд ер монголын өнцөг булан бүрт өмнөд нутгийнхан тархсан. Ийнхүү хаа сайгүй тархахдаа хятад хүн малчин болтлоо «хувирчээ». Монгол мал, Монгол малчин хоёрыг түүх болгон үлдээхгүй юмсан. Хятад малчдад халаагаа өгч байгаа нутгийн малчдаа төр хэрхэн яаж бодлогоор дэмжиж, урамшуулж, урам зоригтой, итгэлтэйгээр хөдөө талаа, мал сүргээ хамгаалан үлдэхэд нь нүдээ нээн туслах ёстой цаг нь болжээ.

Г.Урантуяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих