Ц.Энхтүвшин: Ах аа, дээлтэй бүжиглэхээр жаахан эвгүй харагддаг юм гэж хэлсэн

15456411665c209ccea7818

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ жилийн арга хэмжээний үеэр дээлтэй бүжиглэсэн залуу болон түүнийг дээлтэй бүжиглүүлэхгүй гэж суудалдаа суухыг шаардсан даргын тухай асуудал олон нийтийн анхаарлыг татаж багагүй шуугиан дэгдээв.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт болсон нэгэн шинэ жилийн баярт Монгол дээлээ өмсөж ирсэн малчинг бүжиглүүлэхгүй хэмээсэн Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга олны дургүйг нэлээд хүргэсэн байна.

Тиймээс бид дээлтэй бүжиглэсэн залуутай уулзаж ярилцлага авахаар холбогдсон боловч аймагтаа оччихсон, сум руугаа явж байна гэсэн тул утсаар байр суурийг нь сонслоо.

-УЛААНБААТАР ХОТОД ШИНЭ ЖИЛД ОРНО ГЭЭД ХАГАС САРЫН ӨМНӨӨС Л ДЭЭЛ ХУВЦАСАА БЭЛДСЭН-

Түүнийг Б.Буяндэлгэр гэдэг. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн иргэн. Аялал жуулчлалын компанид 2001 оноос хойш тэмээчнээр ажилласан учраас тус шинэ жилийн үйл ажиллагаанд урилгаар оролцжээ.

-Шинэ жил болдог өдөр яг юу болсон юм бэ. Таныг үндэсний хувцастай бүжиглэж болохгүй гэхэд яаж хүлээж авав?

-Эхлээд их гайхсан ч, за, ойлголоо гэж хэлсэн. Би бодохдоо ийм баярт Монгол дээлтэй ирж болдоггүй юм байна л гэж бодсон. Уг нь Улаанбаатар хотод шинэ жилд орно гээд хагас сарын өмнөөс л дээл хувцасаа бэлдсэн. Эхнэр маань шинэ дээл цамц оёж өгсөн.

-Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга тантай холбогдож, уучлалт гуйсан уу?

-Өнөөдөр өглөө /өчигдөр/ надтай холбогдоод “Уулзаж уучлалт гуйх гэсэн юм аа” гэсэн. Би аймагтаа ирчихсэн сум руугаа явж байна гээд хэлсэн чинь “Гомдоосон бол уучлаарай. Шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай” гэсэн.

-Та тэгээд юу гэв?

-За гээд л учраа ололцоод утсаа салгалаа.

Харин дараа нь бид Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшинтэй холбогдож байр суурийг нь сонссон юм.

 -”АХ АА ДЭЭЛТЭЙ БҮЖИГЛЭХЭЭР ЖААХАН ЭВГҮЙ ХАРАГДДАГ ЮМ” ГЭЖ ХЭЛСЭН-

Тэрбээр, “Шинэ жилийн арга хэмжээн дээр миний сууж байсан ширээний хажууханд дээлтэй ах бүжиглээд байсан учраас би “Ах аа дээлтэй бүжиглэхээр жаахан эвгүй харагддаг юм” гээд ахыг суулгасан. Тэрнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг шинэ жилд оруулахгүй, бүжиглүүлэхгүй гэж муудалцсан юм байхгүй. Би өнөөдөр өглөө /өчигдөр/ Б.Буяндэлгэр ахтай утсаар холбогдоод ярьсан. Аймгийн төв дээрээ байгаа юм байна лээ. Гомдоосон бол уучлаарай ах гээд уучлалт гуйгаад учраа олсон” гэв.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих