Г.Занданшатарын Салхитын орд руу дайрсны хариуд Хятад улс бидэнд ямар “шанаа” өгөх вэ?!

9652d4e4746ee9ea13605ab9ab0fc9af2018 оын арванхоёрдугаар сарын 29. Амралтын өдөр. Өнөөдөр /2018.12.31./-ийн даваа гаригийг эс тооцвол 2018 оны ажлын өдрүүд үндсэндээ дуусчихсан үе.

Тэр өдрийн үд дундын үед цахим сүлжээнд нэгэн бичлэг, мэдээлэл тавигдаж, нийтээр нь шуугиуллаа. Удалгүй Засгийн газрын албан ёсны мэдээллийн сайт болох www.zasag.mn-д

“…Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа.

Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна.

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй тус орд алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийсэн орд юм. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ” гэсэн мэдээлэл тавигдав.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ч цахим хуудастаа “… Монгол Улсын хууль тогтоомуийг удаа дараа зөрчиж, хууль бус олон алдаа гаргасан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Зүүн болон Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлэл өгсөн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын иргэдийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цагаан мөнгөний орд”-ыг хууль хяналтын байгууллагуудын хамт өөрийн биеэр газар дээр нь очин ажиллаж тусгай зөвшөөрлүүдийг цуцлав” гэж мэдэгджээ.

Энэ ажиллагааны дуулиан одоо ч намдаагүй байна. Цахим сүлжээнд зохион байгуулалттай шинжтэй Г.Занданшатарын удирдсан “тусгай” ажиллагааг дэмжих байдал анзаарагдаж байна.

Гэхдээ Монгол Улсын гадаад бодлого, дотоод хууль эрх зүйнхээ талаас харвал бидний эрх ашигт үл нийцнэ. Манайхны цахим сүлжээнд баясч догдлоод, хөөрч онгироод байгаа нь лав бодит үнэлэлт дүгнэлт огтоос биш.

Г.Занданшатарын удирдсан энэ ажиллагаанд Тагнуулын байгууллагын ажилтнууд голоон оролцож байгааг МҮОНТВ-ийн сурвалжлах багийн бэлдсэн мэдээлэл, бичлэгээс харав.

ЗГХЭГ-ын даргыг дагаж очоод телевизийн камерын өмнө, ингэж “нээлттэй тусгай ажиллагаа” явуулсан Тагнуулын байгууллагынханд нэг их таатай байгаагүй л болов уу.

Та бод доо. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа далд байх ёстой. Тэд уг нь хүний нүдэн дээр ингэж ажиллагаа явуулдаг ч үгүй. Тэдний бүх хөдөлгөөн нууц байдаг. Үүх түүх нь 100 жилээр яригддаг.

Ийм чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Тагнуулынхныг гэгээн цагаан өдөр, камераар бичлэг хийж байгаад хэдэн муу хамгаалагч нэртэй пөөнийсөн хүмүүстэй “зодолдуудаг” нь яаж байгаа юм бэ?

Тагнуул, тусгай албаны туршалагатай хүмүүс үүнийг хараад “…Зэвсэг агссан тусгай албан ажилтан микрофон агссан сэтгүүлч хоёр хамтаар “тусгай ажиллагаа”-нд орохыг үздэг аж” хэмээн дуу алдаж байна.

Цөөн үгээр хэлсэн чухам үнэн нь энэ юм.

Уг нь Улсын хүч цэрэгтээ гэдэг. Цаагуураа бол Тагнуулын байгууллага Монголын далд сүр хүч болж ирсэн байдаг юм.

Манай тагнуулчид хэдхээн жилийн өмнө 2-3 их гүрнийг дамжуулаад бүхэл бүтэн хүн аваад ирсэн л юм даа.

Үүнээс өмнө, 2018 оны аравдугаар сарын 3-ны өдөр Тагнуулын байгууллагаас “Голомт” хотхонд явуулсан ажиллагаа бүтэн өдөржин “лайв”-дуулж, дүнд нь баахан даапаалуулсан. Тэр арай гэж мартагдах шахаж байхад энэ явдал болсон нь  шархан дээр давс асгах шиг л юм болгов.

Өөрөөр хэлбэл, үр дүнг нь нарийн тооцоолоогүй, хууль дүрэмд нийцэх эсэх нь бүрхэг, зүгээр л нэг “поп” ажиллагааны хөлд Монголын Тагнуулын байгууллагын нэр хүнд үрэгдсэн явдал боллоо.

Нөгөөтэйгүүр энэ ажиллагааг удирдагч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бол ард нь гарах үр дүнг мэдэхийн дээдээр мэдэж, мэдрэхийн цаагуур мэдрэх ёстой хүн.

Орост хоёр дээд сургууль төгссөн, Америкийн Стэнфорын их сургуульд судлаачаар ажиллаж байсан, УИХ-д гурван удаа сонгогдсон, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн байгаа юм.

Тэгсэн мань эр Салхитын уурхайнханд тусгай зөвшөөрөл цуцалсынг мэдэгдсэний дараа түүнд оролцсон хууль хүчнийхнийг жагсааж байгаад “…Том утгаар нь авч үзвэл манай Засгийн газрын, манай Ерөнхий сайд Хүрэлсүхийн зорилго чиглэл бол Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх ёстой, цөөхөн гэр бүл, гадна дотнын томоохон компанийн гар хөл болсон цөөхөн этгээдүүд хэт их баяждаг, ард түмэн нь ядуу, утаатай, орон сууцгүй, төрийн албан хаагчид нь цалин хөлсгүй, зэвсэгт хүчин нь зэвсэг техник хэрэгсэлгүй, ийм ядарсан дорой байдлаас улс сэргэхийн тулд алтан дээр суусан гуйлгачин биш баялагтаа эзэн болох эхлэл тавигдаж байгаа, жим болж байгаа хэрэг ээ” гээд авч өгч байна.

Г.Занданшатарын хэлснээр энэ бол эхлэл гэж байна. Тэгэхээр дараагийн удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь бас л тагнуул, цагдаа, тусгай албаныхныг зэвсэглээд “Цагаан суварга” руу, дараа нь Оюутолгой гээд очно гэсэн үг үү?!

Ер нь бол ЗГХЭГ-ын дарга нь зэвсэг агссан хууль хүчнийхнийгээ дагуулаад уулгалан дайрах хэрэг байсан уу. Үгүй юм.

Монгол Улс хуультай, журамтай. Салхитын ордыг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчсөн байхад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулиар олгогдсон эрх бүхий АМГТГ гэж бий. Тэндээс цуцлаад л болох эд байв.

Ямар ч байсан шинэ он гарсны дараа үүний үр дагавар ямар нэг байдлаар илэрч, бид түүнийг нь үзэж амсах нь нэгэнт тодорхой боллоо.

Учир юу гэвэл, Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан хууль хүчний байгууллагыг удирдан ингэж ажилласан нь Гадаадын хөрөнгө оруулагчдад, гадаадын хөрөнгө оруулалтад маш онцгүй анхааруулгыг өгсөн хэрэг болов.

Мөн тус уурхай, ордыг эзэмшиж буй БНХАУ-ын иргэдийг онцлон хэлж, ярьж, мэдэгдэл хийсэн нь тус улсын зүгээс үүнд ямар нэг байдлаар анхаарал хандуулах суурийг тавилаа.

Ингэхээр наанадаж Олон улсын Арбитрын шүүхэд, цаанадаж БНХАУ-ын зүгээс ямар нэг бодлого илээр болон далдуур мэдэгдсэн чангахан “шанаа”-г бидэнд өгөх нь дамжиггүй. Адаглаад л тэд Эрээнийхээ “хаалга”-аа хаагаад, өнөөх Тавантолгойн хэрүүлтэй уруултай нүүрсийг маань авахаа болиход бид юу болох билээ дээ.

Ер нь бол бид хаа хаанаа жаахан бодох цаг болсон байна.

Өнөөдрийн Хятад бол 1921 оны гамин цэргүүд биш гэдгийг, гадаад бодлого бол манай Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг байдгийг, Монгол Улсын эдийн засаг, улс  төрийн бодлого юун дээр яаж тогтож байгааг ухаарах цаг ирсэн байна.

Юутай ч энэ явдал болоод өнгөрлөө. Тиймээс Засгийн газрын энэ үйлдлийн дараа бид урдаас ирэх “шанаа”-г яаж даахаа л хүлээгээд сууцгааж байх уу даа.

Эх сурвалж: polit.mn


URL:

Нэр: zochiin Огноо: 2 January 2019

Mongolchuud bugdiig oorsdoo hiij buteetsgeeh u

Нэр: ERKA Огноо: 2 January 2019

хэхэ энэ одоо ямар зорилгоор иийм юм бичээд байгаам болдоо монголчуудыг айлгах гээд байна уу эсвэл хятадаа өмөөрөөд байна уу. Нэг л юм тодорхой ажиллагаа зөв бид зовох тусмаа хүчтэй болдог сонин ард түмэн шүү. эвтэй байхдаа хүчтэй буюу монголчуудыг үеийн үейин зовлон бэрхшээл нэгтгэж байсан нь үнэн. Зүгээр л хулгайчыг өмөөрөхөө боль

Нэр: zochin Огноо: 2 January 2019

Yunaas aidag ym.oorsdiinhoo gazar shoroon deer bgaa ulsuud.bitgii iim sanaataigaar uhaan muutai zarim neg ulsuudiig toorolduulsen ym bicheed bai l daa.Mongol uls.tor bna.Tor ard tumniihee baylgiig hamgaalj bna.Yunaas henees aih ym be.bid nar hyatadiin gazar nutag ruu dair ch orood gazar nutgiig ni bulaagaad avsan uu.bichih ym aa olj bicheerei.

Нэр: зочин Огноо: 3 January 2019

үнэхээрийн уул үзээгүй хормой шуух ус үзээгүй гутлаа тайлах гэдэгч болсондоо энэ хүрэлсүх попдоод бүр ухаанаа алдлаа шүү занданшатар тусгай ажиллагаа удирдах хүн мөн үү ? 60 -хан метр
явсан малталтаас 100 саяын хүдэр гаргадаг яасан гайхамшигтай орд вэ ? та нар болилдоо энэ ард олныг үймүүлж дууслаа үнэхээрийн тийм айхтар юм бол оюу толгой таван толгой цагаан суврага бүр цаашилбал гадаад дотоодын бүх уул уурхайн ордуудад тусгай ажиллагаагаа явуулаад үзээч чадвал бүгдээрээ хуваагаад тэгш баяжия ер нь уул уурхайгаа хаая орхиё архиа уугаад малаа өсгөөд махаа идээд амьдарцгаая даанч ийм юм байдаггүйг попчид эртхэн ухаар

Нэр: зочин Огноо: 3 January 2019

Хятадыг гар хөл утсан хүүхэдэй нар манай олон байгаа адгийн муу арьс шир ноолуурын ченжүүд бүгд хятадыг гарын үзүүрээр хөдөлдөг боолууд байх юм. Аль 1993 оноос эхтэй шүү дээ. Монгол улсын хөдөө аж ахуй тэр чигээрээ хятадад эздүүдийн гар хөл болсон

Нэр: зочин Огноо: 3 January 2019

Өнөөдөр Монгол улсад Махны болон арьс шир ноолуурийн үнийг хэн тогтоодог вэ мэдээж Хятадууд Ченж нэртэй монгол хулгайчид тэд бол эх орноосоо урвагчид

Нэр: hi Огноо: 4 January 2019

Nutag deeree xiisen zuileesee yataduuds aix bolj bnu

Нэр: hi Огноо: 5 January 2019

xiiwel bvv ai aiwal bvv xii gedeg yundaa olon yum yariad bga yum

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.