2012 онд сонгууль явуулах уу?

Ингэхэд 2012 онд сонгууль явуулах хэрэг байна уу? Иймэрхүү хандлага манай улстөрчид, шийдвэр гаргагчид,

сонгуулиар эрх ашиг нь хөндөгдөж буй зарим хүний зүгээс харагдаад эхэллээ. УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдаад дөнгөж 10 гаруй хонож байна. Энэ хугацаанд хуульд хориг тавьчих болов уу, Цэц рүү өргөдөл шидчих болов уу гэж харж байсан хүлээлт харин ч гайгүй өнгөрлөө. Гэхдээ шинэ жилийн баяр тааруулаад янз бүрийн хар хор гүйчихгүй бол шүү дээ.

Сонгуулийн шинэ хуулийг баталсан гишүүдийн хувьд ч, уг хуулиар өөр дээрээ туршилт хийх гэж байгаа улстөрчид, нэр дэвшихийг горилогчдын хувьд ч одоо хэр нь “Хууль битгий хэрэгжээсэй, унаж тусчихаасай” гэсэн далд горьдлого бас л байдаг бололтой юм. Түүнийгээ ч ил, далд янз бүрийн хэлбэрээр илэрхийлсээр ирсэн. Жишээ нь, хуулийн төслийг баталсны маргааш УИХ-ын гишүүн Д.Энхбат ярилцлага өгөхдөө “Энэ хуулийг Цэц дээр очоод унаасай гэж бодож байгаа гишүүд олон бий” хэмээн ярьсан байна лээ. Үгүй тэгээд бодох нэг нь боддог л юм байгаа биз, бодосных нь өмнөөс дуугарах ямар хэрэг байна. Бодсон байлаа ч тэд чинь хийтлээ бас уддаг юм байгаа биз дээ. Тэгээд ч ер нь зарим нөхөд өөрийнхөө бодлыг бусдын бодол мэтээр нэр хаяггүй ярьдаг, түүгээрээ дамжуулж нийгэмд “мессэж” хаяадаг тал бий шүү дээ. Мань эр ч гэсэн шинэ хуулийг наанаа дэмжиж байгаа мэт “Уг нь бол 2008 оны сонгуулийн хуулиас хамаагүй илүү л дээ, ядаж л пропорционалийн элементийг бага ч гэсэн оруу­­­­лаад ирсэн, намуудын хариуц­лагыг сайжруулсан” гэж ирээд л баахан магтсанаа төгсгөлд нь “Гэхдээ наад хууль чинь хэрэг­жих магадлал тун муу даа, явж явж хоёр том нам чинь л хэрэгжүүлэхгүй шүү. 2008 оны сонгуулиар яалаа, мөн­гө амлахгүй гэж байгаад л 2,5 саяыг амлачихсан. Ирэх сонгуулиар ч гэсэн дахиад хуулиа зөрчинө дөө, зөрчинө” гэж ирээд “адагт нь аминчлан захисан” байна лээ. Ер нь тэгээд 2008 оны сонгуультай барьцаж сонгуулиа явуулах гээд, түүнээс илүү муу сонгууль хийх тухай л яриад байгаа юм бол хууль энэ  тэрээ шинэчлээд ч яадаг юм.

2008 оны сонгуулиар Ардчилсан нам сая төгрөгийн хувьцаа амлаж, араас нь МАХН 1,5 сая төгрөг болгон даваадуулсны дараа ямар нөхцөл байдал үүссэнийг хүн бүр л санаж байгаа. Ядаж байхад сонгуулийн дараа “долдугаар сарын 1”-ний хэрэг мандаж, хамтарсан Засгийн газар байгуулах шалтаг болсон нь сүүлийн гурван жил Монголын эдийн засгийг яаж “хөлдөө чирж” байна. Уул уурхайгаас орж ирсэн бүх орлого хоёр намын амлалтыг биелүүлэхийн төлөө салхинд хийсч, хөгжлийг урагшлуулах ганц том хөтөлбөр ч хэрэгжээгүйгээс гадна угаасаа батгаамж муутай, нийлүүлэлт багатай зах зээл дээр үнийн хөөрөгдөл, ядуурлыг л нэмэгдүүлснээс хэт­рээ­гүй билээ. Үүнд эрх барьж бай­гаа хоёр намыг зөвхөн бу­руут­гаад өнгөрөх нь ч хангалттай бус.

Сонгуулийн дараа хоёр намын амлалтыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүйгээр барахгүй, хохиролтой тусна гэдгийг хэн хэн нь хүлээн зөвшөөрч, “үүнээс хойш л мөнгөн амлалтыг хязгаарлая” хэмээн тархиа барьцгааж байсан ч эцэст нь юу боллоо. Иргэний хөдөлгөөн нэртэй баахан “шантаажчин”-гууд нийслэлийн төв талбайг хэдэн сараар эзэгнэж, гэрээ барьж, малаа зогсоогоод УИХ, Засгийн газрыг дарамталж эхэлсэн. Бүр “Амлалт нэхэх ард түмний холбоо” хүртэл байгуулагдаж, ард түмний өмнөөс амлалт нэхсэн ч үр ашиг нь харин улс төрийн тавцангаас түр хугацаагаар завсарлага аваад байсан хоёр эрхэмд ирсэн билээ. Хоёр Энх тус бүрдээ нэг нам байгуулж, ирэх сонгуульд нэр дэвших замаа тавиад өнгөрүүлсэн амьдралаа үүрд мартацгаасан даа.

Тэгээд ердөө жилийн өмнө “1,5 саяыг бэлнээр нь өгөх, сая төгрөгийн хувьцаа тараах, төрийн албаны цалинг гурав дахин нэмэх амлалт чинь яасан бэ” хэмээн эрх баригчдаас шаардаж бусад намууд харин одооноос “Хоёр нам л сонгуулийнхаа сурталчилгааг хийхийх тулд бэлэн мөнгө тарааж эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ, төрийн албаны цалинг 53 хувиар нэмлээ” хэмээн хошуу өргөж эхэллээ. Нэг болохоор амлалтаа биелүүл гэдэг, нөгөө болохоор амлалтаа биелүүлчихлээ, бидэнд хохиролтой боллоо” гэдэг. Уг нь тэгээд тэднийхээр бол яах байсан юм. Үг нэг байг гэж ам нэг заяажээ гэдэг байх аа. Одоо тэгээд яах ёстой юм, Д.Энхбатын төлөө дэлхий эргэж, сонгууль явах ёстой юу. Хэрэв тэгж болдог бол ядаж л муу ч сайн ч АН, МАН нь дугаарын эхэнд зогсоно биз дээ, ард нь алба ажил нэхсэн 10 түмэн гишүүн байна. Ямар ч байсан даргаасаа өөр гишүүнгүй намын төлөө дэлхийг эргэж, сонгууль явуулж болохгүй. Энэ бүхэн Д.Энхбат хэр шударга, С.Батболд хэтэрхий чинээлэг гэдгээс шалтгаалахгүй нь харамсалтай. Тэгэхээр хэрвээ нөхдүүд сонгуулийг шударга яваасай гэж үнэхээр хүсч байгаа бол баталсан хуулиа шүүмжлэх, унагахын төлөө бус, харин хэрхэн хэрэгжүүлэх тухай бодож бясалгах, тэр чигт тархиа гашилгах цаг болсон байна. Сонгууль шударга явах эсэх нь зөвхөн З.Энхболд, Н.Энхболд, эсвэл Э.Бат-Үүл, Су.Батболдод хамаатай зүйл биш шүү дээ.

Сонгуулийн хуультай холбогдож одоо өрнөөд байгаа бас нэг маргаан нь ирэх сонгуулиар орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах уу, үгүй юу гэдэг маргаан. Гэхдээ асуудлын гол нь хуулийн заалтад байгаа юм биш. Учир нь өмнөх УИХ-ын үед баталсан Орон нутгийн сонгуулийн хуулиар “Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулна” гээд заачихсан. Яг одоогийнх шиг Ардчилсан нам, МАХН хоёр УИХ-д олонхи байхдаа зөвшилцөөд “энэ нь илүү үр ашигтай, зардал багатай юм аа” гээд баталсан хууль. Одоо харин УИХ-ын сонгуулийн хуулий шинэчлээд баталчихсан болохоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийн хүрээнд бол хоёр сонгууль зэрэг явах ёстой гэсэн үг. /УИХ-ын дэд дарга Н.Энхболд. “Ардын эрх” сонин 2011. 12.26/ Хуулийг хэрэгжүүлэхийн тулд УИХ ямар тогтоол шийдвэр гаргах ёстой вэ гэдэг хоёрдугаар асуудал. Тийм учраас сонгуулийг зэрэг явуулж болно болохгүй гэдэг нь хуулийн үйлчлэлд бус, хуулийг хэрэгжүүлэхийг хүсч байгаа эсэхэд л байгаа юм. Тодруулбал, зэрэг явуулах нь хэнд ашигтай, хэнд ашиггүйн тухай л маргаан. Олон нийтийн хувьд мэдээж зардал багатай, хугацаа хэмнэсэн сонгуулийг л хүсч байгаа.

Тэгээд ирэх жил сонгууль явуулах юм уу, үгүй юу? Явуулбал яг яаж гэдэгтээ бүрэн төгс хариулт өгөх цаг ирсэн байна шүү, эрхэм улстөрчид өө…

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих