Тэргүүлэгчид оноо алдав

Английн премьер лигийн “боксин дэй” буюу шахуу хуваарьтай тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Өнгөрсөн даваа гаригт Английн ногоон талбайд нийт долоон тоглолт явагдлаа.

Лигийг тэргүүлэгч “Манчестер Сити” “Уэст Бромвич Альбион” клубтэй 0:0-ээр тэнцэж, ардаа яваа нэг хотын хөрш “Манчестер Юнайтед” багт оноо ойртох боломж олгов. Үүнийг “Улаан Чөтгөрүүд” овжин ашиглаж “Уиган Атлетик” клубыг 5:0-ээр бут ниргэн онцгой ялалт байгуулжээ.

Мөн “Ньюкасл” “Болтон”-ын талбайд зочлон тоглож, Хатем Бен Арфа, Демба Багийн гоолоор багтаа ялалт авчрав. Тэгвэл “Эвертон” “Сандерленд”-ийн талбайд зочлон, Колбэкийн гоолын хариуг пенальтиас Лейтон Бейнс барьж, хоёр баг 1:1-ээр тэнцжээ. Үүний дараа “Сток Сити” талбайдаа “Астон Вилла”-г хүлээн авч, гоолгүй тэнцсэн байна. Тэгвэл Лондоны “Цэнхэрүүд” буюу “Челси” талбайдаа “Фүлхэм” багийг хүлээн авч мөн 1:1-ээр тэнцсэнээр аваргын өрсөлдөөнөөс улам бүр холдлоо. Арван найман тойргийн дараах байдлаар тус клуб жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.
“Ливерпүүл” клуб талбайдаа “Блэкбэрн” багтай тоглож, 1:1-ээр тэнцэнээр “Копууд”ын Европын тавцан дахь мөрөөдөл дахин холдлоо. Тэд жагсаалтад зургаадугаарт 31 оноогоор бичигдэж байна. Өнгөрсөн тойрогт пенальти цохих эрхээ алдаж байсан Чарли Адам энэ тоглолтод мөн өөрийн багийн хаалганд гоол хийснээр багийнхаа ялалтыг үгүй болгосон аж. Уг нь Чарли Адамын гоолын дараа хоёрдугаар үеийн 51 дэх минутад “Ливерпүүл”-ийн Макси Родригез тоог тэнцүүлсэн хэдий ч “Улаанууд” өөр гоол хийж чадалгүй байсаар үндсэн цаг өндөрлөсөн байна. Английн тэргүүн лигийн үлдсэн тоглолтууд энэ долоо хоногт үргэлжлэн явагдана.

Бэлтгэсэн Б.ХҮСЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих