Оросын мисстэй гэрлэсэн Малайзын эзэн хаан огцорлоо

12

Малайзын эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буух хүсэлтээ гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус улсын эзэн хаан Султан Мухаммад V биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр гаргасан гэнэ. Тэрбээр Малайз улс 1957 оны эхээр Британийн колончлолоос салснаас хойш хаан ширээнээсээ татгалзсан анхны эзэн хаан болж байна.

Хаан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрүүл мэндийн улмаас хэсэг хугацаанд үүрэгт ажлаасаа чөлөө авч, хэвтэн эмчлүүлсэн ба өчигдөр ажилдаа орох сүүлчийн өдөр байжээ.

Тэрбээр өнгөрсөн 2016 оны тавдугаар сард хаан ширээнд заларч байв. Хааныг ямар өвчин туссан эсэх талаарх мэдээллийг албаныхан ихээхэн нууцалсан аж.

Хаан сар гаруйн өмнө 2015 оны “Москвагийн мисс”-ээр тодорч байсан Оксана Воеводина гэх 25 настай бүсгүйтэй нууцаар гэрлэсэн билээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москвагийн ойролцоох Барвиха хотхонд болж өнгөрсөн ба хуримын гэрэл зургууд нийгмийн сүлжээгээр тархаад буй юм. Гэхдээ хааны ордон дээрх хуримын талаар өнөөг хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Хаан өмнө нь 2004 онд хуримаа хийж байсан ч 2008 онд тодорхойгүй шалтгаанаар салж байжээ.

Малайз хаант засаглалтай улс боловч тус улсын бүрдүүлдэг есөн мужийн  язгууртнууд таван жилийн хугацаатай ээлжилж, хаан ширээнд залардаг уламжлалтай.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих