Баталгаагүй салютад он дуустал хяналт тавина

Шинэ жилийн баярыг тохиолдуулан албан байгууллага, хамт олноороо өргөн дэлгэр баяраа тэмдэглэдэг.

Үүний хэрээр гэрэлт үзүүлбэр, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг ашиглах явдал ихэсдэг.

Энэ жил мэргэжлийн байгууллагууд хамтран баталгаагүй, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй пиротехникийн хэрэгслийг худалдаалахыг зогсоох, хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Учир нь өмнөх жилүүдэд хувь хүмүүсийн оруулж ирсэн баталгаагүй салютаас болж 21 хүн гэмтэж, бэртэн эрүүл мэндээрээ хохирсон юм. Эдгээр хүмүүсийн зарим нь гаргүй болсныг бид тухай бүрд нь мэдээлж байсан. Энэ бүхэн пиротехникийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг чангатгах гол шалтгаан нь болсон байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар энэ сарын 13-ны өдрөөс эхлэн ирэх сарын 2-ныг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн ашиглалт, худалдаалах байдалд цагдаа, мэргэжлийн хяналттай хамтран шалгалтыг явуулж байгаа аж.

Шалгалтыг Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд болон Засгийн газрын 2006 оны “Тэсэрч дэлбэрэх  болон  тэсэлгээний  хэрэгсэлийн эргэлтэнд хяналт тавих тухай” 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох дүрэм, журмыг удирдлага болгон явуулж байна.

Манайд пиротехникийн хэрэгсэл оруулж ирэх албан ёсны зөвшөөрөлтэй хоёрхон компани байдаг. Эдгээрээс бусад нь хувиараа урд хөршөөс үнэ хямд, баталгаагүй, заавар, зөвлөмжгүй салют, гэрэлт үзүүлбэрт зориулагдсан бүтээгдэхүүнийг оруулж ирдэг аж.

Хэдийгээр хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлсээр байгаа ч пиротехникийн хэрэгслийг хэрэглэх явдал гарсаар байгаа гэнэ. Шинэ он солигдоход цөөхөн хоног үлдлээ. Иймд Нийслэлийн онцгой байдлын газраас галын аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар зөвлөмжийг хүргүүлж байна.

Тухайлбал, сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утсыг дүрмийн дагуу холбох, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай цаас,саа,хөвөн зэрэг зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамит нь 25 секунд ажиллан нэг метр 60 см өндөртэй гэрэл цацруулсаны дараа зургаан секунд орчим суурийн чөлөөт шаталт үргэлжилдэг тул өрөө тасалгаандаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

А.Лхагважав


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.