Сонгуулийн хууль ба гүн ухаантнууд

-Шинжээч бичиж байна-

Сонгууль бол тухайн орны улс төрийн тогтолцооны нэрийн хуудас юм. Монгол Улс нэрийн хуудсаа өөрчлөн, ирэх оны сонгуулиа шинэ хуулийн дагуу явуулахаар боллоо.

Олон жил хэлэлцэн, маргалдаж баталсан УИХ-ын гишүүд шинэ хуулиндаа бараг бүгдээрээ гүн ухааны үүднээс хандах болжээ. Бараг гишүүн бүр “Төгс хууль гаж байдаггүй”, эсвэл “Аливаа зүйл заавал эерэг сөрөг талтай” гэх зэргээр ярьж, гүнзгий санаа алдаад байх нь анхаарал татаж байна. Энэхүү сонгуулийн хууль Монголын улс төр нийгмийн амьдралд иргэдийн хүсэн хүлээж байсан дорвитой өөрчлөлтийг үнэхээр хийж чадах эсэхийг тунгаан нэг харах хэрэгтэй байгаа юм.

Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулахдаа бусад орны туршлагыг судлаад газар нутаг том, хүн ам цөөхөн, холбооны бус улсдаа тохируулахын тулд мажоритар болон пропорциональ төлөөллийг хослуулсан нь дэвшилттэй болжээ. Гэвч мажоритараар (48 суудал) ялаагүй улс төрийн намуудын нөлөө бүхий удирдагчид пропорциональ (28 суудал) руу нь гулсан орж сонгогдох давхар боломж өгч, тоглоомын дүрмийг ялсан, ялагдсанаас үл хамааран нэг тал үргэлж хожиж байхаар зохиосон нь ухралт болжээ.

Эерэг ба сөрөг талууд

Шинэ хуулийн эерэг талууд нь гэвэл иргэдийн төлөөллийг өмнөхөөсөө илүү бодитой тусгахыг оролдож, хуучны мажоритар дээр пропорциональ системийг нэмсэн, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нэр дэвшигчдийн тавны нэг байхаар тогтоосон, сонгуулийг улс төрийн намуудын төлөөлөл биш төрийн албаныхан ажлын өдөр зохион байгуулж, тооллогыг хүн биш машинаар хийх зэрэг шинэ алхмууд мөн.

Хэрэв төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших гэж байгаа бол ажлаасаа зургаан сарын өмнө гарах, нэр дэвшигчид сонгогчдодоо бэлэг, бэлэн мөнгө тараахгүй, дайллага, цайллага хийхгүй, намынхаа мөрийн хөтөлбөрөөс хальж хадууран өөрийгөө онцлохгүй, сурталчилгаагаа хэвлэн нийтлэх хэмжээ, журам нь адилхан байх зэрэг өмнөх сонгуулиудын хамгийн гаж, шалгарсан арга залиудыг хориглосон нь нь нэн сайшаалтай. Гэхдээ Монголд хуулиар хориглох, хуулийг хэрэгжүүлэх хоёр нэлээд зөрөөтэйг мартаж болохгүй.

Шинэ хуулийн сөрөг тал нь гэвэл иргэд УИХ-ын 28 суудлыг хувь хүнээр нь биш, улс төрийн намаар нь сонгож байгаа заалт бөгөөд улс төрийн намууд институцын хувьд өсөж бэхжээгүй манайх шиг оронд энэ нь барьцгүй, нам дотроо ямар нэг талаар нөлөөтэй ч, иргэд бол сонгохгүй этгээдүүд төрийн эрхэнд гарах боломж өгч байгаа хэрэг. Улс төрийн хоёр том нам нийт иргэдийн улс төрийн үзэл бодлыг бүрэн төлөөлж чадахгүй, иргэдийн итгэл хүндэтгэлийг бүрэн хүлээн авах хэмжээнд хүрээгүй, дотооддоо ардчилалтай болоогүй байхад улс төрийн шинэ намууд гарах боломжийг хааж, сонгогчдын таваас дээш хувийн саналыг авч байж УИХ-д орохоор хуульчилсан нь иргэдийн улс төрийн сонголтыг хязгаарлаж байгаа хэрэг юм.

Шинэ хуулийн хамгийн том сөрөг тал нь пропорциональ системийг оруулахдаа зөвхөн намын төлөөллийг буюу хууль баталсан гишүүд өөрсдийгөө дахин сонгуулахад давуу анхаарсан тул, жишээ нь хүн амын нэг хэсэг нь Их Хуралд төлөөлөлтэй байж чаддаггүй хэсэг, ялангуяа нийслэлийн гэр хорооллын ядуу иргэдийн эрх ашиг хөсөрдөх байдал хэвээрээ үлдсэн явдал. Мажоритар 48 суудлын 34 нь орон нутагт, 14 нь нийслэлд байхаар тойргоо хувааж байгаа нь хүн амын хагас нь амьдарч буй Улаанбаатар хотынхонд дахиад л нийгмийн олон асуудлаа шийдүүлж чадахгүй үлдэнэ гэсэн үг.

Уг нь пропорциональ төлөөллийн гол зорилго нь мажоритараар бүрэн илэрхийлж чадаагүй нийгмийн сонирхолын төлөөллийг шийдвэр гаргахад оролцуулахад чиглэдэг. Швейцарьт пропорциональ сонголтын нэрийн жагсаалтад байгаа намуудын нэр, хөтөлбөр бүхий нэг хуудаснаас гадна хоосон, гэхдээ тусгай дугаартай нэг хуудсыг сонгогчдодоо шуудангаар явуулдаг. Тэр хуудсан дээр аль нэг намын нэр, нэр дэвшигч, хувь хүний нэрийг бичих боломж олгож, саналаа бичсэн тэр ганц хуудсыг шуудангаар аваад л сонгуулиа явуулчихдаг.

Дараачийн алхам

Гэхдээ гурван жил яригдсан Сонгуулийн хууль нэгэнт батлагдсан учир Монголчууд ардчиллаа улам бэхжүүлэх, нийтийн засаглалыг илүү ил тод, тайлагнадаг байлгах, намын нэрээр төрийн албан тушаалд гарч, нийтийн эзэмшлийн хөрөнгө завших, зувчуулахыг зогсоох, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө шударга ажиллах УИХ-ын гишүүнийг энэхүү шинэ хуулийн хүрээнд хэрхэн олж сонгох тухайгаа ярилцаж эхэллээ.

Монголын иргэдийн нэг хэсэг нь тэдний сонирхлын төлөөллийг хангаж чадахгүй байгаа, хоосон амлаж, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг нийтийн хөрөнгөөр бөөцийлдөг одоогийн засгийн эрх баригчдаас хэнийг ч дахин сонгохгүйгээр цоо шинэ хүн гаргахыг санал болгож байна. Шинээр гарах гишүүд энэ хэдээсээ илүү байх баталгаа бага ч, иргэний нийгмийн шаарддага шахалтаар нийтийн засаглал бага багаар ил тод болж, нийтийн хөрөнгө завших нүх сүв багасч байгаа учир авлигын түвшин буурна гэж тэд үзэж байна.

Иргэдийн нөгөө хэсэг нь улс төрийн намуудаас пропорциональ системээр УИХ-д оруулах нэрсийн жагсаалтдаа мажоритар системээр гарч чадаагүй гишүүдээ оролцуулахгүй байхыг улс төрийн намуудаас шаардах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ нь нэг даргад хоёр боломж олгохгүйгээс гадна, зөвхөн хувийн амьдралаа базаадаг, Богд уулын амуудаар хууль зөрчин суурьшсаныг нь эс тооцвол Монголынхоо төлөө бодитой юу ч хийхгүй байгаа этгээдүүдийг ахиж гаргахгүй байх улмаар тухайн намуудын удирдлага шинэ хүнээр сэлбэгдэх, цаашид энэ нь тухайн нам шинэчлэн өөрчлөгдөхөд хувь нэмэр болох тухай ярьж байна.

УИХ-ын гишүүд улсын төсвөөс шууд ба шууд бусаар тусгай хөрөнгө өөрсдөдөө зориулан гаргаж, сонгуулийн кампанит ажлаа жилийн турш зохион байгуулдгийг таслан зогсоохыг иргэд нийтээрээ хүсэж байна. 2012 оны улсын төсөвт л гэхэд гишүүн бүр 3.0 тэрбумыг шууд бусаар авахаар нууцлан оруулсныг эсэргүүцэж байна.

Иргэд бас улс төрийн намууд сонгуулийн орлого, зардлын тайлангаа үнэн зөв гаргахыг шаардаж байна. 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүн бүр 9.0 сая төгрөг гаргасан гэж худлаа тайлагнасныг зогсоомоор байна.

Иргэдийн чин хүсэл

Ер нь хэн ч УИХ-ын гишүүн болсон, тэд иргэдийнхээ хаад нь биш зарц, үйлчлэгч нь болж байгаагаа ойлгож, иргэдийнхээ хүсэл сонирхлыг бүрэн төлөөлж ажиллахыг л сонгогчид бид хүлээж байгаа юм. УИХ-ын гишүүд Монголын иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд хүний эрх, эрх чөлөө болон аюулгүй байдлыг хангах, өмчийг хамгаалах үндсэн гурван үүргээ биелүүлж, бусдыг нь иргэд өөрсдөө хийх эрх зүйн зүйн орчин бүрдүүлэн, хуулиа сахиулахыг л хүсээд байгаа юм.

Энэ бол Монголын хөгжлийн өнөөгийн шаарддага бөгөөд ганц нам, эсвэл ганц хүн төвтэй хөрш орнуудаас зарчмын ялгаатай улс төрийн тогтолцоо юм.

“Гэрлэх хэрэгтэй. Хэрэв сайн эхнэр таарвал чи ховор азтан, харин муу эхнэр таарвал гүн ухаантан болно” гэж Сократ хэлжээ. Сонгуулийн дараа, дараачийн хуулиуд Монгол улсыг цэцэглэн хөгжүүлэх, улмаар төвийг сахисан Швейцарь, Люксенбург шиг улс болох ховор азыг та бидэнд олгоно гэж Монголчууд найдаж байна.

Д.Жаргалсайхан

http://jargaldefacto.com/


URL:

Сэтгэгдэл бичих