Г.Баасан эгчийн зөгнөл биелэжээ

Манай монголчууд сүүлийн үед юм л бол жагсаж, цуглах гээд байдаг болчихсон.

Харин энэхүү орчин үеийн “жагсдаг” тэмцлийн “төгс” нэгэн хэлбэрийг ард түмэнд “сурталчилсан” хүмүүсийн нэг бол Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан гэх эмэгтэй. Тэрээр нэг хэсэг хаана, юу болохгүй байна тэнд гүйж очиж лекц уншин, өөрийн гэсэн “фэнүүдээ” дагуулан жагсаал цуглаан зохион байгуулаад байсан. Харин сүүлийн үед нам жим байгаагын учир нь тэрээр МУИС-ын оюутан болж, хичээл номын мөр хөөх болсонтой холбоотой. УИХ-ын сонгууль ойртож байгаа учраас ирэх оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс хэдийнээс тодроод эхэлсэн. Харин “тоонд дунд үсэг цохиж явна” гэдэг шиг санаанд оромгүй хүмүүс ч тэдгээр нэр дэвшигчдийн дунд цөөнгүй бий. Хатагтай Г.Баасан мөн л тэдгээр “үсэгнүүдийн” нэг. Тэрээр сонгуулийн сурталчилгаагаа хийж эхлээд байгаа бөгөөд сүүлийн үед телевизүүдэд ярилцлага өгөх нь ч ихэсчээ. Улстөрчдийг муулж, өөрийгөө ард түмний элч мэтээр дөвийлгөн ярих түүний яриа олон хүний инээдийг хүргэж байгаа аж. Тэрээр саяхан нэгэн ярилцлагынхаа үеэр “Би энэ Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрыг яг ингэж муудалцаж, бие биенийхээ булайг дэлгэж, заваарахыг аль эрт зөнгөөрөө мэдэрч байсан” хэмээн хэнэг ч үгүй хэлсэн аж. Гэтэл хөтлөгч бүсгүй түүний энэ үгэнд инээд нь хүрсэн бололтой жуумалзаж, “За за Баасан эгчээ тэгэхээр таны зөгнөсөн юм л биелжээдээ” гэж доогтойхон асуухад “Тийм” гээд хувирал байхгүй “хусна лээ”.
Н.Уранхас


URL:

Сэтгэгдэл бичих